Урин дулааны улирал эхэлж байгаатай холбоотойгоор орон нутаг руу чиглэсэн аялагч иргэдийн урсгал нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын эд оргил ачааллын үе ирж байна. Иргэдийн дийлэнх нь гол, мөрөн, нуур бүхий Монгол орны байгалийн үзэсгэлэнт газруудыг зорин аялж, амардаг бөгөөд энэхүү аялал жуулчлалын урсгалыг даган гол, мөрөн нуурт завины үйлчилгээ буюу олон төрлийн усан замын тээврийн үйлчилгээг эрхлэх болсон байна. Жил бүр зөвхөн Хөвсгөл нуурт гэхэд л зуны улирал, тэр тусмаа баяр наадмын амралтын өдрүүдэд 60 мянга гаруй дотоодын болон гадаадын жуулчид очдог гэсэн тооцоо, судалгаа байдаг. Аялж, амарч буй иргэдийн дийлэнх хувь нь усан замын тээврийн хэрэгсэл болох “Сүхбаатар” хөлөг онгоц болон бусад бага оврын завийг сонгон үйлчлүүлдэг байна. ЗТХЯ-наас Монгол орны томоохон гол мөрөн, нууруудад Усан замын тээврийн тухай хуулийг сурталчлах сургалт, семинарыг зохион байгуулах, усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, тооллого нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулж байгаа юм байна. Энэ талаар ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэнтэй ярилцлаа.
-Усан замын тээврийн хэрэгслийг бүртгэж, гэрчилгээ, улсын дугаар олгох, техникийн хяналтын үзлэг хийх нь танай байгууллагын үйл ажиллагааны чиглэлд хамаардаг юм байна. Энэ жил усан замын тээврийн хяналт, бүртгэлийг сайжруулах чиглэлээр хийгдэж буй онцлох ажлуудын талаар танаас тодруулахгүй юу?
-Зам, тээврийн хөгжлийн яам 2023 оныг “Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох” жил болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү ажлын хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан “Зам, тээврийн салбарын үйлчилгээ, үйл ажиллагааг бүрэн цахимжуулах төлөвлөгөө”-ний дагуу Далайн захиргаанаас усан замын тээврийн салбарын үйлчилгээг цахимжуулах ажлыг үе шаттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн онд усан замын тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийлгэх, бүртгэлээс хасалт хийлгэхтэй холбоотой хүсэлт, өргөдлийг хүлээн авах үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэсэн.
Энэ жил нэмээд усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг цахимжуулах, бүртгэл, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа зэрэг үйлчилгээг E-Mongolia-д нэгтгэх ажил хийгдэж байна. Мөн усан замын тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоох GPS төхөөрөмжийг суурилуулан усан замын тээврийн хяналтын системтэй болох зайлшгүй шаардлагатай байгаа. Энэхүү ажилд Автотээврийн үндэсний төвтэй хамтран ажиллахаар гэрээг байгуулсан бөгөөд тус төвийн “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”-ийг ашиглахаар болоод байна. Тэгэхээр АТҮТ-ийн “Тээврийн хэрэгслийн хяналтын систем”-тэй нийцэж ажиллах боломжтой GPS төхөөрөмжийн жагсаалтыг гарган усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдийг мэдээллээр хангах ажлыг хийж байна.
Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгээс өмнө аж ахуйн нэгж, иргэд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг сонгон тээврийн хэрэгсэлдээ суурилуулсан байх шаардлагыг мөн тавьж байна. Уг ажлыг гол ач холбогдол нь усан замын тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч GPS төхөөрөмжөөс гадна радио холбооны техник, тоног төхөөрөмжийг суурилуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлснээр хөвөлтөд оролцож буй усан замын тээврийн хэрэгслүүдийн жолооч, ахмадтай байнгын харилцаа, холбоотой байж, цаг агаарын болон бусад мэдээллээр хангах, онцгой тохиолдолд шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлдэг байх механизмыг бий болгох зорилготой юм. Цаашид онцгой байдлын байгууллагатай харилцаа холбооны нэгдсэн системтэй байх нь чухал л даа.
-Хэчнээн аймаг, орон нутагт хэдэн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг юм. Усан замын тээврийн хэрэгслийн 2023 оны техникийн хяналтын үзлэг, тооллогыг хэзээнээс эхлүүлэхээр төлөвлөөд байна вэ?
-Усан замын тээврийн тээврийн хэрэгслийн бүртгэл мэдээллийн санд өнөөдрийн байдлаар нийслэлд болон Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Булган, Дорнод, Хэнтий, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон зэрэг гол, мөрөн, нуур бүхий 10 аймагт нийт 172 усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаа. Үзлэг, шалгалтын хуваарийг Далайн захиргааны даргын тушаалаар батлаад байгаа. Тэгэхээр хуваарийн дагуу Далайн захиргаанаас усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг, тооллогыг нэгдсэн арга хэмжээний хүрээнд 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Хатгал тосгон болон Архангай, Увс, Баян-Өлгий зэрэг баруун аймгуудаас эхлүүлэхээр төлөвлөөтэй бэлтгэл ажил хийгдэж байна.
-Техникийн хяналтын үзлэг, тооллогод ямар төрлийн тээврийн хэрэгслүүд хамруулдаг юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй тодруулбал?
-Усан замын зорчигч тээвэрлэлтийн үйлчилгээний зориулалтаар ашиглаж байгаа бүх төрлийн тээврийн хэрэгслүүд орно. Үүнд та бүхний сайн мэдэх “Сүхбаатар” усан онгоцноос эхлүүлээд моторт завинууд болон хийлдэг завинууд хүртэл хамрагдах ёстой. Мөн ахуйн болон тусгай зориулалтаар ашиглаж буй усан замын тээврийн хэрэгслүүд, импортоор оруулж ирсэн болон хөвөлтөд гараагүй усан замын тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь хамруулах ёстой.
-Усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгт хамрагдахаас өмнө иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад юуг анхааруулмаар байна. Техникийн хяналтын үзлэгээр усан замын тээврийн хэрэгслийн яг юуг шалгаж, тогтоодог бэ. Үзлэгт хамрагдахад ямар нэгэн баримт бичиг бүрдүүлэх шаардлагатай байдаг уу?
-Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч солигдсон, өөрчлөгдсөн буюу шилжилт хөдөлгөөнийг зайлшгүй манай байгууллагад хандан хийлгэсэн байх шаардлагатай. Мөн усан замын тээврийн хэрэгсэлдээ шаардлагатай засвар, үйлчилгээ хийж, тос тосолгоог солих, их биеийн өнгө үзэмжид анхаарах, улсын дугаарыг тодруулах, төрийн далбаа мандуулах, харилцаа холбооны болон аврах хэрэгсэл, хөдөлгүүр, ус шавхагч насос зэрэг тоног төхөөрөмжүүдийн хэвийн ажиллагааг шалгаж, бүрэн ажиллагаатай эсэхийг урьдчилан шалгаж, үзлэгтээ хамрагдана.
Үзлэгээр усан замын тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, хөдөлгүүрийн дугаар, төрөл, зориулалт зэргийг тээврийн хэрэгслийн гэрчилгээний мэдээлэлтэй тулгах бөгөөд усан замын тээврийн хэрэгсэлд зайлшгүй шаардагдах нэмэлт хэрэгслийн /аврах хантааз, галын хор, ослын дохио, уяа оосор, эмийн сан г.м./ бүрдэл, ашиглалтын шаардлага зэргийг шалгана. Журмаараа техникийн хяналтын үзлэгт ороход хэд хэдэн баримт бичгийг бүрдүүлэх шаардлагатай байдаг. Үүнд Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 284 дүгээр тогтоолоор баталсан үзлэгийн төлбөр хураамж төлсөн баримт, Усан замын тээврийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан даатгалд даатгуулсан баримт, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, усан замын тээврийн хэрэгсэлд их засвар хийсэн бол түүнийг нотолсон баримт бичиг гэх мэт багтана.
-Орон нутагт ажиллах хугацаандаа хууль сурталчлах, төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах чиглэлээр ямар ажил хийж байгаа вэ?
-Манай байгууллага орон нутагт зөвхөн техникийн хяналтын үзлэг, тооллогоор тогтохгүйгээр хяналтын улсын байцаагч нар нь хуулийн хэрэгжилтийн байдалд хяналт, шалгалт хийх, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж болон орон нутгийн холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан салбарын үйл ажиллагаа, хууль, тогтоомжийг сурталчлах зорилготой сургалт, семинарыг зохион байгуулдаг. Түүнчлэн бүртгэл, тооллогын чиглэлээр шинээр бүртгүүлэх болон бүртгэлд шилжилт хөдөлгөөн хийх ажлыг газар дээр нь шуурхайн үзүүлэн ажилладаг.
Өөрөөр хэлбэл төрийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор манай байгууллагаас техникийн хяналтын үзлэг, бүртгэлийн үйлчилгээг аль болох иргэдэд хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэхэд голчлон анхаарч, холбогдох мэргэжилтэн, хяналтын улсын байцаагчдыг хөвөлтийн улирлын хугацаанд тухайн аймаг, орон нутагт нь томилон ажиллуулж байна. Далайн захиргааны үйл ажиллагааны чиглэлийн дагуу усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Хөвсгөл нуур болон Архангай аймгийн Өгий нуурт завьт эргүүлийн хяналтыг гарган ажиллуулдаг.
Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2007 онд, Ханх суманд 2019 оноос, энэ жил нэмж Өгий нуурын эрэгт шинээр “Хяналтын пост” байгуулахаар төлөвлөж, хөрөнгө оруулалтын асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Тэгэхээр Архангай аймгийн Өгий нуурын эрэгт барих хяналтын постыг ашиглалтад оруулснаар Далайн захиргаа орон нутагт нийт гурван байршилд хяналтын посттой болж байгаа. Усан замын тээврийн хяналтын улсын байцаагч нарыг хөвөлтийн улирлын хугацаанд ээлжээр ажиллуулж, тээврийн хяналт, зохицуулалтын чиглэлээс гадна иргэд, аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай мэдээллээр хангах, бүртгэлийн үйлчилгээг тогтмол үзүүлдэг нь давуу талтай.
-Монгол Улсын Засгийн газраас 2023, 2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан салбарын яам болон танай байгууллагаас ямар ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа вэ?
-Аялал жуулчлалын дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд орон нутгийн хэрэгцээ шаардлагыг харгалзан Хөвсгөл болон Өгий нуурын эрэгт тохижилт бүхий хэд хэдэн усан замын зогсоол байгуулахаар төлөвлөж, энэ жил зураг, төслийг нь боловсруулж, 2024 оноос барилга бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байгаа.
Байршлын хувьд Хөвсгөл нуурын Жанхайн эрэг, Хатгал тосгонд хуучнаар “Сүхбаатар” усан онгоцны зогсоолын урд талд, Өгий нуурын урд эрэг Баруун хадан хясаа гэдэг газар зэрэг байршилд хэрэгцээ шаардлагыг харгалзан 15-25 хүртэлх бага оврын завь зогсоох хүчин чадалтай, зорчигч тээврийн зориулалттай завины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Нуурын эрэг дээрх зорчигч түр амарч саатах саравч сүүдрэвч, сандал ширээ, мэдээллийн самбар, ариун цэврийн байгууламж, хог хаягдлын сав, гэрэлтүүлэг, явган хүний зам, талбай зэргээр бүрэн хангагдах нэмэлт тохижилтын ажлыг хийхээр төлөвлөсөн.
-Танай байгууллагын зүгээс усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх иргэдэд зориулан аюулгүй ажиллагааны зааварчилгаа, усны ослоос урьдчилан сэргийлэх анхааруулга болгон ямар мэдээллийг хүргэхийг хүсэж байна?
-Аялж зугаалж буй иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх дадал, зуршил зохих түвшинд төлөвшөөгүй, иргэдийн анхаарал болгоомжгүй байдлаас үүдэлтэйгээр жил бүр 100 гаруй иргэн усанд живж, амь насаа алддаг гэсэн судалгаа гарсан байдаг. Энэхүү усны ослын тав хүрэхгүй хувь нь усан замын тээврийн хэрэгслээс үүдэлтэй ослын тохиолдол эзэлж буй хэдий ч ЗТХЯ-наас иргэдэд олон улсын стандартад нийцсэн аврах хантаазны ашиглалт, ач холбогдлыг сурталчлах, усан замын тээврийн үйлчилгээний чанар, тээвэрлэлтийн аюулгүй байдлын хяналтын тогтолцоог сайжруулахад мөн анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Усны ослыг цаг хугацаагаар нь авч үзвэл долоодугаар сард хамгийн их тохиолдсон бол насны ангиллаар авч үзвэл 35-аас доош насныхан 65 гаруй хувийг эзэлж байгаа нь маш харамсмаар мэдээлэл болж байна. Иймээс Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулахад төрийн бус, сайн дурын байгууллагын оролцоог хангах, усны ослоос хүний амь нас, эрүүл мэнд хохирохоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах ажлын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газар, “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” болон “Монголын Рафтингын холбоо” ТББ-уудтай хамтын ажиллагааны Санамж бичгүүдийг тус тус байгуулаад байна. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд жил бүр хамтран хэрэгжүүлэн арга хэмжээний төлөвлөгөөг гарган ажиллаж хэвшээд байгаа. Эдгээр байгууллагуудтай хамтран усны ослоос урьдчилан сэргийлэх, бууруулах зорилготой олон нийтэд чиглэсэн нөлөөллийн арга хэмжээг өнгөрсөн жилүүдэд хамтран хэрэгжүүлдэг.
Далайн захиргаанаас “Хийлдэг завь тоглоом биш”, Аврах хантаазаа өмс” уриатай аяныг санаачлан зурагт хуудас, тараах материал, “facebook frame” зэргийг бэлтгэн өөрийн байгууллагын албан ёсны цахим хуудсаар болон олон нийтийн сүлжээн дэх хуудсаараа дамжуулан сурталчлах ажлуудыг хийсэн. “Хийлдэг завь тоглоом биш”, Аврах хантаазаа өмс” аяны богино хэмжээний видео шторкийг бэлтгэн АТҮТ-д хүсэлт гарган энэ зуны турш орон нутгийн том оврын автобусны дэлгэцээр давтамжтайгаар нэвтрүүлэхээр төлөвлөөд байгаа. Эцэст нь иргэддээ анхааруулан хэлэхэд усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхдээ өөрт тохирсон, зориулалтын аврах хэрэгслийг өмсөн
үйлчлүүлж байх, өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор зориулалтын бус хөвөгч хэрэгслийг гол, мөрөн, нуурын усанд зөвшөөрөлгүй, мөн ямар нэгэн хяналтгүйгээр тавьж ашиглахаас аль болох зайлсхийхийг анхааруулж байна.