Танилцуулга


        Монгол Улсын далайн болон усан замын тээврийн салбарын бодлогыг тодорхойлох, хэрэгжилтийг зохион байгуулах чиг үүргийг Зам, тээврийн хөгжлийн яам болон түүний харьяа Монгол Улсын Далайн захиргаа хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, дүрэм, журам, стандарт, зөвлөмжид нийцүүлэн Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэл, далайн боомт ашиглалт, далайн тээвэр, дотоодын усан замын тээвэр, үндэсний боловсон хүчин бэлтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

        Далайн тээврийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэх, газар зүйн байршлаас үл хамааран далайд гарцтай болох, Монгол Улсаас гарал үүсэлтэй бараа, бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх замыг нээлттэй болгох зорилтын хүрээнд шат дараатай арга хэмжээ авч тодорхой үр дүнд хүрч байгаа билээ. 

        Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийн дагуу Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргийг хэрэгжүүлэн ажилладаг бөгөөд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2003 оноос хойш өссөн дүнгээр 30 гаруй улсын 4000 гаруй хөлөг онгоцыг бүртгэсэн бөгөөд өнөөгийн байдлаар 180 орчим хөлөг онгоц бүртгэлтэй байна.

        Монгол Улсын далбааны эзэн улсын эрх үүргээ хэрэгжүүлж буй байдалд Олон улсын далайн байгууллагаас 2016 оны 11 дүгээр сард аудитын шалгалт хийсэн бөгөөд аудитын шалгалтаас өгсөн зөвлөмжийн дагуу хууль тогтоомжоо улам боловсронгуй болгох, хөлөг онгоцны бүртгэлийг Улаанбаатар хотод төвлөрүүлэх, Монгол Улсын бүртгэлтэй хөлөг онгоцны хяналтыг хэрэгжүүлэх үр дүнтэй тогтолцоог бүрдүүлэх, бүртгэлийн чанарыг сайжруулах, улмаар агентын сүлжээг шинээр үүсгэх замаар бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байна.        

        Түүнчлэн, үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн салбарын тэргүүлэгч улсуудтай хамтарч, үйл ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын уул уурхайн экспортын тээвэрлэлтэд үйлчлэх зорилгоор 2015 онд Монгол Улс – Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулсан бөгөөд туршилтын далайн тээврийг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

        Монгол Улс нь бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын далайн боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар яриа хэлэлцээг тууштай өрнүүлж ирсэн бөгөөд олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүдийг байгуулан ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгол Улс Хятадын хойд болон зүүн хойд бүс нутгийн гадаад худалдаанд нээлттэй боомтууд болон ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар дамжин далайд гарах нөхцөл баталгаажсан. Тухайлбал, Монгол Улсын Далайн захиргаа БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргаатай 2016 онд хамтын ажиллагааны гэрээ байгуулж, Жинжоу далайн боомтыг Монгол Улсын идэвхитэй ашигладаг далайн гарцын нэг болгох зорилтын хүрээнд тус боомтод албан ёсны төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна.    

        Сүүлийн жилүүдэд Монгол Улсын дотоодын авто замын сүлжээ өргөжсөнөөр аялал жуулчлал хурдацтай өсөн нэмэгдэж, дотоод, гадаадын аялагчид томоохон гол, нууруудыг зорин амарч зугаалах, усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх нь нэмэгдэж байгаа бөгөөд үүнтэй зэрэгцэн дотоодын усан замын тээврийн үйлчилгээ, хяналт, хариуцлага, тээврийн аюулгүй байдлыг хангах тогтолцоог сайжруулах шаардлага тулгамдаж байна.

        Иймд, дотоодын усан замын тээврийн үйлчилгээг хүний амь нас, хүрээлэн буй орчинд ээлтэй байдлаар зохион байгуулах, тээврийн хэрэгсэл эзэмшигч, жолоодогчдын мэргэжлийн болон ёс зүйн ур чадварыг дээшлүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг хангахад чиглэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх зорилтын хүрээнд аврах, туслах хэрэгслүүдийн олон улсын стандартуудыг нэвтрүүлэх, дотоодын усан замын тээврийн хууль тогтоомжуудыг боловсронгуй болгох зэрэг ажлуудыг өрнүүлж байна.

        Мөн түүнчлэн, дотоодын усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон завь жолоодогчдыг бүртгэлжүүлэх, тэдэнд холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүйн ажиллагааны заавар, зөвлөмж өгөх, олон нийтийн усан замын тээврийн мэдлэг, чадавхыг хөгжүүлэх зорилгоор 2007 оноос хойш жил бүрийн хөвөлтийн улирлын үеэр сургалт, семинарыг тасралтгүй зохион байгуулан ажиллаж байна.

        Далай ашиглах тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Далайн захиргааг байгуулах, өөрчлөх, татан буулгах, удирдлагыг нь томилох асуудлыг тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэдэг.

        Өнөөдрийн байдлаар Далайн захиргаа нь Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12 дугаар тушаалаар батлагдсан зохион байгуулалтын бүтцээр нийт 25 хүний орон тоотой, тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх ажлын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, ажлаа түүнд тайлагнаж байна.

 

Үйл ажиллагааны чиглэл:

  1. Олон улсын гэрээ, конвенц болон дотоодын хууль, тогтоомжийн хэрэгжилт
  2. Хөлөг онгоцны бүртгэл, хяналт
  3. Далайн тээвэр, боомт ашиглалт
  4. Усан замын тээврийн бүртгэл, хяналт
  5. Далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх