Монгол Улс 1996 онд Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-д гишүүнээр элсэж, “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц зэрэг суурь баримт бичгүүдэд нэгдэж орсон бөгөөд өдгөө олон улсын далайн салбарын 30 гаруй конвенцуудад нэгдэн орж, тэдгээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. /Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтийг энд дарж үзнэ үү./
Монгол Улс Далай ашиглах тухай хуулийг 1999 онд, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг 2003 онд, Усан замын тээврийн тухай хуулийг 2003 онд баталснаар далайн болон усан замын салбарын харилцааг зохицуулах хууль, эрх зүйн орчны үндэс суурь нь тавигдсан.
НҮБ-ын “Далайн эрх зүйн тухай” конвенцын дагуу Монгол Улс хөлөг онгоцон дээр далбаагаа мандуулах эрхээр хангагдсан бөгөөд өөрийн далбаан дор аялж буй хөлөг онгоцны үйл ажиллагаанд далбааны эзэн улсын хяналтыг гүйцэтгэж, олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байна.
Тус конвенцын 94-р заалтын дагуу Далбааны эзэн улс нь захиргаа, техникийн болон нийгмийн асуудлаар дараах үндсэн үүрэг, хариуцлагыг хүлээдэг.
Захиргааны үүрэг, хариуцлагын хувьд хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” (STCW 95) конвенцод тусгагдсан шаардлага нөхцөл, “Аюулгүй ажиллагааны олон улсын менежментийн дүрэм” (ISM)-ийг хэрэгжүүлэх, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах олон улсын хууль, тогтоомжуудын холбогдох заалтыг үндэсний хууль, тогтоомждоо тусган, боловсронгуй болгох;
Техникийн үүрэг хариуцлагын хувьд “Даацын хэмжилтийн тухай” (Load line), “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” (SOLAS), “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” (MARPOL) олон улсын конвенцуудын шаардлагад нийцсэн үзлэг, шалгалтыг зохион байгуулж, гэрчилгээ олгох;
Нийгмийн үүрэг хариуцлагын хувьд Монгол Улсын далбаатай хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчдыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын “Далайн хөдөлмөрийн тухай” (МLC, 2006) конвенцын шаардлагад нийцсэн амьдрах болон хөдөлмөрлөх орчин нөхцөл, боломжоор хангах арга хэмжээ авах зэрэг үйл ажиллагаа багтана.
Хөлөг онгоцон дээр хүний аюулгүй байдлыг хангах, далайн байгаль орчныг бохирдлоос хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн арга хэмжээ нь дээрх үүргийг хэрхэн биелүүлж байгаагаар олон улсад дүгнэгддэг тул олон улсын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа улам сайжруулж ажиллах нь манай байгууллагын нэн тэргүүний зорилт билээ.
Далайн захиргаа нь далайн аюулгүй байдал болон хүрээлэн буй орчныг хамгаалахтай холбоотой үүрэг, хариуцлагаа хэрэгжүүлэхдээ ОУДБ-ын “Эрх зүйн актыг хэрэгжүүлэх журам” (Код III)-ыг дагаж мөрдөх үүрэгтэй.
Энэхүү журмын дагуу Монгол Улс ОУДБ-ын гэрээ, конвенцуудыг хэрэгжүүлэх стратегийг тодорхойлж батлах, салбарын хүчин төгөлдөр мөрдөгдөж буй үндэсний хууль, тогтоомжийг олон улсын гэрээ, конвенцод нийцүүлэн боловсронгуй болгох, хэрэгжилтийг тогтмол хугацаанд хянаж, үнэлэх үүрэгтэй байдаг.
/ОУДБ-ын Эрх зүйн актыг хэрэгжүүлэх дүрэм (III Code)-ийн дагуу далбааны эзэн улсын хүлээх үүрэг, хариуцлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу./
Монгол Улс ОУДБ-ын гишүүн орны хувьд далбааны эзэн улсын эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй байдалд ОУДБ-аас 2016 оны 11 дүгээр сард аудитын шалгалт хийсэн. ОУДБ-аас гишүүн орнуудад хийх аудитын шалгалт нь тухайн гишүүн орон нэгдэн орсон гэрээ, конвенцуудад тусгагдсан өөрийн үүрэг, хариуцлагыг хэрхэн биелүүлж буйг тодорхойлох зорилготой.
Аудитын шалгалтаас өгсөн зөвлөмжөөр Монгол Улс далайн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцод заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль тогтоомждоо тусгах, мэргэжилтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, бүртгэлтэй хөлөг онгоцны хяналтын тогтолцоог сайжруулах шаардлагатай байгааг онцолсон.
Тус зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцыг хэрэгжүүлэх төлөвлөгөөг 2018 онд Засгийн газрын 201 дүгээр тогтоолоор батлуулсан. Уг тогтоолын дагуу Далай ашиглах тухай хуулийг олон улсын гэрээ, конвенцын шаардлага, хэм хэмжээнд нийцүүлэн шинэчлэн боловсруулж, тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2019 онд УИХ-д өргөн мэдүүлж, улмаар 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар батлагдсан. Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан дагалдан гарах дүрэм, журмуудыг мөн батлуулаад байна. Батлагдсан дүрэм, журмуудтай дараах холбоосоор орж, дэлгэрэнгүй танилцах боломжтой. https://www.monmarad.gov.mn/law?type=11
Дотоодын усан замын тээврийн салбарын хувьд Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд батлуулсан бөгөөд усан замын тээврийн хэрэгслийн тооллого, бүртгэл, техник ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна.