Боловсон хүчин бэлтгэх

        Монгол Улсын Далайн захиргаа нь үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн тээвэр, логистикийн салбарт техник, технологи, мэдээлэл, туршлага хуваалцах, далайн салбарын мэргэжилтэн бэлтгэхэд далайн салбарын тэргүүлэгч улсуудтай хамтын ажиллагааг өрнүүлэн ажиллаж байна.   

        Далайн салбарын үндэсний боловсон хүчнийг бэлтгэх зорилтын хүрээнд Дэлхийн далайн их сургууль, Олон улсын далайн хуулийн институт болон ОХУ-ын Адмирал Г.И.Невельскoйн нэрэмжит Тэнгисийн их сургууль, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНХАУ-ын Даляны Далайн их сургууль, БНСУ-ын Мокпо далайн тээврийн их сургууль, Пукёоны их сургууль, Далайн шинжлэн ухаан, технологийн институтэд боловсон хүчнийг цөөн тоогоор үе шаттай бэлтгэсээр ирсэн. Төгсөгчид нь өдгөө Далайн захиргаа болон далайн тээврийн салбарт мэргэжлийн дагуу ажиллаж байна. Мөн өнөөдрийн байдлаар ОХУ-ын Алс Дорнодын их сургуульд хөлөг онгоц угсралт, инженерийн чиглэлээр Далайн захиргааны 1 мэргэжилтэн, БНСУ-ын Далайн шинжлэн ухаан, технологийн институтэд далайн шинжлэн ухааны магистрын зэрэг хамгаалахаар Далайн захиргааны 2 мэргэжилтэн тэтгэлгээр тус тус суралцаж байна. 

        Гэсэн хэдий ч далайн салбар өндөр хөгжсөн улс орнуудтай харьцуулахад далайн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, далайн орчны хамгаалалт, далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, далбааны эзэн улсын хяналт, шалгалт явуулах зэрэг чиглэлээр ажиллах мэргэжилтэй боловсон хүчний нөөц дутмаг байдал нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал болсон хэвээр байна.

Хамтран ажилладаг сургуулиуд:
World Maritime University
International Maritime Law Institute
Морской Государственный Университет имени адмирала Г.И.Невельского
Korea Institute of Maritime and Fisheries Technology
Korea Institute of Ocean Science and Technology
Mokpo National Maritime University
Pukyong National University
Dalian Maritime University