МЭНДЧИЛГЭЭ


Director-General
Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн

       Манай байгууллагын цахим хуудсаар зочилж байгаа танд энэ өдрийн мэндийг дэвшүүлье.

       Эх болсон Хөвсгөл нуураа бид Далай хэмээн нэрийдэж ирснээс улбаалан Монголчууд бидний хувьд Далай хэмээх үг тийм ч хол сонсогддоггүй билээ. Хөвсгөл нууран дээр хамгийн анхны усан онгоц 1910 онд хөвж, 1952 оноос эхлэн Монгол мэргэжилтнүүд усан замын тээврийн үйл ажиллагаагаа бие даан явуулж эхэлсэн түүхтэй тул энэ цагаас эхлэн үндэсний усан замын тээврийн салбар үүссэн хэмээн үздэг.  

       Монгол Улсын үе үеийн Засгийн газар, ахмад дипломатчид дотоодын усан замын тээврийн салбарыг хөгжүүлээд зогссонгүй, гадаад их далайг ашиглах, түүн дээр үйл ажиллагаа явуулахад онцгой анхаарч ирсэн бөгөөд анх 1966 онд “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай конвенц”-д нэгдэн орсноос хойш өдгөө далайн салбарын нийт 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн орж, тэдгээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

       Түүнчлэн, 1999 онд Монгол Улсын Далай ашиглах тухай хуулийг УИХ-аар батлуулан хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос эхлүүлж, Монгол Улсын Зам, тээвэр, аялал жуулчлалын сайдын 2007 оны 174 дүгээр тушаалаар Далайн захиргаа байгуулагдсан.

       Өдгөө манай байгууллага нь хөлөг онгоцны бүртгэл, хяналт, далайн тээвэр, боомт ашиглалт болон хуурай боомт, усан замын тээврийн бүртгэл, хяналт гэсэн үндсэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

       Энэ хугацаанд хэрэгжүүлсэн томоохон ажлууд болон ололт, амжилтуудаас дурдвал, далайн тээвэр, боомт ашиглалтын чиглэлээр БНСУ-тай хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулж, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын далайн боомтоор дамжуулан гуравдагч зах зээлд хүргэх талаар цогц судалгаануудыг хийж гүйцэтгэн хэвлүүлж, БНХАУ-ын Жинжоу хотноо төлөөлөгчийн газраа байгуулсан.

       Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд одоогийн байдлаар 250 гаруй хөлөг онгоц бүртгэлтэй байгаа бөгөөд техникийн хяналтын үзлэг, шалгалтын үйл ажиллагаа явуулах эрх бүхий хүлээн зөвшөөрөгдсөн Ангиллын нийгэмлэгүүд болон далбааны эзэн улсын хяналтын байцаагч томилох замаар үзлэг, хяналтаа зохион байгуулан ажиллаж байна. Бид Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн чанаржуулах, далбааны эзэн улсын хяналтыг сайжруулах зорилгоор хөлөг онгоцыг алсын зайнаас хянах системийг нэвтрүүлэхийн сацуу олон улсын далайн тээврийн эрсдлээс сэргийлэх бүртгэл, хяналтын мэдээллийн нэгдсэн системийг үйл ажиллагаандаа нэвтрүүлээд байна.

       Усан замын тээврийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, техник ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг хэрэгжүүлэх, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгчдэд холбогдох хууль, эрх зүйн орчныг таниулан сурталчлах, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд учруулж болзошгүй аливаа хүчин зүйлс, осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг өргөнөөр зохион байгуулан ажиллаж байна. Цаашид аялал жуулчлал хөгжиж буй орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг харгалзан гол, мөрөн, нууруудад усан замын тээврийн хяналтыг өргөжүүлэх зорилгоор “Хяналтын пост”-уудыг нэмж байгуулах, усан зогсоолууд бий болгохоор зорин ажиллаж байна.

       Монгол Улсад олон улсын тээвэр логистикийн төв, хуурай боомтуудыг байгуулан хөгжүүлэх асуудлаар  бодлогын дэмжлэг үзүүлэх, олон улсын  хамтын ажиллагааг бий болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн сайдын 2023 оны А/33 дугаар тушаалаар Далайн захиргааны бүтцэд Хуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг байгуулаад байна. Бид Монгол Улсад дэлхийн түвшний үйлчилгээний салбарыг хөгжүүлэх үндсийг тавьж, олон улсын хуурай боомтуудын сайн туршлагуудыг нэвтрүүлэн гадаадын шууд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол Улсад олон улсын хуурай боомтуудыг үе шаттайгаар байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

       Зам,  тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг “Түгжрэлгүй төрийн үйлчилгээ – Бүрэн цахимжсан жил” болгон зарласантай холбогдуулан Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн гэрчилгээг цахим хэлбэрт шилжүүлэх, мөн усан замын тээврийн хэрэгслийг улсын бүртгэлд бүртгүүлэх, бүртгэлд шилжилт хөдөлгөөн болон хасалт хийлгэхтэй холбоотой бүртгэлийн материалыг цахимаар хүлээн авч байгаа бөгөөд цаашид усан замын тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн лавлагаа, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийн лавлагаа болон жолоодох эрхийн лавлагаа авах үйлчилгээг E-mongolia портал хуудсаар дамжуулан үзүүлдэг болгохоор системийн хөгжүүлэлтүүдийг хийж байна.

       Манай хамт олон нь цаашид олон улсын худалдааны эргэлтэд хувь нэмэр оруулсан үндэсний хөлөг онгоц, багийн гишүүдтэй болох, байгаль орчинд ээлтэй, зорчигчдод тав тухтай, аюулгүй дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, далайн тээвэр, боомт ашиглалтыг хөгжүүлэх, олон улсын тээвэр логистикийн төвийг байгуулах зэрэг зорилтыг тавин ажиллаж байна.

       Манай цахим хуудсаар зочилсон танд талархал илэрхийлж, амьдралд тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.