Далбааны эзэн улсын эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн.
Олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний дагуу далайн тээврийн салбар дахь аливаа улсын эрх, үүргийг эргийн улсын /Coastal state/, боомтын улсын /Port state/, далбааны улсын /Flag state/ эрх, үүрэг гэж ангилдаг. Далайд гарцгүй Монгол Улс хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаандаа далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлж байна. ОУДБ-ын Эрх зүйн актыг хэрэгжүүлэх дүрэм (III Code)-ийн дагуу далбааны эзэн улсын хүлээх үүрэг, хариуцлагын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу.
Далайд гарцгүй манай улсын хѳлѳг онгоцны бүртгэлд бүртгэсэн онгоцны нийт даац болон тоог далайд гарцтай зарим орнуудынхтай харьцуулахад илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбарт тодорхой хэмжээний ажлууд хийгдэж , үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг. Одоогийн байдлаар Монгол Улс нь нийт 5 улсад итгэмжлэгдсэн агент томилон ажиллуулж байна. Мөн “Lloyd's Register”, “Korean Register”, “Russian Maritime Register of Shipping” зэрэг хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай гэрээ байгуулан Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд техникийн хяналтын үзлэг, шалгалтыг явуулж байна.
Манай хамт олон хөлөг онгоц бүртгэлийн үйлчилгээний итгэмжлэгдсэн чанарын менежментийн системийг нэвтрүүлж чадсан бөгөөд ISO 9001:2000, ISO 9001:2015 стандартын дагуу үйл ажиллагаа явуулж өрсөлдөхүйц үнэ, татварыг санал болгодог.
Хөлөг онгоцны хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хөлөг онгоцыг алсын зайнаас хянах системийг бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцны техникийн аюулгүй байдалд хяналт тавих, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулж саатуулагдсан хөлөг онгоцны тоог бууруулах зорилгоор Олон улсын гэрээ, конвенц, холбогдох стандарт, шаардлагын дагуу Далбааны эзэн улс /Монгол Улс/-ын хянан шалгагчийг томилон ажиллуулж байна.
Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын Олон улсын гэрээ конвенци болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын холбогдох дүрэм, журмын тавигдах шаардлагын дагуу Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээвэр эрхлэж буй хөлөг онгоцнуудад өөрийн орны нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас үзлэг, шалгалт явуулж түүнд хяналт, шаардлага тавьж ажиллах нь Далбааны эзэн услын үүрэг, хариуцлага юм.
Далайн эрэг бүхий эргийн улсын далайн боомтод тухайн далайн боомтруу нэвтэрч, гарч буй хөлөг онгоц бүрт олон улсын гэрээ конвенцийн шаардлагын дагуу боомтын болон хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс тухайн улсын Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу үзлэг шалгалт явуулдаг бөгөөд гол үүрэг нь их далайд аялаж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын хууль, эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц мөрдөлдөх, эвдрэх, хүний амь нас эрсдэх, байгаль орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэрээ оруулдаг байна.
Далайн эрэг бүхий улсуудын “Боомтын эргийн хяналтын алба”-д хамтран хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд үзлэг, шалгалтад хамрагдсан хөлөг онгоц болон саатуулагдсан хөлөг онгоцны статистик мэдээг жил бүр гаргаж 3 жилийн дундаж дүнгээр далайн тээвэрт оролцогч улсуудын хар, саарал, цагаан жагсаалт гаргадаг байна.
График 1: 2003-2021 оны Монгол Улсын далбаатай хөлөг онгоцуудад хийсэн хяналт, шалгалтын тоо болон хөлөг онгоц саатуулагдсан тоо (Tokyo MOU)
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц ихэвчлэн Ази, Номхон далайн бүс нутаг мөн түүнчлэн Хойд Америкаас Европ хүртэл, баруун хойд Европын эргийн улсууд, Атлантын далайн сав газар (бассейн) зэрэг бүс нутгийн орчимд далайн тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг, иймд ихэнхи хөлөг онгоц Токиогийн санамж бичигт /Tokyo MoU/ болон Парисын санамж бичгийн /Paris MoU/ хүрээнд далайн тээвэрт оролцогч улсуудын боомтын эргийн хяналтын үзлэг, шалгалтад хамрагддаг. Токиогийн санамж бичгийн хүрээнд 2003-2021 онд буюу өнгөрсөн 18 жилийн статистик мэдээг авч үзвэл Монгол Улсын далбаатай хөлөг онгоц нийт 2,480 удаа боомтын хяналтын албанд үзлэг, шалгалтад хамрагдсанаас 474 хөлөг онгоц саатуулагдсан тохиолдол бүртгэгдсэн байна.
Парисын санамж бичигт (Paris MOU) нэгдэн орсон улсуудын боомтын эргийн хяналтын албанд 2015 оноос 2021 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд Монгол Улсын далбаатай хөлөг онгоц нийт 70 удаа үзлэг шалгалтад хамрагдснаас 11 удаа саатуулагдсан тохиолдол бүртгэгдсэн байна. 2021 оны байдлаар Парисын санамж бичигт (Paris MOU) нэгдэн орсон улсуудын боомтын эргийн хяналтын албаны хар жагсаалтаас гарч саарал жагсаалтруу орсон болно.
График 2: 2015-2021 оны Монгол Улсын далбаатай хөлөг онгоцуудад хийсэн хяналт, шалгалтын тоо болон хөлөг онгоц саатуулагдсан тоо (Paris MOU)
График 1 болон 2- оос харахад Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны хяналт шалгалтад хамрагдсан тоо болон саатуулагдсан тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан ба энэ нь хөлөг онгоцны бүртгэлд шинээр бүртгэгдэж буй хөлөг онгоцонд нарийн шүүлтүүр хийж бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулсантай холбоотой гэж үзэж байна.
Олон улсын далайн байгууллагаас гишүүн орнуудад олон улсын гэрээ, конвенцийн дагуу хүлээсэн эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй байдалд хуваарьт болон сайн дурын аудитын шалгалтыг явуулдаг бөгөөд Монгол Улс далбааны эзэн улсын эрх үүргээ хэрхэн хэрэгжүүлж буй байдалд Олон улсын далайн байгууллагаас 2016 оны 11 дүгээр сард аудитын шалгалт хийсэн.
Уг аудитын шалгалтын дүнгээр багагүй алдаа, дутагдал илэрсэн бөгөөд далайн тээврийн салбарын өндөр хөгжилтэй улс орнуудтай харьцуулахад далайн салбарын хөгжил дөнгөж эхний үе шатандаа яваа Монгол Улсын хувьд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын гэрээ, конвенцид заасан зайлшгүй биелүүлэх хэм хэмжээг үндэсний хууль, тогтоомжиндоо тусгах, мэргэжилтэй боловсон хүчнийг нэмэгдүүлэх, бүртгэлтэй хөлөг онгоцны үзлэг, хяналтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байгааг онцолсон.
Монгол Улс хөлөг онгоцны бүртгэл, хяналтын үйл ажиллагааг улам бүр боловсронгуй болгон сайжруулах түүнчлэн хөлөг онгоцны үзлэг шалгалтын тоо, чанарыг нэмэгдүүлэх үүднээс 2016 оноос эхлэн өөрийн орны нэрийн өмнөөс далбааны эзэн улсын хяналт, шалгалтыг олон улсын гэрээ конвенц, ОУДБ-ын холбогдох тогтоол, дүрэм, журам (III code) зэрэг зохих шаардлагын дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна.
Далбааны эзэн улсын хянан шалгагч мэргэжилтнүүдийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс далайн салбарын мэргэжилтэй 2 мэргэжилтнийг 2016 онд ОХУ-д мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамруулсан, 2019 онд БНХАУ-д 1 мэргэжилтэн далайн тээврийн хөлөг онгоцонд үзлэг шалгалт хэрэгжүүлэх сургалтад тус тус хамрагдсан, мөн түүнчлэн ОУДБ-аас зохион байгуулдаг хөлөг онгоцны аюулгүй ажиллагаатай холбоотой сургалт, семинарт тухай бүр хамрагдаж мэдлэг боловсролоо дээшлүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаашид холбогдох мэргэжилтнүүдийг давтан сургах, мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулах шаардлагатай байна.
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан, хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц дээр 2016 оноос 2021 оны хугацаанд нийт 19 удаа Далбааны эзэн улсын үзлэг шалгалт явуулсан байна. Өнөөдрийн байдлаар Далайн захиргаанаас томилогдсон далбааны эзэн улсын хянан шалгагч 3 мэргэжилтэн, гэрээт хянан шалгагч 2 ажилтан ажиллаж байна.
Монгол Улсын Далайн захиргаанаас 2016 оноос үзлэг шалгалт явуулсан хөлөг онгоцны мэдээллийг дараах байдлаар танилцуулж байна.