Монгол Улсад далайн тээврийн салбарыг хөгжүүлэх, газар зүйн байршлаас үл хамааран далайд гарцтай болох, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан 3-дагч зах зээлд тээвэрлэх боломжийг нээлттэй болгох ажлын хүрээнд шат дараатай арга хэмжээ авснаар тодорхой үр дүнд хүрч байна. Үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн салбарын тэргүүлэгч улсуудтай хамтарч тээврийн үйл ажиллагаа эхлүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, Монгол Улсын уул, уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч улсад экспортлох зорилгоор 2015 онд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтарсан далайн тээврийн компанийг үүсгэн байгуулсан.
Тус компани үүсгэн байгуулагдсан түүхийг сөхвөл, 2011 онд ЗТБХБЯ болон БНСУ-ын Газар, тээвэр, далайн хэргийн яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан. Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын “Саммок Шиппинг” ХХК-ийн хооронд далайн тээврийн хамтарсан компанийг байгуулах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийг 2012 онд байгуулсан. Монгол Улсын ЗТЯ болон БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яамны хооронд хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2015 онд байгуулсан.
Далайн тээврийн хамтарсан компани байгуулах асуудлыг Засгийн газрын 2015 оны 180 дугаар тогтоолоор дэмжсэнээр Монгол-Солонгосын хамтарсан “Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийг БНСУ-ын Сөүл хотноо байгуулаад байна.
“Монгол-Саммок Ложистикс” ХХК-ийн зорилго:
- Далайн тээврийн салбарыг Монгол Улсад хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх
- Далайд гарах гарцыг нэмэгдүүлэх
- Далайн олон улсын худалдаа, тээврийн үйл ажиллагаанд оролцох
- Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд экспортолж дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулах үйл ажиллагааг баталгаажуулах
- Монгол Улсын далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх;
- Далайн нөөц баялгийг ашиглах, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг далайгаар дамжуулан тээвэрлэх боломжийг нээлттэй болгох.
Монгол Улс нь бүс нутгийнхаа далайн эрэг бүхий улсуудын далайн боомтод саадгүй хүрэх, таатай нөхцөлөөр ашиглах талаар яриа, хэлэлцээг тууштай өрнүүлж ирсэн бөгөөд олон талт хэлэлцээрт нэгдэж, хоёр талт Засгийн газар хоорондын хэлэлцээрүүд байгуулан ажиллаж байна.
Тухайлбал, далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх эрхийг хүлээн зөвшөөрөх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын тунхаглал, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц, “Далайд гарцгүй орнуудын дамжин өнгөрөх худалдааны тухай” 1965 конвенц, Дэлхийн худалдааны байгууллагын “Худалдааг хөнгөвчлөх тухай” 2013 оны Балигийн хэлэлцээрт тус тус нэгдсэн.
“Монгол Улс, Хятад Улсын нутаг дэвсгэрээр далайд гарах болон буцах, дамжин өнгөрөх тээвэр хийх тухай” Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг анх 1991 онд байгуулж, 2014 онд шинэчилсэн. Уг хэлэлцээрийн дагуу Манай Улс Хойд болон Зүүн Хойд Хятадын бүс нутгийн гадаад худалдааны нээлттэй далайн боомтуудыг ашиглахаар тохиролцсон.
Монгол Улсын Далайн захиргаа болон БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргааны хооронд хамтын ажиллагааны хэлэлцээрийг 2016 онд байгуулж, Жинжоу далайн боомтыг Монгол Улсын идэвхитэй ашигладаг далайн гарцуудын нэг болгох зорилгоор тус боомтод албан ёсны төлөөлөгчийн газраа нээн ажиллуулж байна.
Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газрын хооронд “Монгол Улс, Оросын холбооны Улсын нутгаар дамжин тээвэр хийж, далайд гарах тухай” хэлэлцээрийг 1992 онд “Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай” хэлэлцээрийг 2018 онд тус тус байгуулсан. Хэлэлцээрийн дагуу ОХУ-ын Алс Дорнодын далайн боомтуудаар дамжин манай улсын бараа, бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд гаргах боломж бүрдсэн.
Монгол Улсын Далайн захиргаа болон Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн хооронд Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудад тулгардаг хүндрэлийг өөрийн орны жишээн дээр тодорхойлон харуулах, бусад далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын туршлагаас судлах, нийтлэг бэрхшээлтэй асуудлуудад дүн шинжилгээ хийх, шийдвэрлэх арга замыг томъёолох зэрэг чиглэлээр хамтран ажиллах тухай санамж бичгийг 2016 онд байгуулан ажиллаж байна.
Монгол Улсын Далайн захиргаа болон Бүгд Найрамдах Итали Улсын Генуя боомтын захиргааны хооронд Далайн тээвэр, ложистик, боомт ашиглалтын чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2017 онд шинэчлэн байгуулаад байна.
Монгол Улсын Далайн захиргаа болон Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны хооронд Далайд гарцгүй Монгол Улсыг гуравдагч орнуудтай холбох, улмаар Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэж зорилтот зах зээлд хүргэх, импортын бараа бүтээгдэхүүнийг шуурхай, эрсдэлгүй, найдвартай оруулахад тээвэр логистикийн компаниудын гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх төр болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын ажлын уялдаа, холбоог сайжруулах, салбарт тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах зорилгоор хамтран ажиллах тухай Санамж бичгийг 2018 онд байгуулан ажиллаж байна.
БНХАУ болон ОХУ-тай байгуулсан хэлэлцээр болон санамж бичгийн хүрээнд Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан алба нь 2017-2018 ондуудад дараах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
2017 онд:
2018 онд: