Усан замын тээвэр

         Монгол Улсын усан замын тээвэр 1950-аад оноос 1980 оны сүүл хүртэл эрчимтэй хөгжиж, 1 чирэгч, 3 чиргүүл онгоцоор ОХУ-аас импортолж буй өргөн хэрэглээний бараа, шатах тослох материал болон бусад ачааг Ханх, Хатгал боомтын хооронд тээвэрлэж баруун аймгуудыг хангаж байсан төдийгүй Сэлэнгэ мөрнөөр гол төлөв мод бэлтгэл, үр тарианы тээвэрлэлт хийгддэг байсан.

         Монгол Улсын “Усан замын тээврийн тухай” хууль нь анх 2003 онд батлагдсан бөгөөд “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд УИХ-аар батлуулсан.

         Энэхүү хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн ба хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд холбогдох дүрэм, журмыг шинээр болон шинэчлэн боловсруулах ажлыг хийж байна.

Усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм”, “Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм”-ийг шинээр, “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн боловсруулан Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулан хэрэгжүүлэн ажиллаж байна.

Шинэчилсэн хуулийн дагуу “Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох” журмын хэрэгжилтийг хангах, усан замын тээврийн хэрэгслийг техникийн үзлэг, тоо бүртгэлд хамруулах нэгдсэн арга хэмжээг жил бүр зохион байгуулахаар болсон.

         Тус байгууллагаас 2018 онд хийсэн усан замын тээврийн хэрэгслийн техникийн үзлэгт 129 тээврийн хэрэгсэл хамрагдсаны 75,97 хувь буюу 98 тээврийн хэрэгсэл нь Хөвсгөл аймагт, Архангай аймагт 12, Булган аймагт 4, Сэлэнгэ аймагт 3, Увс аймагт 3, Ховд аймагт 1, Баян-Өлгий аймагт 2, Дорнод аймагт 4 тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна.

Далайн захиргаанаас жил бүр усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарыг бүртгэлжүүлэх, тэдэнд холбогдох хууль, тогтоомжийг сурталчлан таниулах, аюулгүйн ажиллагааны заавар, зөвлөмж өгөх зорилго бүхий сургалт, семинарыг 2007 оноос төв болон орон нутгийн байгууллага, төрийн бус байгууллагуудын мэргэжилтнүүдийн оролцуулан Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд нь тогтмол зохион байгуулж ирсэн.

 Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд 2016 оны 07 дугаар сард “Монгол Улсын усан замын тээврийн аюулгүй ажиллагаа” сэдэвт үндэсний семинарыг ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны хэлтсийн Ази, Номхон далайн бүс нутгийн тасаг, Далайн эрэн хайх, авран туслах холбоо зэрэг олон улсын байгууллагын төлөөллийг оролцуулан амжилттай зохион байгуулсан. Энэхүү семинарыг жил бүр уламжлал болгон зохион байгуулснаар усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг чадавхжуулах, тээврийн хэрэгсэл эзэмшигчдыг мэдээ, мэдээллээр хангах ач холбогдолтой юм.

Европын холбооноос санаачлан гаргасан “Аврах хантаазны MNS ISO 12402-4:2014” олон улсын стандартыг 2014 онд үндэсний стандарт болгон батлуулснаар усан замын тээврийн салбар дахь хүний аюулгүй байдлыг хангах, аврах хантаазны ашиглалт, ач холбогдлыг олон нийтэд сурталчлах, стандартын мөрдөлтөд хяналт тавьж ажилладаг.

Далайн захиргаа нь усан замын тээврийн аюулгүй ажиллагаанд хяналт тавих зорилгоор эргийн хяналтын завьт эргүүлийг ажиллуулах, онцгой нөхцөлд эрэн хайх, авран туслах чиглэлээр хамтран ажиллах зорилгоор ОБЕГ-тай 2015 онд хамтын ажиллагааны Санамж бичгийг, Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, иргэд болон усан замын тээврийн хэрэгслийн жолооч нарт зориулан усанд осолдсон хүнд анхан шатны тусламж үзүүлэх чадвар эзэмшүүлэх, усанд хүний амь нас эрсдэхээс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг хамтран зохион байгуулах, төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор Хөвсгөл аймгийн “Улаан загалмайн хороо” ТББ-тай хамтын ажиллагааны Санамж бичгийг тус тус байгуулан ажиллаж байна.