Усан замын тээврийн тухай хууль

 

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

 

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр

 

Улаанбаатар хот

 

УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТУХАЙ

/Шинэчилсэн найруулга/

 


НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх үйл ажиллагаа болон усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах нөхцөл, шаардлагыг тодорхойлох, усан замын тээврийн хэрэгслийг ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Хуульд өөрөөр заагаагүй бол усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгслийг нийтийн зориулалтаар ашиглах харилцааг энэ хуулийн дагуу зохицуулна.

2 дугаар зүйл.Усан замын тээврийн тухай хууль тогтоомж

2.1.Усан замын тээврийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

2.3.Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын хуулийн этгээд, иргэн усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэхэд Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол тус улсын хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл.Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

3.1.1.“усан зам” гэж усан замын тээврийн хэрэгслийг аюулгүйгээр зорчиход тогтоосон хөвөлтийн болон бусад дохио, тэмдэг бүхий байгалийн болон хиймлээр барьж байгуулсан усан зурвасыг;

3.1.2.“усан замын тээвэр” гэж гол мөрөн, нуурын усанд усан замын тээврийн хэрэгслээр хийх зорчигч, ачаа тээвэрлэлтийг;

3.1.3.“усан замын тээврийн хэрэгсэл” гэж усан замаар зорчигч, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн усан онгоц, чирэгч онгоц, чиргүүл онгоц, шумбагч онгоц, ахуйн болон спортын зориулалттай завь, хийлдэг завь, усны мотоцикл, хөвөгч төхөөрөмж, инженерийн хөвөгч байгууламжийг;

3.1.4.“усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэл” гэж төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэх цэрэг, цагдаа, онцгой байдал, хил хамгаалах болон гаалийн байгууллагын усан замын тээврийн хэрэгслийг;

3.1.5.“усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч” гэж усан замын тээврийн хэрэгслийг хууль ёсоор эзэмшиж зорчигч, ачаа тээвэрлэхэд ашиглаж байгаа этгээдийг;

3.1.6.“зорчигч” гэж усан замын тээврийн хэрэгсэл дээр буюу тавцан дээр зорчиж байгаа хүнийг;

3.1.7.“ачаа” гэж усан замын тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаа эд зүйлсийг;

3.1.8.“тээвэрлэлт” гэж усан замын тээврийн хэрэгслээр зорчигч болон ачааг усан замын нэг зогсоолоос нөгөө зогсоолд шилжүүлэн зөөхтэй холбоотой ажил, үйлчилгээг;

3.1.9.“тээвэрлэгч” гэж усан замын тээвэрлэлтийн ажил, үйлчилгээ эрхэлж байгаа этгээдийг;

3.1.10.“тээвэрлүүлэгч” гэж усан замын тээвэрлэлтийн үйлчилгээ хэрэглэгчийг;

3.1.11.“зогсоол” гэж зорчигчдыг буулгах, суулгах, ачаа ачих, буулгахад зориулагдсан, гэрэлтүүлэг, аврах хэрэгсэл зэргээр бүрэн хангагдсан эрэг дээрх байгууламжийг;

3.1.12.“тээврийн баримт бичиг” гэж зорчигч, ачааг ачсан, хүлээн авсан тухай тэмдэглэгээ хийж, баталгаажуулсан баримтыг;

3.1.13.“усан замын төв буудал” гэж энэ хуулийн 3.1.11-д зааснаас гадна усан замын тээврийн хэрэгсэлд засвар үйлчилгээ хийх, шатахуун түгээх, зорчигчийн танхим, ачаа, тээш хадгалах агуулах, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх эмчилгээний, уснаас эрэн хайх, аврах бүлгийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл хадгалах хэсэг болон бусад шаардлагатай өрөө бүхий цахилгаан эрчим хүчээр хангагдсан усан замын тээврийн хэрэгслийн нэгдсэн зогсоолыг;

3.1.14.“усан замын тээврийн хэрэгслийн жолооч” гэж энэ хуулийн 8.1-д заасан усан замын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий этгээдийг;

3.1.15.“усан замын тээврийн хэрэгслийн мэргэшсэн жолооч” гэж усан замын тээврийн хэрэгслээр ажил үйлчилгээ эрхлэх зорилгоор эрх бүхий байгууллагаас баталсан журмын дагуу сургалтын хөтөлбөрт хамрагдаж мэргэжлийн үнэмлэх авсан усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг;

3.1.16.“улс хоорондын тээвэрлэлт” гэж Монгол Улсын хилийг нэвтрэн хийх усан замын тээвэрлэлтийг;

3.1.17.“аймаг хоорондын тээвэрлэлт” гэж хот, аймгийн нутаг дэвсгэрийг дамжин хийх тээвэрлэлтийг;

3.1.18.“усан замын обьект” гэж усан замын тээврийн хэрэгслийн зогсоол, төв буудал, чиглүүлэгч гэрэлт цамхаг болон бусад хөвөгч тоног төхөөрөмжийг.

 


ХОЁРДУГААР БҮЛЭГ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ТАЛААРХИ ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН БҮРЭН ЭРХ

4 дүгээр зүйл.Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх

4.1.Монгол Улсын Их Хурал усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

4.1.1.олон улсын усан замын тээвэртэй холбоотой гэрээг соёрхон батлах;

4.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах.

5 дугаар зүйл.Монгол Улсын Засгийн газрын бүрэн эрх

5.1.Засгийн газар усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

5.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах;

5.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хангах;

5.1.3.усан замын тээврийн тухай хууль тогтоомжийн биелэлтэд тавих хяналтыг хэрэгжүүлэх, усан замын тээврийн улсын хяналтын дүрмийг батлах;

5.1.4.импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоосон журам батлах;

5.1.5.усан замын тээврийн хэрэгслийн ангилал, зориулалтыг харгалзан техникийн хяналтын үзлэгийн төлбөрийн жишгийг ялгавартай тогтоох.

6 дугаар зүйл.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх

6.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;

6.1.2.усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг зохион байгуулах;

6.1.3.усан замын тээврийн хэрэгслийг зориулалтын дагуу үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох;

6.1.4.усан замын сүлжээн дэх улс болон аймаг хоорондын тээвэрлэлтийн чиглэлийг батлах;

6.1.5.тээвэрлэлтийн үйл ажиллагаа, усан замын тээврийн хэрэгсэл, усан замын төв буудал, зогсоол, аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн техник ашиглалтын талаар мөрдөх нийтлэг дүрэм, журам, норм, нормативыг батлах, биелэлтийг хангуулах;

6.1.6.усан замын тээврийн асуудлаар олон улсын үйл ажиллагаанд оролцох, улс хооронд тээвэрлэх зорчигч, ачааны хэмжээ болон тээвэрлэлтийн аюулгүй байдал, үйлчилгээний чанарын шаардлагын талаар холбогдох улстай тохиролцох;

6.1.7.усан замын зорчигч, ачаа тээвэрлэлтийн үнэ, тарифын аргачлалыг боловсруулах, хяналт тавих;

6.1.8.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлын дүрэм боловсруулах, батлах;

6.1.9.усан замын тээврийн боловсон хүчин, тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран батлах;

6.1.10.Боловсролын тухай хуулийн 42.1, 42.5, 42.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд энэ хуулийн 6.1.9-д заасан усан замын тээврийн мэргэжилтэй ажилтан бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах чиг үүргээ холбогдох төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх;

6.1.11.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох, хугацааг сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

6.1.12.усан замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой обьектод гэрчилгээ олгох журам, гэрчилгээний загварыг батлах;

6.1.13.усан замын обьект болон усан замын тээврийн хэрэгслийн техник ашиглалтын дүрмийг батлах;

6.1.14.гэрээний үндсэн дээр зарим чиг үүргийг төрийн болон төрийн бус мэргэжлийн байгууллагад шилжүүлэх.

7 дугаар зүйл.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын бүрэн эрх

7.1.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга усан замын тээврийн талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.усан замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлоготой уялдуулан тухайн нутаг дэвсгэрт усан замын тээвэр зохицуулалтын асуудлыг төрийн захиргааны төв байгууллагатай хамтран шийдвэрлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;

7.1.2.нутаг дэвсгэртээ усан замын тээврийн тухай хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэр, усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах;

7.1.3.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон улсын мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран нутаг дэвсгэртээ усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх, түүнд шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын болон орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх;

7.1.4.орон нутгийн усан замын сүлжээнд усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх, аялах чиглэл, хөвөлтийн улирлын эхлэх, дуусах хугацаа, бүсийг усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн тухайн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлах;

7.1.5.тухайн орон нутгийн өмчийн усан замын дохио, тэмдэг болон зогсоолын засвар, арчлалт, хамгаалалт, ашиглалтад хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлэх;

7.1.6.тухайн орон нутгийн өмчийн усан замын зогсоол, төв буудал, бусад хөвөгч байгууламжийн үйл ажиллагаа болон тэдгээрийг зохих төлбөртэйгээр хэрэглэгчид ашиглуулах асуудлыг зохицуулах;

7.1.7.усан замын тээврийн хөвөлтийн улиралд ажиллах авран хамгаалах байнгын бус ажиллагаатай нэгжийг орон нутаг дахь хэрэгцээ шаардлагыг харгалзан нутаг дэвсгэртээ байгуулах эсэхийг шийдвэрлэх, орон нутгийн онцгой байдлын газар болон усан замын тээврийн хэрэгслийн ахмад, өмчлөгч, эзэмшигч, жолооч нартай хамтран ажиллах, хяналт тавих, санхүүжилтийг жил бүрийн улс, орон нутгийн төсөв, бусад эх үүсвэрт тусгаж шийдвэрлүүлэх;

7.1.8.усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, холбогдох төрийн байгууллага болон онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагатай хамтран усан замын тээврийн тухай хууль тогтоомжийг олон нийтэд сурталчлан таниулах, хэрэгжилтийг зохион байгуулах.

 


ГУРАВДУГААР БҮЛЭГ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН БҮРТГЭЛ, УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ

8 дугаар зүйл.Тээврийн хэрэгслийн бүртгэл

8.1.Хөдөлгүүрийн хүчин чадал нь арваас дээш морины хүчтэй, эсхүл гурван метрээс илүү урттай усан замын тээврийн хэрэгсэл болон хүчин чадал нь араваас доош морины хүчтэй, эсхүл гурван метрээс илүүгүй урттай боловч ажил, үйлчилгээ эрхэлж байгаа усан замын тээврийн хэрэгслийг энэ хуулийн 16.3-т заасан журмын дагуу бүртгэнэ.

8.2.Энэ хуулийн 8.1-д зааснаас бусад ахуйн зориулалтын усан замын тээврийн хэрэгслийн бүртгэлийг орон нутгийн захиргааны байгууллага энэ хуулийн 16.3-т заасан журмын дагуу бүртгэнэ.

8.3.Энэ хуулийн 8.1-д заасан усан замын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч нь усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон захиргааны байгууллагад бүртгүүлж, тээврийн хэрэгслийн гэрчилгээ авна. Гэрчилгээнд тээврийн хэрэгслийн төрөл, нэр, дугаар, зориулалт, даац, үйлдвэрлэгдсэн он, хөдөлгүүрийн болон бүхээгийн дугаар, өмчлөгч, эзэмшигчийн нэр, хаяг, шилжилт хөдөлгөөн, хасалт зэрэг бусад шаардлагатай мэдээллийг тэмдэглэсэн байна.

8.4.Усан замын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг заавал бүртгүүлнэ.

8.5.Усан замын тээврийн хэрэгслийн дугаарыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, түүний эрх олгосон захиргааны байгууллага олгоно.

8.6.Усан замын тээврийн хэрэгслийн нэр, дугаарыг уг тээврийн хэрэгслийн үзэгдэх орчны хэсэгт дэвсгэр өнгөнөөс ялгагдах тод өнгөөр тэмдэглэнэ.

8.7.Улсын бүртгэлд бүртгэгдсэн усан замын тээврийн хэрэгсэл дээр Монгол Улсын Төрийн далбааг мандуулна.

9 дүгээр зүйл.Тусгай зөвшөөрөл

9.1.Усан замын тээврийн үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, иргэнд Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгоно.

9.2.Тусгай зөвшөөрөл авах аж ахуйн нэгж, иргэн дараахь нөхцөл, шаардлагыг хангасан байна:

9.2.1.ажил, үйлчилгээг гүйцэтгэх мэргэжлийн боловсон хүчин, усан замын тээврийн хэрэгслийн бичиг баримтын бүрдэл, усан замын тогтоосон чиглэл, аюулгүй ажиллагааны шаардлага;

9.2.2.тухайн ажил, үйлчилгээнд мөрдүүлэхээр эрх бүхий байгууллагаас баталсан стандарт, дүрэм, журмаар тогтоосон нөхцөл.

9.3.Энэ хуульд заасан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, иргэнтэй гэрээ байгуулж ажиллана.

9.4.Усан замын тээврийн ажил, үйлчилгээ эрхлэхээр хэд хэдэн сонирхогч этгээд өргөдөл гаргасан тохиолдолд уг ажил, үйлчилгээний эрэлт, хэрэгцээ, усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах шаардлагыг хангасан байдлыг харгалзан сонгон шалгаруулах замаар тусгай зөвшөөрөл олгож болно.

10 дугаар зүйл.Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага

10.1.Усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлагыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.

10.2.Энэ хуулийн 10.1-д заасан техникийн шаардлага нь усан замын тусгай зориулалтын тээврийн хэрэгсэлд нэгэн адил хамаарна.

10.3.Усан замын тээврийн хэрэгслийг жижиг /таван метр хүртэл урттай, дөрвөөс ихгүй хүний суудалтай/, бага /таваас хорин метр хүртэл урттай, арван хоёроос ихгүй хүний суудалтай/, дунд /хориос тавин метр хүртэл урттай/, том оврын /тавин метр, түүнээс илүү урттай/ гэж ангилна.

10.4.Энэ хуулийн 8.1-д заасан жижиг болон бага оврын усан замын тээврийн хэрэгслийг усан замын тээврийн хэрэгслийн жолооч, эсхүл мэргэшсэн жолооч, дунд болон том оврын усан замын тээврийн хэрэгслийг хөлөг онгоцны ахмад удирдана.

10.5.Энэ хуулийн 8.2-т заасан усан замын тээврийн хэрэгсэлд энэ хуулийн 10.4 дэх хэсэг хамаарахгүй.

10.6.Ахмад хөлөг онгоцны инженерийн мэргэжилтэй байна.

 


ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ
УСАН ЗАМЫН ТЭЭВЭРЛЭЛТ

11 дүгээр зүйл.Тээвэрлэлт гүйцэтгэх

11.1.Усан замын тээвэрлэлтийг Иргэний хууль болон энэ хуульд нийцсэн гэрээний дагуу гүйцэтгэнэ.

11.2.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч, ачаа тээвэрлэх дүрэм болон хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчинд аюул, хохирол учруулж болзошгүй ачаа тээвэрлэх журмыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

12 дугаар зүйл.Тээвэрлэгчийн эрх, үүрэг

12.1.Тээвэрлэгч дараахь эрх эдэлнэ:

12.1.1.зорчих тасалбарыг урьдчилан аваагүй зорчигч болон тээврийн хөлс төлөхгүй байгаа, мөн тээвэрлэлтийн нөхцөлийн дагуу бэлтгээгүй ачааг тээвэрлэхээс татгалзах;

12.1.2.усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч зорчигчид нийгмийн хэв журмыг сахих, тээврийн үйлчилгээний дотоод дүрэм, журмыг биелүүлэх шаардлага тавих;

12.1.3.усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, тээвэрлэж байгаа ачааны бүрэн бүтэн байдал, зорчигчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах талаар удирдамж, заавар гаргах, түүнчлэн усан замын тээврийн хэрэгсэл дээр мөрдөх зааврыг гаргаж, мөрдүүлэх;

12.1.4.өөрийн хөрөнгөөр холбогдох хууль тогтоомжийн дагуу барьж байгуулсан усан замын зогсоолыг шаардлагад нийцүүлэн тоноглож, төлбөртэйгээр эзэмшүүлж, ашиглуулах;

12.1.5.хууль тогтоомжид заасан бусад эрх.

12.2.Тээвэрлэгч дараахь үүрэг хүлээнэ:

12.2.1.өөрийн тээвэрлэлтийн үйлчилгээний талаархи үнэн зөв мэдээллээр тээвэрлүүлэгчийг хангах, зорчигчийн амь нас, эрүүл мэнд, ачаанд аюул, хохирол учруулахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх;

12.2.2.тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангасан усан замын зориулалтын тээврийн хэрэгслээр зорчигчийг тав тухтай, аюул, осолгүй тээвэрлэх, аюул ослын үед зорчигчийг авран хамгаалах хэрэгсэл, багаж, төхөөрөмжөөр хангах;

12.2.3.зорчигч, ачааг усан замын урьдчилан тогтоосон чиглэл, цагийн хуваарийг баримтлан тээвэрлэх;

12.2.4.усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч нь усан замын тээврийн хэрэгслийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, хөвөлтийн аюулгүй байдлыг хангах, байгаль орчныг бохирдуулахаас сэргийлэх, иргэний эрүүл мэнд, амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байх нөхцөлийг хангах;

12.2.5.усан замын тээвэрлэлтийн үед аюул, осол гарсан тохиолдолд тухайн орон нутаг дахь онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад шуурхай мэдэгдэх;

12.2.6.усан замын тээвэрлэлт эхлэх болон тээвэрлэлтийн үеийн ус цаг уур, орчны мэдээг орон нутгийн ус цаг уур, орчны хяналт шинжилгээний байгууллагаас тогтмол авч байх;

12.2.7.усан замын тээврийн хэрэгсэл дээр ажиллах мэргэжлийн боловсон хүчинтэй байх ба тэднийг сургаж бэлтгэх;

12.2.8.зорчигчид хүрэх боомт, зогсоол хүртэл тасалбар худалдаж, тасалбарт нийцсэн суудлыг олгох;

12.2.9.усан замын тээврийн хэрэгсэл дээр хүн төрсөн, нас барсан бол тухай бүр ахмад, өмчлөгч, эзэмшигч нь бичгээр баримт үйлдэх;

12.2.10.усан замын тээврийн хэрэгслийн сүйрлээс зайлсхийх боломжгүй тохиолдолд ахмад, багийн гишүүд, жолооч нь зорчигчдыг аврах бүх арга хэмжээг авсны дараа усан замын тээврийн хэрэгслийг орхихыг багийн гишүүдэд зөвшөөрөх. Ахмад, жолооч нь усан замын тээврийн хэрэгслийг хамгийн сүүлд орхиж гарах;

12.2.11.аюул, осол, сүйрлийн дуудлага хүлээн авсан буюу усны мандалд живэх аюулд учирсан хүнийг олж илрүүлсэн усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, жолооч нь өөрсдийн аюулгүй ажиллагааг хангаж, тэдгээрт тусламж үзүүлэх.

13 дугаар зүйл.Тээвэрлэгчийн үйл ажиллагаанд хориглох зүйл

13.1.Усан замын тээврийн хэрэгслийн ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолооч доор дурдсан үйлдэл хийхийг хориглоно:

13.1.1.согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгсэл жолоодох;

13.1.2.согтууруулах ундааны зүйл уусан эсэхээ усан замын тээврийн хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийх;

13.1.3.зорчигч, аялагч тээвэрлэж явах үед тэдний анхаарал, сонирхлыг татах зорилгоор усны мандалд огцом эргэлт хийх, бусад төрлийн үзүүлбэр үзүүлэх;

13.1.4.зорчигч, аялагчийг аврах хантаазгүй болон шаардлага хангахгүй аврах хантаазтай тээвэрлэх;

13.1.5.хөвөлтөд оролцохдоо бусад усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд аюул учруулахаар гүйцэж түрүүлэх, буруу талаар зөрж өнгөрөх, хөвөлтийн чиглэлийг сүлжих, урдуур хойгуур нь тойрох зэргээр бусад тээврийн хэрэгслийн хөвөлтөд саад учруулах;

13.1.6.усан замын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээдээр тээврийн хэрэгслийг жолоодуулах;

13.1.7. 16 хүртэлх насны хүүхдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр тээвэрлэх;

13.1.8.усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, үйлдвэрлэгчээс тогтоосон хөдөлгүүрийн хүчин чадлыг нэмэгдүүлж өөрчлөх;

13.1.9.бүрэн бус, эвдрэл гэмтэлтэй усан замын тээврийн хэрэгслээр хөвөлтөд гарах;

13.1.10.хуулиар хориглосон бусад.

14 дүгээр зүйл.Зорчигч, тээвэрлүүлэгчийн эрх, үүрэг

14.1.Зорчигч, тээвэрлүүлэгч дараахь эрх эдэлнэ:

14.1.1.тээвэрлэлтийн нөхцөл, техникийн шаардлага хангаагүй, зориулалтын бус тээврийн хэрэгслээр үйлчлүүлэхээс татгалзах;

14.1.2.усан замын тогтоосон чиглэл, гэрээгээр тохиролцсон хугацааг баримтлахыг тээвэрлэгчээс шаардах;

14.1.3.хууль тогтоомжид заасан бусад эрх.

14.2.Зорчигч, тээвэрлүүлэгч дараахь үүрэг хүлээнэ:

14.2.1.ачааны нэр төрөл, хэмжээ, тээвэрлэлтийн чиглэл, хугацаа, нөхцөлийг тодорхойлж, тээвэрлэлтийн гэрээ байгуулах;

14.2.2.ачааны савлалт, баглаа, боодол, бэхэлгээг стандартын дагуу хийж, нэр төрөл, илгээх чиглэлээр ялган тээвэрлэхэд бэлтгэх;

14.2.3.ачааны нийт жинг тодорхойлж тээврийн баримт бичигт заах, хил, гааль, хорио цээр, эрүүл ахуйн дүрэм, журмаар тогтоосон бусад баримт бичгийг шилжүүлэн өгөх;

14.2.4.ачих, буулгах машин механизм, нэмэгдэл төхөөрөмж, хүн хүчийг бэлэн байлгаж ачааг тогтоосон хугацаанд ачих, буулгах, өөрийн хаягтай буюу гэрээт ачааг хүлээн авах;

14.2.5.ачааг тээвэрлэх, хадгалах тухай мэдээллээр тээвэрлэгчийг хангах;

14.2.6.ачааг ачсан, хүлээн авсан тухай тээврийн баримт бичигт тэмдэглэн баталгаажуулж тээвэрлэгчид хүлээлгэн өгөх;

14.2.7.усан замын тээврийн хэрэгслээр зорчихдоо бусдын амь нас, эрүүл мэндэд аюул, гэм хор учруулж болзошгүй эд зүйлийг авч явахгүй байх;

14.2.8.усан замын тээврийн хэрэгслийг эвдэж, гэмтээхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй байх;

14.2.9.усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх зорчигч бүр тасалбар авах;

14.2.10.зорчигч нь усан замын тээврийн аюулгүй ажиллагааг хангах талаар мөрдөж байгаа хууль тогтоомж, дүрэм, журам, зааврыг болон эрх бүхий этгээдээс тавьсан хууль ёсны шаардлагыг хэлбэрэлтгүй дагаж мөрдөх, биелүүлэх;

14.2.11.зорчигчид нийгмийн хэв журам, усан замын тээврийн хэрэгсэл дээр үйлчилж байгаа дотоод дэглэм журмыг сахин биелүүлэх.

15 дугаар зүйл.Зорчигчид хориглох зүйл

15.1.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигчийн дараахь үйлдэл, эс үйлдэхүйг хориглоно:

15.1.1.согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн үедээ усан замын тээврийн хэрэгслээр үйлчлүүлэх, усан замын тээврийн хэрэгслийн хөвөлтийн аюулгүй байдалд заналхийлсэн үйлдэл гаргах, аюулгүй байдлыг хангах, аврах хантааз өмсөх тухай эрх бүхий этгээдийн тавьсан хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, үг хэлээр доромжлох болон бусад хууль бус үйлдэл гаргах;

15.1.2.согтууруулах ундаа, мансууруулах үйлчилгээтэй эм, бодис хэрэглэсэн эсэхээ усан замын тээврийн хэрэгслийн ахмад, өмчлөгч, эзэмшигч, жолооч, хяналтын улсын байцаагч, бусад эрх бүхий албан тушаалтанд шалгуулахаас зайлсхийх;

15.1.3.усан замын тээврийн завь хэрэгслээр зорчих үедээ түүний дээр босч зогсох, босохыг бусдад уриалах, усны мандалд огцом эргэлт хийх, үзүүлбэр үзүүлэх, бусад тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлэх, урдуур хойгуур нь тойрох болон бусад хууль бус үйлдэл хийхийг ахмад, багийн гишүүд, өмчлөгч, эзэмшигч, жолоочоос шаардах, заналхийлэх;

15.1.4.биедээ тохирсон аврах хантааз үл өмсөх, аврах хантаазны уяа оосор, товч бэхэлгээг хийхгүй байх, шаардлага хангахгүй аврах хантааз зориуд өмсөх;

15.1.5.усан замын тээврийн хэрэгслийн жолоо шилжүүлэхийг шаардах;

15.1.6.хуулиар хориглосон бусад.

 


ТАВДУГААР БҮЛЭГ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ТЕХНИКИЙН ХЯНАЛТ, ДААТГАЛ

16 дугаар зүйл.Техникийн хяналт, тооллого

16.1.Усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл түүний эрх олгосон байгууллагаас жил бүр усан замын тээврийн хэрэгслийн хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх хэмжээний түвшин, тээвэрлэлтийн болон техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан байдалд техникийн хяналтын үзлэг хийж, усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээнд тухай бүр тэмдэглэл хийнэ.

16.2.Энэ хуулийн 8.1-д заасан усан замын тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй бол хөвөлтөд гарахыг хориглоно.

16.3.Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журмыг усан замын тээврийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

17 дугаар зүйл.Даатгал

17.1.Усан замын тээврийн хэрэгслийн жолооч нь тээврийн хэрэгслийн өмчлөгч эсэхээс үл хамааран жолоочийн хариуцлагын даатгалд заавал даатгуулна.

17.2.Усан замын тээврийн хэрэгслээр зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь бусдын амь насны даатгалыг хийлгэсэн байна.

17.3.Усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг албан үүргээ гүйцэтгэж байгаа үед түүний амь нас, эрүүл мэндийг ажиллуулагч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заавал даатгуулна.

17.4.Усан замын тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч нь энэ хуулийн 17.1-17.3-т заасан даатгалд даатгуулаагүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслээр усан замын хөвөлтөд оролцох, тээврийн хэрэгслийг техникийн хяналтын үзлэгт оруулах, улсын бүртгэлд бүртгэхийг хориглоно.

 


ЗУРГАДУГААР БҮЛЭГ
УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТ

18 дугаар зүйл.Усан замын тээврийн хяналтыг хэрэгжүүлэх

18.1.Усан замын тээврийн болон усан замын тээврийн хэрэгслийн ашиглалтын аюулгүй байдалд тавих хяналтыг мэргэжлийн хяналтын төв болон орон нутгийн байгууллагын улсын ахлах байцаагч, улсын байцаагч, мөн усан замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын хяналтын албаны Төрийн хяналт, шалгалтын тухай хуулийн 10.4-т заасны дагуу эрх олгогдсон усан замын тээврийн улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлнэ.

18.2.Улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэхэд шаардагдах хөдөлмөр хамгааллын хувцас болон унаа, техник хэрэгслээр хангагдах, усан замын тээвэрт ашиглаж байгаа барилга байгууламж, зогсоол, усан замын тээврийн хэрэгсэлд чөлөөтэй нэвтрэх, зорчих эрхтэй.

 


ДОЛДУГААР БҮЛЭГ
БУСАД ЗҮЙЛ

19 дүгээр зүйл.Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага

19.1.Усан замын тээврийн тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч, усан замын тээврийн хяналтын улсын байцаагч гэм буруутай этгээдэд доор дурдсан шийтгэл ногдуулна:

19.1.1.энэ хуулийн 12.2-т заасныг зөрчсөн иргэнийг 5000-30 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 100 000-250 000 төгрөгөөр торгох;

19.1.2.энэ хуулийн 14.2.7, 14.2.8-д заасныг зөрчсөн иргэнийг 1000-5000 төгрөгөөр торгох;

19.1.3.энэ хуулийн дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, шийдвэрийг зөрчсөн иргэнийг 100 000 төгрөгөөр, албан тушаалтныг 200 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250 000 төгрөгөөр торгох;

19.1.4.усан замын тээврийн хэрэгслийг бүртгүүлж, гэрчилгээ авалгүйгээр тээвэрлэлт хийсэн бол уг тээврийн хэрэгслийг эзэмшигч иргэнийг 70 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 250 000 төгрөгөөр торгох;

19.1.5.энэ хуулийн 13.1.1, 13.1.2-т заасныг зөрчсөн усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 200 000 төгрөгөөр торгох;

19.1.6.энэ хуулийн 13.1.3-13.1.6-д заасныг зөрчсөн усан замын тээврийн хэрэгслийн жолоочийг 75 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагыг 150 000 төгрөгөөр торгоно. Энэ зөрчлийг давтан үйлдсэн бол усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасч, 200 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж, байгууллагын тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, 250 000 төгрөгөөр торгох;

19.1.7.энэ хуулийн 15.1.1-15.1.6-д заасныг зөрчсөн иргэнийг 25 000 төгрөгөөр торгох;

19.1.8.энэ хуулийн 17.1-17.3-д заасныг зөрчсөн иргэнийг 50 000 төгрөгөөр, аж ахуйн нэгж байгууллагыг 125 000 төгрөгөөр торгох.

20 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

20.1.Энэ хуулийг 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД