Хөлөг онгоцны бүртгэл

         Далбааны эзэн улсын эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос Бүгд Найрамдах Сингапур Улсад эхлүүлсэн.

         Олон улсын гэрээний эрх зүйн хэм хэмжээний дагуу далайн тээврийн салбар дахь аливаа улсын эрх, үүргийг эргийн улсын /Coastal state/, боомтын улсын /Port state/, далбааны улсын /Flag state/ эрх, үүрэг гэж ангилдаг. Далайд гарцгүй Монгол Улс хөлөг онгоц бүртгэх үйл ажиллагаандаа далбааны эзэн улсын эрх, үүргийг хэрэгжүүлж байна. 

         Далайд гарцгүй  манай улсын хѳлѳг онгоцны бүртгэлд бүртгэсэн онгоцны нийт даац болон тоог далайд гарцтай зарим орнуудынхтай харьцуулахад илүү байгаа нь ѳнгѳрсѳн хугацаанд тухайн салбарт тодорхой хэмжээний ажлууд хийгдэж , үр дүнгээ өгч байгаагийн илрэл юм.

         Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд энгийн /түр ба байнгын/, богино хугацааны, моргэйж, хөлөг онгоц дангаар түрээслэх гэсэн төрлүүдээр хөлөг онгоц бүртгэдэг.  Одоогийн байдлаар Монгол Улс нь нийт 5 улсад итгэмжлэгдсэн агент томилон ажиллуулж байна. Мөн Lloyd's Register, Korean Register, Russian Maritime Register of Shipping зэрэг хамтран ажилладаг хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагуудтай гэрээ байгуулан Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцонд техникийн хяналтын үзлэг, шалгалтыг явуулж байна.

         Манай хамт олон хөлөг онгоц бүртгэлийн үйлчилгээний итгэмжлэгдсэн чанарын менежментийн системийг нэвтрүүлж чадсан бөгөөд ISO 9001:2000, ISO 9001:2015 стандартын дагуу үйл ажиллагаа явуулж өрсөлдөхүйц үнэ, татварыг санал болгодог.

         Хөлөг онгоцны хяналтыг сайжруулах ажлын хүрээнд хөлөг онгоцыг алсын зайнаас хянах системийг бүртгэлийн үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Монгол Улсын далбааг мандуулах эрх бүхий хөлөг онгоцны техникийн аюулгүй байдалд хяналт тавих, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулж саатуулагдсан хөлөг онгоцны тоог бууруулах зорилгоор Олон улсын гэрээ, конвенц, холбогдох стандарт, шаардлагын дагуу Далбааны эзэн улс /Монгол Улс/-ын хянан шалгагчийг томилон ажиллуулж байна.

         Сингапур дахь “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компанийн вэб хуудсанд нэвтрэх бол энд дарна уу.