Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох

         Монгол Улс нь “Далайд гарцгүй улсуудын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” 1921 оны Барселоны тунхаглал, Нэгдсэн Үндэстний Байгууллагын “Их далайн тухай” 1958 оны конвенц, “Олон улсын далайн байгууллагын тухай” 1948 оны конвенц, “Далайн эрх зүйн тухай” 1982 оны конвенц зэрэг суурь баримт бичгүүдэд нэгдэн орж, 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэж, олон улсын далайн салбарын 20 гаруй гэрээ, конвенц, протоколд нэгдсэн.

         Эдгээр тунхаглал, конвенцид нэгдэн орсон явдал нь Монгол Улс далайн баялаг ашиглах, Олон Улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчны үндэс суурь болсон юм.

         Үндэсний эрх зүйн орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын “Далай ашиглах тухай” хуулийг 1999 онд, “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ыг 2003 онд, “Усан замын тээврийн тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг 2017 онд тус тус баталсан.

         Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын эрх зүйн актуудыг эмхэтгэж, “Төрийн мэдээлэл” сэтгүүлийн тусгай дугаараар 2 боть болгон хэвлүүлэх ажлыг Гадаад харилцааны сайд болон Зам, тээврийн сайдын хамтарсан тушаалаар томилсон ажлын хэсэг 2016 онд амжилттай гүйцэтгэсэн.

         Олон Улсын Далайн байгууллагаас Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн чиглэлээр явуулж байгаа үйл ажиллагаанд 2016 онд хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 201 дүгээр тогтоолоор батлуулсан бөгөөд энэхүү тогтоолыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд Далай ашиглах тухай хуулийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар байгуулан ажиллаж байна.