Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын олон улсын гэрээ, конвенц, тэдгээрийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу далбааны эзэн улсын хүлээх үүрэг, хариуцлага

Гэрээний нэр Эрх, Үүрэг, Хариуцлага Давуу тал, Ач холбогдол
1 1. Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглал
Declaration Recognizing the Right to a Flag of States having no Sea Coast, Barcelona,
/1976.10.15/
Энэхүү тунхаглалд нэгдэн орсон явдал нь Монгол Улс далайн баялаг ашиглах, олон улсын худалдааны далайн тээврийн үйл ажиллагааг эхлүүлэх эрх зүйн орчны үндэс суурь болсон. Энэхүү тунхаглалын дагуу Монгол Улс хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг явуулж байгаа бөгөөд Монгол Улсын далбааг мандуулан хөлөг онгоц их далайд аялж Монгол Улсыг дэлхийд таниулан сурталчилж байна.
2 2. “Далайд гарцгүй орны транзит худалдааны тухай” олон улсын конвенц
Convention on Transit Trade of Land-locked States
/1966.07.26/
Далайд гарцгүй хэдий ч Монгол улсын далбаатай хөлөг онгоц нь эргийн улсын нэгэн адил их далайд чөлөөтэй тээвэр хийх эрхтэй ба далайн эргийн бусад улсын далбаа бүхий хөлөг онгоцтой нэгэн адил эрх, нөхцлөөр хангагдаж, эргийн улсын харьяалах далай тэнгисээр дамжин өнгөрөх, боомтод саадгүй нэвтрэх, зогсох, боомтоос хөдлөх зэрэг эрх үүссэн Дамжин өнгөрүүлэгч улсын эрх бүхий байгууллагад өөрийн газар нутгаар нь транзит тээвэр хийхэд импорт, экспорт болон дамжин өнгөрөх тээвэртэй холбогдсон гаалийн хураамж болон татварыг ногдуулахгүй байх талаар заасан.
Энэхүү конвенцод нэгдэн орсон далайд гарцгүй орнууд нь нэн тааламжтай нөхцөл буюу зарим төрлийн хөнгөлөлт, тусгай эрх эдлэх боломж бүрдсэн.
3 3. "Далайн эрх зүйн тухай” Нэгдсэн Үндэстний байгууллагын конвенц
UN Convention on the Law of the Sea, /UNCLOS 1982/
/1996.08.13/
Далайн эрх зүй бол олон улсын эрх зүйн нэг чухал салбар бөгөөд, далай тэнгис, түүний ёроолын баялагийг ашиглах болон түүнтэй холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулдаг. Энэхүү конвенцоор улс бүр далайд гарцтай эсэхийг үл харгалзан өөрийн далббатай хөлөг онгоцоор их далайд зорчих эрхтэй гэж заасан.
Далайд гарцгүй улсуудын далайд хүрэх болон чөлөөтэй дамжин өнгөрөх эрх, дамжин өнгөрөх хөдөлгөөнөөс гаалийн татвар болон бусад хураамж авахгүй байх, далайд гарцгүй улсын далбаан дор аялж буй хөлөг онгоц далайн боомтуудад бусад улсын хөлөг онгоцны нэгэн адил дүрэм журмуудыг дагаж мөрдөх тухай зааж өгсөн.
Их далайд аялж буй хөлөг онгоц нь далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, далайн амьтдыг хамгаалах, далайг бохирдуулахаас сэргийлэхтэй холбогдсон дүрэм, журмыг дагаж биелүүлэх үүрэгтэй.
Монгол Улс хөгжиж байгаа орны хувьд энэхүү конвенцод оролцогч байснаар далайд гарцгүй орны хувьд далайд гарах эрхээ хэрэгжүүлэх энэ эрхээ хэрэгжүүлэхтэй холбогдуулан хөрш зэргэлдээ орнуудтай гэрээ хэлэлцээр байгуулах, хүн төрөлхтний нийтийн өв болох далайн баялгаас хувь хүртэх, ирээдүйд далайн баялаг хайх, олборлох, ашиглах технологи олж авах, далайн эрх зүйн салбарт бусад улс гүрэнтэй хамтран ажиллах эрх зүйн үндэс тавигдсан.
4 4. “Олон Улсын Далайн Байгууллагын тухай” конвенц
Convention on the International Maritime Organization, (IMO-48)
/1996.12.11/
5. “Олон Улсын Далайн Байгууллагын тухай” Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1991 оны протокол
Convention on the International Maritime Organization, as Amended 1991 (IMO-48)
/2007.05.04/
6. “Олон Улсын Далайн Байгууллагын тухай” Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1993 оны протокол
Convention on the International Maritime Organization, as Amended 1993 (IMO-48)
/2007.05.04/
Олон улсын далайн байгууллага нь далайн болон усан замын салбарт олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь зохицуулах, далай дахь аюулгүй байдлыг хангах, түүний бохирдлыг багасгах, энэ салбарын хууль эрх зүйн актуудыг боловсруулж хэрэгжилтэд нь хяналт тавих, салбарын боловсон хүчнийг бэлтгэх, мэргэжлийг нь дээшлүүлэх, далайд гарцгүй оронд туслах зэрэг цогц асуудлыг хариуцна.
Гишүүнчлэлийн татварыг жил бүр төлөх үүрэг хүлээсэн. Олон улсын далайн байгууллагаас далайн тээврийн үйл ажиллагаа явуулах хүсэлт гаргасан байгууллага, хувь хүний хөлөг онгоцны мэдээллийг шалган Хөлөг онгоцны түр болон байнгын бүртгэлдээ улсынхаа төрийн далбаан дор аялуулах эрх олгоход тодорхой конвенцуудад нэгдэн орсон байх шаардлагыг тавьдаг.
Энэхүү конвенцод нэгдэн орсноор далайд гарцтай болох, дотоодын усан замын тээврийг хөгжүүлэх, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, холбогдох хууль эрх зүйн актыг боловсруулах зэрэгт НҮБ болон бусад орны тусламж, дэмжлэгийг авах, зарим хөнгөлөлтийг эдлэх боломж бүрдсэн.
5 7. “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” олон улсын конвенц
International Convention for the Safety of Life at Sea 1974 (SOLAS-74)
/2001.12.24/
8. “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1978 оны протокол
Protocol of 1978 relating to the International Convention for the Safety of Life at Sea, 1974
/2007.05.04/
9. “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай” конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1988 оны протокол
Protocol of 1988 relating to the International Convention for the Safety of Life at Sea, 1974 (SOLAS PROT 1988)
/2007.05.04/
Энэхүү конвенцод оролцогч улсууд ямар ч тохиолдолд хүний амь насыг хамгаалах үүднээс тухайн хөлөг онгоцыг зориулалтынх нь дагуу ашиглах үүрэг хүлээхийн сацуу хөлөг онгоцны ерөнхий бүтэц болон үндсэн тоног төхөөрөмжид тавих стандартын хамгийн доод хэмжээг тогтоож өгсөн.
Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд далайн салбарын олон улсын эрх зүйн хэм хэмжээнд нийцсэн журмыг баримтлан аюулгүй байдлыг хангасан хөлөг онгоцыг бүртгэх, бүртгэсэн хөлөг онгоцонд хийх үзлэг, шалгалтын журмыг тогтоох, аюулгүй байдлыг хангасан тухай гэрчилгээ олгох, гадаад улсаас гэрчилгээг хүлээн зөвшөөрөх зохицуулалтыг тогтоож өгсөн.
Уг конвенцод хөлөг онгоцонд үзлэг, шалгалт хийх хянан шалгагчийг томилох, эрх олгох болон шалгалтын давтамж, гэрчилгээний хугацаа зэрэгт тавигдах шаардлагын талаар тухайн улсын Далайн захиргааны эрх хэмжээг тодорхойлж нийтлэг байдлаар тусгасан. Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд үзлэг, шалгалт хийх эрхийг Далайн захиргаанаас томилсон хянан шалгагчаар гүйцэтгүүлж болох зохицуулалтын дагуу хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын хяналтыг хэрэгжүүлэх, улмаар шаардлага тавих, хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн зохицуулалт бүрдсэн.
1978 оны Протоколоор далайд хүний аюулгүй байдлыг хангах, газрын тос, түүнээс гаргасан бүтээгдэхүүн болон шингэн тээвэрлэгч хөлөг онгоцноос далайг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилгоор тэдгээрийн загвар, байгууламж, бүтэц, үйл ажиллагаанд тавих нийтлэг шаардлагыг баталсан.
Тухайлбал, түүхий газрын тос, түүнээс гаргасан бүтээгдэхүүн болон шингэн тээвэрлэгч 10 000 –аас дээш тоннын даацтай бүх хөлөг онгоцыг бие биеэсээ үл хамааран ажиллах хөлөг онгоцны байршил тогтоох хоёр систем, хөлөг онгоцны удирдлагын бүхээгээс тус тусад нь удирдаж болох жолоодлогын хяналтын хоёр системээр тус тус тоноглож, жолоодлогын гол үндсэн төхөөрөмж болон төхөөрөмжийн жолооны хүрдийг дангаараа эсвэл хослон ажиллуулах хүчин чадалтай цахилгаан эрчим хүчний хоёр ба түүнээс олон эх үүсвэртэй байхыг үүрэг болгосон.
Мөн түүхий газрын тос, түүнээс гаргасан бүтээгдэхүүн, шингэн тээвэрлэгч 20000–аас дээш тоннын даацтай бүх хөлөг онгоцыг инертийн хийн системээр тоноглохыг шаардаж газрын тос, түүнээс гаргасан бүтээгдэхүүн, төрөл бүрийн шингэн тээвэрлэгч хөлөг онгоцонд жил бүр заавал үзлэг, оношлогоо хийж байх, төлөвлөгдөөгүй үзлэг шалгалт хийх, боомт улсын зүгээс тавих хяналтыг эрс чангатгасан. 1988 оны Протоколоор далайд хүний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоор хөлөг онгоцны их биеийн байгууламж, хөдөлгүүр, машин механизм, зайлшгүй суурилагдсан байх тоног төхөөрөмж, аврах хэрэгслийн жагсаалт, үзлэг шалгалт хийх давтамж, тавигдах шаардлагыг тогтоож, хөлөг онгоц, хөдөлгүүр, машин тоног төхөөрөмж, аврах хэрэгсэлд олгох гэрчилгээний загварыг шинэчлэн баталж, гэрчилгээний үйлчлэх хугацааг төрөл тус бүрээр нь нарийвчлан тогтоосон.
Түүнчлэн үзлэг, хяналт шалгалт хийх байцаагчийг томилж эрх олгох, хяналт шалгалт хийх давтамж, олгож буй гэрчилгээний хүчинтэй хугацаа зэрэгт тавих далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэхтэй холбогдсон Захиргааны эрх хэмжээ, шаардлагыг илүү тодорхой болгосон.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд тавих аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн явуулахад тус дөхөм болсон.
6 10. “Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмын тухай” конвенц
Convention on the International Regulations for Preventing Collisions at Sea, 1972 (COLREG-72)
/2001.12.14/
Хөлөг онгоц далайд аялах үед учирч болзошгүй бүх төрлийн осол, аваарь аюул, мөргөлдөх зэрэг гэнэтийн аюулаас зайлсхийх зорилготой.
Хөлөг онгоц далайд мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх, хөлөг онгоцны хөвөлтийн болон удирдлагын аюулгүй байдлын журам, дүрэм, гэрэл дохио, дуут дохиогоор тоноглогдсон байх ёстой бөгөөд тэдгээрийн хэлбэр дүрс, харагдах байдлыг энэхүү конвенцоор тогтоосон. Өөрөөр хэлбэл, далай дээрх замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм юм.
Хөлөг онгоц мөргөлдсөн тохиолдолд хөлөг онгоц тус бүрийн ахмад өөрийн хөлөг онгоц, баг, зорчигч, ачаа, байгаль орчинд аль болох аюул учруулахгүй байх боломжит бүх арга хэмжээг авах үүрэгтэй.
Тус конвенцын дүрмийг баримтлаагүйгээс учирсан хор уршиг, хохирлыг арилгах хариуцлагаас хөлөг онгоц, түүний эзэмшигч, ахмад, багийн гишүүд чөлөөлөгдөхгүй.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд тавих аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд тус дөхөм болсон.
7 11. “Даацын тэмдэглэгээний тухай” олон улсын конвенц
International Convention on Load Lines, 1966 (LOAD LINES-1966)
/2003.06.03/
12. “Даацын тэмдэглэгээний тухай” Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1988 оны протокол
Protocol of 1988 relating to the International Convention on Load Lines, 1966
/2008.06.24/
Конвенцын заалтын дагуу үзлэгт орж тэмдэглэгээ тавигдсан бүх хөлөг онгоцонд даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээг олгодог.
Хөлөг онгоцонд зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн ачаа тээвэрлэсэн эсэх, хөлөг онгоцны даацын тэмдэглэгээний байрлал гэрчилгээний дагуу байгаа эсэх, гэрчилгээнд заасан нөхцлөлүүдийг хангасан эсэхэд конвенцод заасны дагуу үзлэг шалгалт явуулдаг. Далайн аяллын үед хүний амь нас, ачаа бараа болон хөлөг онгоцонд учирч болзошгүй эрсдэлийг тооцож аюулаас сэргийлж, аюул учруулахаар байвал далайд гаргахгүй байх зохицуулалттайгаас гадна хөлөг онгоцны ачаалж болох даацыг тодорхойлон хязгаарлалт тогтоож өгсөн.
Уг конвенцын үйлчлэх хүрээнд хамрагдах хөлөг онгоц нь конвенцын заалтын дагуу шалгагдан бүртгэгдэж, даацын тэмдэглэгээ тавиулаагүй болон Даацын тэмдэглэгээний олон улсын гэрчилгээ, даацын тэмдэглэгээнээс чөлөөлөгдөх олон улсын гэрчилгээгүйгээр аялалд гарахыг нь хориглодог.
Далайд хөлөг онгоц, эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах болон хөлөг онгоцон дээрх хүний амь насыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулж байгаа бөгөөд түүнчлэн олон улсын бусад баримт бичгийн холбогдох заалттай нийцүүлж гэрчилгээ баталгаажуулах болон бүрдүүлэх тухай заалтуудыг конвенцын нэмэлт, өөрчлөлтөд нарийвчлан тусгасан.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд тавих аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд тус дөхөм болсон.
8 13. “Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай” олон улсын конвенц
International Convention on Tonnage measurement of ships (TONNAGE-1969)
/2002.09.26/
Хөлөг онгоцны бохир /хөлөг онгоцны хана, хаалтаар тусгаарлагдсан бүх орон зай буюу талбай / ба цэвэр /хөлөг онгоцны ашигтай орон зай буюу талбай/ багтаамжийг тодорхойлох ажлыг Конвенцын 6 дугаар зүйлд заасны дагуу далбааны эзэн улсын Захиргаа гүйцэтгэх бөгөөд энэхүү үүргээ мэргэжлийн байгууллага, хувь хүнд шилжүүлж болох ч хөлөг онгоцны бохир, цэвэр багтаамжийн хэмжээг үнэн зөв тодорхойлсон эсэх тухай эцсийн хариуцлагыг Захиргаа хүлээдэг.
Энэхүү конвенц нь олон улсын аялалд оролцож буй хөлөг онгоцны багтаамжийг тодорхойлохтой холбоотой нэгдсэн зарчим болон дүрэм тогтоох зорилготой.
Конвенцын 1 дүгээр хавсралтад хөлөг онгоцны бохир болон цэвэр багтаамжийг хэрхэн тодорхойлох талаарх дүрмүүдийг тусгасан ба 2 дугаар хавсралтаар хөлөг онгоцны “Багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ”-ний олон улсын гэрчилгээний загварыг баталсан. Багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ нь далбааны эзэн улс Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай конвенц болон өөрийн хууль тогтоомжийн дагуу олгож буй хөлөг онгоцонд заавал байх ёстой баримт бичиг юм.
Далбааны эзэн улсаас зохих ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн албан тушаалтан конвенцод заасны дагуу үзлэг, шалгалт явуулж тухайн хөлөг онгоц нь Олон Улсын багтаамжийн хүчин төгөлдөр гэрчилгээтэй эсэх, хөлөг онгоцны ерөнхий үзүүлэлт нь гэрчилгээнд дурдсан өгөгдөлтэй тохирч байгаа эсэх зэрэгт үзлэг, шалгалт явуулж гэрчилгээнд заасан ерөнхий үзүүлэлт болох нийт болон цэвэр багтаамжийн хэмжээг өөрчилсөн тохиолдол гарвал үзлэг, шалгалтаар тогтоох үүрэгтэй.
Хөлөг онгоц өөр улсын бүртгэлд шилжсэн тохиолдолд өмнө олгогдсон “Багтаамжийн хэмжилтийн гэрчилгээ” нь хүчингүй болно.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцонд тавих аюулгүй байдлын шаардлага тодорхой болж, бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэхэд тус дөхөм болсон.
9 14. “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” олон улсын конвенц
International Convention of Standard of Training, Certification and Watch keeping for Seafarers, 1978 (STCW-95)
/2002.12.14/
Энэхүү конвенцод хөлөг онгоцны багийн бүрэлдэхүүнд ажиллах хүмүүсийг сургаж бэлтгэх, мэргэжлийн гэрчилгээ олгохтой холбогдсон олон улсын бүх дүрэм, журмыг бүрэн тусгасан бөгөөд далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай олон улсын хэм хэмжээг нийтээр зөвшилцөн тогтоох замаар их далайд хүний амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн аюулгүй байдлыг хангах, түүнчлэн далайн орчныг хамгаалах тухай асуудлыг зохицуулсан.
Конвенцоор зорчигч, ачаа тээврийн хөлөг онгоц, даралтат хий болон химийн бодис, нефть тээвэрлэгч зэрэг бүх төрлийн танкерын удирдлагын өрөө болон хөдөлгүүрийн тасагт ээлжийн ажил гүйцэтгэх ахмад, офицерууд, багийн гишүүдийг хөлөг онгоц тус бүрийн ангилал, зэрэглэлд нийцсэн далайн үйл хэрэгт сургаж бэлтгэх, мэргэжил олгох, мэргэшүүлэхэд тавигдах хамгийн наад захын шаардлагуудыг тогтоож өгсөн.
Дээрх шаардлагад нийцүүлэн далайчныг зохих ёсны мэдлэг, туршлага, чадвар эзэмших, мэргэжил дээшлүүлэх нөхцөлөөр хангах, мэргэжлийн албан ёсны нарийвчилсан дэлгэрэнгүй стандарт болон зайлшгүй шаардлагатай бусад нөхцөлийг бүрдүүлэх зорилготой. Конвенцын нэмэлт, өөрчлөлтөөр Захиргаанаас хөлгийн ахмад, далайчид, хөлөг онгоцны бусад гишүүдэд загварын дагуу гэрчилгээ олгох, сунгах, цуцлах, түүнчлэн багийн гишүүдэд тавигдах шаардлага, ээлжийн ажиллагааны зохицуулалт, ажил, амралтын цаг болон далайчдын мэргэжлийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалтын журам зэрэг зохицуулалтыг нарийвчлан тусгасан.
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцонд ажиллах далайчдын чадамжийг сайжруулах, Олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ хэрэгжүүлэх, далбааны эзэн улсын хувьд бүртгэлтэй хөлөг онгоцонд аливаа зөрчил дутагдал гаргуулахгүй байх ач холбогдолтой.
Монгол Улсын далбаа мандуулж буй хөлөг онгоцон дээр хүний буруутай үйлдлээс үүдэн хөлөг онгоцны үйл ажиллагаанд учруулж болзошгүй аливаа эрсдлийг бууруулах, шинээр ажилд орох далайчдад стандарт сургалтаар мэдлэг олгох, чадамжийг нэмэгдүүлэх, мэргэжил дээшлүүлэх боломж бүрдсэн.
10 15. “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” олон улсын конвенц
International Convention for the Prevention of Pollution from ships, MARPOL 73/78 (Annex I-V)
/2004.01.15/
16. “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” олон улсын Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1978 оны протокол
Protocol of 1978 to Amend the International Convention for the Prevention of Pollution from Ships, 1973/78
/2007.05.04/
17. “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай” олон улсын Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1978, 1997 оны протокол
Protocol of 1978 to Amend the International Convention for the Prevention of Pollution from Ships, 1973/78, there to (MARPOL PROT 1997) Annex-6
/2007.05.04/
Хүний оршин амьдрах хүрээлэн буй орчин болон далайн эко орчинг хадгалан хамгаалах, хөлөг онгоцны ашиглалтын үед болон түүний осол аваарийн үед тээвэрлэж буй хортой шингэн бодис, сав баглаа боодолтой хортой бодис, нефть, нефтийн бүтээгдэхүүн, ахуйн болон үйлдвэрлэлийн хэрэглээний бохир ус, хатуу хог хаягдлаар далайн орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх, мөн хөлөг онгоцны яндангаас гарах утаанд агуулагдах хорт бодисоор агаар, орчныг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх зорилготой ба энэхүү конвенцын гишүүн улс бүрийн хүлээх нийтлэг үүргийг нарийвчлан тогтоож, тэдгээрийг дагаж мөрдөж биелүүлэх үүргийг хүлээсэн.
Мөн конвенцын хавсралт тус бүрээр тодорхой нэр төрлийн бохирдуулагч бодисоор далай бохирдуулахаас урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Үүнд:
Протокол I – Конвенцын 8 дугаар зүйлийн дагуу Хортой бодистой холбогдолтой хэргийн талаар тайлагнах заалт;
Протокол Il – Конвенцын 10 дугаар зүйлийн дагуу Арбитрын үйл ажиллагаа;
Хавсралт l – Газрын тосноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх журам болон нэгдсэн тайлбар;
Хавсралт ll – Шингэн, хортой бодис тээвэрлэх, далайг бохирдуулахаас сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих журам
Хавсралт llI – Баглаа, боодолтойгоор тээвэрлэх хортой бодисоор бохирдуулахаас сэргийлэх тухай журам
Хавсралт IV – Хөлөг онгоцноос гарсан бохир усаар далайг бохирдуулахаас сэргийлэх тухай журам
Хавсралт V – Хөлөг онгоцноос гарсан хог, хаягдлаас үүдэлтэй бохирдлоос сэргийлэх үйл ажиллагаанд хяналт тавих тухай журам
Уг конвенцын дагуу хөлөг онгоц нь далайд гарахаас өмнө хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын үзлэг, шалгалтад хамрагдсан гэрчилгээтэй байх үүрэг хүлээдэг.
Аливаа хөлөг онгоц энэхүү конвенцыг аль нэг хэлбэрээр зөрчсөн тухай мэдээлэл, эсхүл нотлох баримтыг тухайн хөлөг онгоцны захиргаанд хүргүүлэх үүрэгтэй ба захиргаа нь авсан арга хэмжээний талаарх мэдээллийг Олон улсын далайн байгууллагад тайлагнах үүрэгтэй.
Энэхүү конвенцын шаардлагыг аль нэг хэлбэрээр зөрчихийг хориглох бөгөөд тухайн хөлөг онгоцны бүртгэлийн захиргаа нь хууль тогтоомжийн дагуу хөлөг онгоцны эзэмшигчдэд шийтгэл ногдуулна.
Конвенцод нэмэлт, өөрчлөлт оруулсан 1997 оны Протоколоор Хавсралт VI болох “Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоор агаарыг бохирдуулахаас урьдчилан сэргийлэх болон түүнд хяналт тавих тухай журам”-ыг баталсан.
Конвенцод оролцогч улсууд энэхүү конвенцыг аливаа хэлбэрээр зөрчсөн зөрчлийг илрүүлэх, далай бохирдуулсан гэж сэжиглэгдэж буй хөлөг онгоцонд үзлэг шалгалт хийх талаар хамтран ажиллах, далайд болсон хэрэг явдлын талаар харилцан мэдээллэх, түүнчлэн өөрсдийн баталсан хууль, дүрэм, журам, далайн осол зөрчилд ногдуулсан шийтгэлүүд, хүрээлэн буй далайн орчныг бохирдуулсан осол, аваарийн талаар Олон улсын далайн байгууллагад мэдээллэх үүрэг мөн хүлээсэн.
11 18. “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” олон улсын конвенц
International Convention on Civil Liability for Oil Pollution Damage, 1969 (CLC-69)
/2003.07.01/
19. “Газрын тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” олон улсын конвенцод нэмэлт өөрчлөлт оруулсан 1992 оны протокол
Protocol of 1992 to amend the international convention on civil liability for oil pollution damage, 1969 (CLC PROT 1992)
/2008.08.08/
Эх конвенцод газрын тосоор далайг бохирдуулсан тохиолдолд хөлөг онгоц эзэмшигчийн хүлээх хариуцлагыг хөлөг онгоцны даацын 1 тонн тутамд 2000 франк, нийт 210 сая франкаас хэтрэхгүй хэмжээгээр ногдуулахаар заасан.
Конвенцод 1992 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагын хэмжээг хөлөг онгоцны даацын хэмжээнээс шалтгаалан ялгавартай тогтоож, үйлчлэх хүрээг өргөжүүлж, хөлөг онгоц бүртгэлийн гэрчилгээнд даатгалын болон санхүүгийн баталгааны шаардлагыг тусгасан.
Тодруулбал, 5000 хүртэл тонн даацын нэгжээс хэтрэхгүй хөлөг онгоцонд 3 сая тооцооны нэгж, үүнээс дээш даацтай хөлөг онгоцны хувьд 5000 тонноос дээш даацын нэгж бүрт 420 тооцооны нэгж, нийт хариуцлагын хэмжээг 59,7 сая тооцооны нэгж буюу зээлжих тусгай эрх /SDR/ байхаар нэмэгдүүлэн тогтоосон.
Түүнчлэн харьяа тэнгис болон түүний хуурай газрын нутаг дэвсгэрт, мөн олон улсын эрх зүйн дагуу байгуулагдсан эдийн засгийн онцгой бүсийн өргөний хэмжээ нь харьяа тэнгисийн өргөнийг хэмжиж эхлэх шугамнаас тоолох далайн 200 миллийн доторх бүсэд бохирдлоос учирсан хохиролд хариуцлага хүлээлгэхээр нарийвчлан заасан.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны далайд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх баталгааг урьдчилан гаргуулснаар олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн, бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд тус дөхөм болж, улмаар эдийн засгийн хувьд бүртгэлийн хураамж нэмэгдэх ач холбогдолтой.
12 20. “Хөлөг онгоцны шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагын тухай” олон улсын конвенц
International Convention on Civil Liability for Bunker Oil Pollution Damage, 2001 (BUNKERS-2001)
/2011.11.28/
Уг конвенцоор далайн хүрээлэн буй орчныг бохирдлоос урьдчилан сэргийлэх, түүнийг багасгах, хянах, бохирдлоос учирсан бүх хохирлыг шуурхай нөхөн төлж барагдуулах, энэ чиглэлээр мөрдөх олон улсын дүрэм журмыг боловсруулах талаар хамтран ажиллах, газрын тосны бүх төрлийн бохирдлоос учирсан хохиролд хүлээлгэх хариуцлагыг тусгасан.
Хөлөг онгоцны шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохиролд хүлээлгэх иргэний хариуцлагыг хязгаарлан зааж өгснөөс гадна хариуцлагын хамрах хүрээ, даатгал, санхүүгийн баталгааны талаар тусгасан бөгөөд хөлөг онгоцыг бүртгэсэн улс шатахууны савны тосны бохирдлоос учирсан хохирлын төлөө хүлээх иргэний хариуцлагатай холбоотой даатгалын болон санхүүгийн бусад баталгааны гэрчилгээний загварыг баталсан.
Далайд учруулсан хохирлыг нэхэмжлэн хариуцлага хүлээлгэх, байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулах, далайг бохирдуулах болон далайн амьтдыг хамгаалах, учирч болох бохирдлыг анхааруулж хариуцлагыг тогтоосон.
13 21. “Хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд хортой бодис ашиглахыг хянах тухай” олон улсын конвенц
International Convention on the Control of Harmful Anti - fouling Systems on Ships 2001
/2011.12.07/
Энэхүү конвенц нь хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системд ашиглагдаж буй зарим төрлийн бодис нь экологийн болон эдийн засгийн чухал ач холбогдолтой амьд организмыг хордуулах буюу тэдэнд сөргөөр нөлөөлөх бодит эрсдэл агуулаад зогсохгүй далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнээр дамжин хүний эрүүл мэндийг хордуулж болох эрсдэлийг бууруулах зорилготой.
Конвенцын нөхцөлийн дагуу оролцогч орнууд хор хөнөөл үзүүлж болох химийн будгаар өөрийн далбаат хөлөг онгоцоо будахгүй байх, будахыг таслан зогсоох үүрэгтэй. Түүнчлэн, аялалд гарахын өмнө үзлэгээр орж, хөлөг онгоцны гадаргуугийн будагнаас үүдэн хор хөнөөл учруулж болзошгүй эсэхэд тавих хяналтын системийн мэдүүлгийг хөлөг онгоцон дээр авч явах үүрэгтэй. Энэхүү мэдүүлэгт будалт хийсэн төлбөрийн баримт, гэрээлэгчийн нэхэмжлэх зэргийг хавсаргасан байна.
Дээрх конвенцод оролцогч тал дээр дурдсан зорилтыг хэрэгжүүлэх бүрэн цогц арга хэмжээг ханган ажиллах зохицуулалтыг тодорхойлон олон улсын хөлөг онгоцны гадаргууг хамгаалах системийн үзлэг болон гэрчилгээжүүлэлтийн шаардлагын дүрэм, гэрчилгээ, хамгаалах системийн тэмдэглэгээ, мэдэгдлүүдийн загваруудыг баталж өгсөн.
Байгальд ээлтэй, бага хор хөнөөл учруулах дэвшилтэт технологийг бий болгосон, хүний эрүүл мэндийг хортой химийн бодисоор хордуулахаас сэргийлсэн, хөлөг онгоцны ерөнхий үзүүлэлтийг нэмэгдүүлсэн.
14 22. “Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай” олон улсын конвенц
International Convention for the Control and Management of Ships Ballast Water and Sediment, 2004 (BWM-2004)
/2011.12.11/
Конвенцын гишүүн орнууд нь хүрээлэн байгаа орчин, хүн амын эрүүл мэнд, эд хөрөнгө, нөөц баялгийг хамгаалах зорилгоор хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг асгах болон солих үед хор хөнөөлтэй организм буюу патогенийг далайн усанд дамжин тархахаас сэргийлж, түүнд хяналт тавих үүрэгтэй.
Уг конвенцод хөлөг онгоцыг хаана, хэзээ, ямар нөхцөлд, ямар шаардлагын дагуу тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасыг асгах, солих талаар тусгаж өгсөн.
Энэхүү конвенцын дагуу хөлөг онгоцны хяналтын үзлэг шалгалтад орж, холбогдох гэрчилгээ авсан байхаас гадна хөлөг онгоцууд тэнцвэржүүлэгч усны мэдээллийн дэвтрийг хөтлөх үүрэгтэй.
Монгол Улс зохих хувь нэмрээ оруулж улмаар өөрийн улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг өргөжүүлэх, бүртгэлээс олох ашиг, орлогыг нэмэгдүүлэх, хөлөг онгоц эзэмшигчдэд тавих шаардлагыг өндөржүүлэх, үүнтэй холбогдуулан хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох ач холбогдолтой.
15 23. “Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай” конвенц
International Convention on Limitation of Liability for Maritime Claims,1976 (LLMC-76
/2012.01.01/
24. “Далайн нэхэмжлэлийн талаар хүлээх хариуцлагыг хязгаарлах тухай” конвенцын 1996 оны протокол
Protocol of 1996 relating to the Limitation of Liability for Maritime Claims, 1976 (LLMC Protocol of 1996)
/2011.12.27/
Далайгаар тээвэрлэлт хийх нь тээвэрлэж буй ачаа, эд хөрөнгийг алдах, үрэгдүүлэх, гэмтээх, зорчиж буй хүмүүсийн амь нас, эрүүл мэндэд хор хохирол учруулах, цаашлаад тээврийн хэрэгслээ алдах, үрэгдүүлэх эрсдэл дагуулдаг.
Хөлөг онгоцыг ашиглаж буй этгээд нь үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хэд хэдэн шаардлага, нэхэмжлэлээр нэгэн зэрэг хариуцлага хүлээдэг.
Тухайн нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэхийн тулд хөлөг онгоц эзэмшигчдийн хариуцлагын хэмжээг хязгаарлахад чиглэгдсэн бөгөөд уг конвенцоор хариуцлагын хязгаарлалтад хамрагдах болон хамруулахгүй нэхэмжлэлийн хэлбэрүүд, хариуцлагын хэмжээ хязгаар, хязгаалах сан, хэрэглэх хүрээ зэргийг нарийвчлан зааж өгсөн.
Конвенцод 1996 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр хариуцлагыг хязгаарлах дүнг хянах, хялбарчилсан горим тогтоох болон нөхөн төлбөрийн хэмжээг нэмэгдүүлж далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах 3 аргыг тодорхойлж зохицуулсан.
Үүнд: хөлөг онгоцыг чөлөөлж өгөх, хөлөг онгоцны болон түрээсийн хөлсний өртгөөр хариуцлагыг хязгаарлах, тогтоосон тооцооны нэгжээр хөлөг онгоцны даацыг үржүүлэх замаар тодорхойлсон нийлбэр дүнгээр хариуцлагыг хязгаарлах, эсхүл өмнөх гурван аргын элементүүдийг агуулсан хосолмол аргаар хариуцлагыг хязгаарлах талаар тусгасан.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд хамааралгүй боловч уг конвенцод нэгдэн орсон нь Монгол Улсын далбааг мандуулан аялж буй хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй гамшиг, аюул, ослын улмаас үүсэж болох эрсдлийг бууруулах, хөлөг онгоц эзэмшигчдэд хүлээлгэх далайн нэхэмжлэлийн хариуцлагыг хязгаарлах замаар манай улсын бүртгэлийн нэр хүндийг өсгөх, Монгол Улсын далбаан дор хөлөг онгоцоо бүртгүүлэх сонирхлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.
16 25. Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын конвенц
Convention on the International Maritime Satellite Organization (IMSO-76)
/2011.12.15/
26. Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын конвенцын 1981 оны протокол
Convention on the International Maritime Satellite Organization (IMSO-as amended 1981)
/2011.12.15/
Энэхүү конвенцын гол зорилго нь далайн тээврийн хөлөг онгоцоор тээвэрлэлт хийх үед хиймэл дагуулын тусламжтайгаар тэдгээрийн аюулгүй байдалд хяналт тавих, гамшгийн үед буюу хүний аюулгүй байдлыг хангах шаардлагатай нөхцөл үүссэн үед туслах боломжийг нэмэгдүүлэх, хөлөг онгоц хоорондын болон тэдгээрийн удирдлага, багийн гишүүд, зорчигчид, эрэг дээр байгаа хүмүүсийн хоорондын харилцаа холбоог сайжруулахад чиглэгдсэн.
Нэмэлт, өөрчлөлтөөр Далайн хиймэл дагуулын олон улсын байгууллагын эрх ямба, дархан эрхийг нарийвчлан тодорхой болгож, өөрийн үйл ажиллагааны үндсэн үүргээ хангалттай биелүүлэхэд чиглэгдсэн.
Монгол Улс гишүүнчлэлийн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй.
Энэхүү конвенцод Монгол Улс нэгдэн орсон нь манай улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдсэн хөлөг онгоцны байршил тогтоох, алсын зайнаас хянах, системийг ашиглах, үйл ажиллагааг зохицуулах тэдгээрийн аюулгүй байдалд тавих хяналт сайжрахад эерэг нөлөө үзүүлэх чухал ач холбогдолтой.
17 27. “Аврах ажиллагааны тухай” олон улсын конвенц
IMO International Convention on Salvage, 1989
/2014.11.21/
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцууд аврах ажиллагаа явуулах, өөрсдөө аврагдах нөхцөл байдал үүссэн үед авах шаардлагатай арга хэмжээг тогтоох эрх зүйн үндэс нь болсон.
Далайд живэх аюулд орсон аливаа этгээдийг олж илрүүлсэн бол түүнд тусламж үзүүлэх, хэрэв тусламж шаардлагатай гэсэн хүсэлтийг ахмадад мэдээлсэн тохиолдолд өөрийн хөлөг онгоцны боломжит дээд хурдаар живж буй хөлөг онгоцонд тусламж үзүүлэх, өөр бусад хөлөг онгоцтой мөргөлдсөн бол хөлөг онгоц болон багийн гишүүд, зорчигчдод боломжтой хэлбэрээр тусламж үзүүлэх, осол болон аюулд орсон хөлөг онгоцонд өөрийн хөлөг онгоцны нэр, бүртгэгдсэн боомт, очих хамгийн ойрын боомтоо мэдээлэх үүргийг хүлээдэг.
Хөлөг онгоц болон хөлгийн тавцан дээрх эд хөрөнгөд тусламж үзүүлэхээр авч хэрэгжүүлж буй аврах ажиллагааг явуулах гэрээ байгуулах бүрэн эрхийг хөлөг онгоцны ахмад ба хөлөг онгоцны эзэн, эзэмшигчдэд олгох асуудлыг тусгаж, аврагчдын нөхцөл байдлыг сайжруулах нэгдсэн дүрэм тогтооход чиглэгдсэн.
Аврах ажиллагааны үед үүсдэг саад бэрхшээлүүдийг арилгах, үүний үр дүнд аюул осолд өртсөн эд хөрөнгийг аврах ажиллагааг тухайн цаг мөчид цаг алдалгүй явуулахыг дэмжих, аврагчдын ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чухал ач холбогдолтой.
Монгол Улсын далбаа мандуулан тээвэрлэлт хийж буй хөлөг онгоцонд тохиолдож болзошгүй осол зөрчлийн үед болон тэдний зүгээс осолд орсон хөлөг онгоц, хүмүүс болон эд хөрөнгийг аврах ажиллагааг гүйцэтгэсний шагнал, урамшуулал, төлбөр, нөхөн төлбөрийн асуудлыг зохицуулахад далбааны эзэн улсаас тавих хяналтыг сайжруулах, хөлөг онгоцны эзэмшигчийн зүгээс хүлээх хариуцлагыг дээшлүүлнэ.
18 28. “Далайн хөдөлмөрийн тухай” Конвенц
Maritime Labor Convention, 2006
/2014.11.21/
29. “Далайн хөдөлмөрийн тухай” конвенцын 2014 оны нэмэлт, өөрчлөлт
Maritime Labor Convention, as Amended 2014
/2019.11.21/
Тус конвенц нь далайчдын боловсрол, мэдлэг чадвар, туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой.
Энэхүү конвенцоор далайн салбарт ажиллагсдын хөдөлмөр, нийгмийн бүх асуудлыг хамарч, мэргэжлийн насны доод хязгаар, эрүүл мэндийн байдал, далайчдын мэргэжлийн бэлтгэл, тэдний мэргэшил, ажил хөдөлмөрийн үндсэн нөхцөлүүд /цалин хөлс, ээлжийн амралт, эх орондоо буцах/, үйлдвэрлэлийн орчны нөхцөл, амьдрах өрөө тасалгааны болон хөлөг онгоцон дээр амрах нөхцөл, хоол хүнсний ба эрүүл мэнд, хөдөлмөр нийгмийн үйлчилгээ, нийгмийн хангамж зэрэгт тавих шаардлагуудыг тогтоосон.
Конвенцод далайчдын эрхийг хамгаалах үүднээс хөлөг онгоц эзэмшигчийг санхүүгийн баталгаатай байх шаардлагыг ерөнхийлөн тусгасан байсан ба 2014 оны нэмэлт, өөрчлөлтөөр нарийвчилсан тодорхой зохицуулалт нэмж оруулсан. Үүнд:
- Хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцыг орхин явсан тохиолдолд далайчдад цалин хөлс, нөхөн олговор, тэтгэмж олгохтой холбогдсон зардлуудыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
- Хөлөг онгоц эзэмшигчтэй албан ёсоор Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа далайчин амь үрэгдсэн эсхүл хөдөлмөрийн чадвараа алдаж хөгжлийн бэрхшээлтэй болсон тохиолдолд нөхөн олговор, тэтгэвэр, тэтгэмж олгох зардлыг төлж барагдуулах санхүүгийн чадварын баталгаатай байх;
- Хөлөг онгоц эзэмшигч нь санхүүгийн баталгааны нотлох гэрчилгээтэй байх, түүнийгээ хөлөг онгоцны тавцан дээр хадгалах.
Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчдын боловсрол, мэдлэг чадвар туршлагад нь тохирсон ажил хөдөлмөр эрхлүүлэх, тэдний ажиллах, амьдрах орчны ая тухтай нөхцөлийг бүрдүүлэхэд далбааны эзэн улсын зүгээс тавих хяналт, хөлөг онгоцны эзэмшигчдэд тавих хариуцлагыг сайжруулах ач холбогдолтой. Монгол Улсын далбаан дор аялж буй хөлөг онгоцон дээр ажиллаж буй далайчдын хөдөлмөрийн нөхцөл сайжирна. Монгол Улс энэхүү конвенцын нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрснөөр Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд анх хөлөг онгоц бүртгэхдээ тухайн хүсэлт гаргагчаас далайчны цалинг гэрээнд заасны дагуу олгох болон бусад эрхийг хангах баталгааг илэрхийлсэн санхүүгийн баталгааг шаардан авах үндэслэл үүссэн.
19 30. “Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” олон улсын конвенц
Convention for the Suppression of Unlawful Acts against the Safety of Maritime Navigation (1988)
/2005.08.04/
31. “Далайн навигацын аюулгүй байдлын эсрэг хууль бус үйлдлийг хориглох тухай” олон улсын конвенцын 1988 оны протокол
Protocol of 1988 relating International Convention for the Suppression of Unlawful Acts against Safety of Maritime Navigation, 1988 (SUA-88)
/2005.08.04/
Конвенцод хөлөг онгоц болон багийн гишүүдийн эсрэг хууль бус үйлдэл хийхээс урьдчилан сэргийлэх, хяналт тавихтай холбогдсон стандартуудыг тогтоох, хөлөг онгоцыг хүчээр буюу түүнийг заналхийлэх, сүрдүүлэх зэрэг бусад хэлбэрээр эзлэн авсан, хөлөг онгоцны навигацын аюулгүй байдалд хохирол учруулахуйц хүч хэрэглэх үйлдэл хийсэн, хөлөг онгоцыг эвдэх, хөлөг онгоц болон түүний ачаанд гэмтэл учруулсан, хөлөг онгоцны навигацын аюулгүй байдалд аюул учруулах худал мэдээллийг мэдсээр байж дамжуулсан зэрэг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар тусгасан.
Мөн эдгээр гэмт хэргийг үйлдэх оролдлого гаргасан буюу үйлдүүлэхээр аливаа этгээдийг өдөөн турхирах, тухайн гэмт хэргийг үйлдэгч этгээдтэй аливаа байдлаар хамтрагч болсон этгээдэд оролцогч улсууд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үүргийг энэхүү конвенцын дагуу хүлээнэ.
Далбааны эзэн улсын хувьд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцны аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.

ДАЛАЙН ЗАХИРГАА
2021 ОН


Буцах