Зам, тээврийн яамны харьяа Далайн захиргаа нь усан замын тээврийн хяналтын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор ХБНГУ-ын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагатай тогтоосон хамтын ажиллагааны хүрээнд тус байгууллагад ашиглагдаж байсан тусгай тоноглол бүхий аврах завийг 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд хүлээн авлаа. Уг завь нь далай, тэнгисийн усанд тэсвэртэй, ёроол нь 2-3 давхар зориулалтын хөнгөн цагаан материалаар хийгдсэн, салхи, давлагаатай хүнд нөхцөлд аврах ажиллагаа явуулахад хөвөх тогтвортой байдал хамгийн сайн гэж үнэлэгдсэн, өөрийн жин нь 5,5 тонн, урт нь 8.5м аврах завины ангилалд багтдаг, харилцаа холбооны техник тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон.
ХБНГУ-ын Далайн эрэн хайх, авран туслах байгууллагаас 2018 онд аврах 2 завийг буцалтгүй тусламжаар авч байсан бөгөөд тус аврах завийг Хөвсгөл нуурт эргүүл хяналтад ашиглахаас гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” усан онгоцыг татан гаргах ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан сургалт, судалгааны ажил, мөн Хөвсгөл нуурт живсэн машин техникийн байршлыг тогтоох судалгаа шинжилгээний ажилд оролцуулж, хамтран ажиллаж байна.