“ХУУРАЙ БООМТЫН ТУХАЙ” ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭРТ ТУСГАГДСАН МОНГОЛ УЛС ДАХЬ ОЛОН УЛСЫН ХУУРАЙ БООМТУУД

НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн коммисс (АНДЭЗНК)-оос 2013 онд Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийг батлан гаргаж, тус бүс нутгийн орнуудыг нэгдэн орохыг уриалсны үр дүнд 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болсон.

 

Өнөөдрийн байдлаар нийт 17 улс хэлэлцээрт нэгдэн ороод байна.

 

Монгол Улсын хувьд тус хэлэлцээрт 2016 онд нэгдэж орсон ба Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн хуралдааны 34 дүгээр тэмдэглэлийн 1.1-т “…Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт заасан олон улсын хуурай боомт байгуулах шалгуурыг хангах байршлыг тодорхойлж, боомт байгуулах чиглэлээр эрчимтэй ажиллах, 1.2-тХуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг зохих журмын дагуу байгуулж, Зам, тээврийн хөгжлийн яамны батлагдсан төсөвт багтаан ажиллуулах” гэж заасны дагуу тус яамны харьяа Монгол Улсын Далайн захиргааны бүтцэд ажиллаж байсан Далайн тээвэр, боомт ашиглалтын алба”-ыг “Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс” болгон өргөжүүлсэн.

 

Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 1 дүгээр хавсралт болох Хуурай боомтуудын жагсаалтад нэмэлт оруулах ажлыг Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдааны 24 дүгээр тэмдэглэлээр Зам, тээврийн хөгжлийн сайдад үүрэг болгосон.

 

Энэхүү үүрэг даалгаврын хүрээнд Монгол Улсын хөгжлийн урт хугацааны бодлого "Алсын хараа 2050", Шинэ сэргэлтийн бодлого болон Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан хуурай боомтуудын тоог нэмэгдүүлэх шаардлагын талаар холбоглох хүсэлтийг НҮБ-ын АНДЭЗНК-ын Хуурай боомтын Ажлын хэсэгт хүргүүлсний үр дүнд 2023 оны 09 дүгээр сард зохион байгуулагдсан ээлжит хуралдаанаар хэлэлцүүлж батлуулаад байна.

 

Ингэснээр тус хэлэлцээрийн 1 дүгээр хавсралт дахь Хуурай боомтуудын жагсаалтын Монгол Улсын хэсэгт Ховд хот (Ховд), Хөшигийн хөндий (Төв), Бичигт (Сүхбаатар) байршлыг тус тус нэмж батлуулсан.

 

Олон улсын чанартай хуурай боомтыг байгуулснаар бүс нутгийн тээврийн холболтыг бэхжүүлэх, олон улсын худалдаа, тээврийг хөнгөвчлөх,  тээвэрлэлтийн шаардлага хангасан логистикийн төвүүд шинээр бий болох, тухайн бүс нутгаар дамжин өнгөрөх ачаа барааны тээвэр, логистикийн зардал буурах, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлт, хадгалалт, зохион байгуулалт сайжрах, төвөөс алслагдмал бүс нутагт хурдан шуурхай түгээх боломж бүрдэх ба ард иргэд, байгууллагын хувьд ойролцоох хуурай боомтоос төрийн үйлчилгээг авч цаг хугацаа, эдийн засгийн хэмнэлт гаргах, үйлдвэр үйлчилгээ явуулахад шаардагдах бараа бүтээгдэхүүн, тэдгээрийн орцыг харьцангуй хямд өртгөөр тээвэрлүүлэх нөхцөл бүрдэх юм. 

 

Монгол Улсын Засгийн газраас 2024 оны 1 дүгээр сард Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Бүс нутгийн логистикийн төв”-ийг түшиглэн олон улсын чанартай "Замын-Үүд хуурай боомт" байгуулах шийдвэр гаргасны дагуу холбогдох судалгаа, төлөвлөлтийн ажлыг хийж байгаа ба Монгол Улсын урд хилээр дамжин орж, гарах ачааны төвлөрлийг тандан судлаж, тээвэр логистикийн тасралтгүй гинжин хэлхээг зохицуулах хуурай боомт болгох зорилт тавин ажиллаж байна.  

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ