Isee.mn цахим мэдээллийн хаягт 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нийтлэгдсэн “Монголын “Энхийн элч” гэх хөлөг онгоц нэрээ сольж, Хойд солонгосын хөлөг болоод буй хууль бус зөрчлийг илрүүлэн, шалгаж эхэлсэн талаар мэдээлжээ” гарчигтай мэдээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаанаас дараах залруулга мэдээг хүргүүлж байна.
Монгол Улсын Далайн захиргаа нь Peace Envoy оноосон нэртэй Олон улсын далайн байгууллагын 9028158 дугаартай 1806 тонны бохир даацтай, ерөнхий ачаа тээврийн хөлөг онгоцыг Монгол Улсын хөлөг онгоцны энгийн бүртгэлд 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр бүртгэсэн.
Peace Envoy хөлөг онгоцны багийн гишүүд хөлөг онгоцны Automatic Identification System буюу байршил тогтоох төхөөрөмжийг удаа дараа унтраасан зөрчил гаргасан тул Далайн захиргаанаас төхөөрөмжийг ажиллагаанд оруулж, ямар шалтгааны улмаас унтраасан тайлбарыг ирүүлэхийг шаардсан боловч хөлөг онгоц эзэмшигч, ахмад хариу ирүүлээгүй тул тус хөлөг онгоцны бүртгэлийг 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цуцалсан.
Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 128 дугаар тогтоолоор батлагдсан “Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд хөлөг онгоц бүртгэх журам”-ын 7.3 дугаар зүйлийн 7.3.4-т “хөлөг онгоцны байршил тогтоох болон харилцаа холбооны төхөөрөмжийг тодорхой шалтгаан, тайлбаргүйгээр унтраасан”, мөн Далайн захиргаанаас батлан гаргасан Хөлөг онгоц бүртгэх болон бүртгэлийг хаах тухай 1-08-2024 дугаар Далайн мэдэгдэлд “Хөлөг онгоцны байршил тогтоох төхөөрөмжийг удаа дараа унтраавал бүртгэлийг цуцална” гэж заасан байдаг.
Peace Envoy хөлөг онгоцны бүртгэл 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдөр цуцлагдаж, бүртгэл хаагдсан тул тус өдрөөс хойших хөлөг онгоцтой холбоотой асуудалд Монгол Улс хариуцлага хүлээхгүй буюу Далай ашиглах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалт үйлчлэхгүй. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлээс гарсан болон цуцлагдсан өдрөөс хойш хөлөг онгоц эзэмшигч хөлөг онгоцоо аль улсын бүртгэлд бүртгүүлэх эсхүл хэнд худалдах зэрэг шийдвэр нь хөлөг онгоц эзэмшигчийн өөрийн эрх мэдлийн асуудал тул Далбааны эзэн улс нь уг шийдвэр гаргалтад оролцох эрхгүй юм.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА