Сингапур улсад 2013 оны 7 дугаар сарын 21-ээс 8 дугаар сарын 2-ны өдрүүдэд Олон Улсын Далайн байгууллагаас зохион байгуулсан сургалтанд хамрагдсан ажлын тайлан
Монгол Улс нь Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын гишүүнээр 1996 онд элсэж орсон бөгөөд тус байгууллага нь олон улсад нийтээр дагаж мөрдөх хууль, журмыг нийт гишүүн орнуудад сургалт семинар зохион байгуулах замаар таниулдаг.
Энэ удаагийн бүс нутгийн сургалтын гол зорилго нь хөлөг онгоц аваар осолд орсон нөхцөлд хэн, ямар арга хэмжээг, хэрхэн зохион байгуулах талаар тодорхой тусган стандарт болгож мөрдүүлэхээр ОУДБ-ын 2008 онд батлан гаргаж, 2010 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчлэх болсон “Casualty Investigation Code” буюу “Аваар ослыг нягтлан шинжлэх журам”-ыг танилцуулав.
Сургалтыг ОУДБ-ын Далайн аюулгүй байдлын хорооны ажилтан Карлос Ормаечеа, Английн ахлах хяналтын байцаагч, ахмад Ник Беер, Сингапур улсын ахлах хяналтын байцаагч, далайн хяналтын байцаах газрын дэд захирал ахмад Фоонг Юээ Киан, ахлах байцаагч, ахмад Жамалудин Бин Жаафар, Ахмад Син Кэонг Конг нар хичээл зааж, удирдан зохион байгууллаа.
Энэхүү сургалтанд Индонез, Тайланд, Вьетнам, Бангладеш, Малайз, Мьянмар, Солонгос, Камбуж, Сингапур (зохион байгуулагч тал) зэрэг Зүүн Азийн бүс нутагт идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг орнуудаас тус бүр 2 мэргэжилтэн уригдан оролцсон нь дээрх мэдлэг мэдээллийг олж авахаас гадна мэргэжлийн зөвлөгөөгөөр хангагдах, хоорондоо туршлага солилцох, бүс нутаг дахь орнуудын боомтын хяналтын байцаагчидтай холбоо тогтоосон чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсаас Далайн Захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа, мэргэжилтэн Б.Оргил нар оролцсон бөгөөд манай улсын хувьд аваар ослын үед өөрсдөө үзлэг хяналтыг хийдэггүй хэдий ч Монгол Улсын далбаатай хөлөг онгоц аваар осолд орсон нөхцөлд хэрхэн ажиллах талаар шат дараатай заасан болно.
Үүнд:
- Осол болсон газар нутгийн байршлаас шалтгаалан үзлэг хяналтыг удирдан зохион байгуулах улс нь ямар улс байх;
- Далбааны эзэн улсын бусад аваар осолтой холбоотой байж болох улсуудад хүргэх мэдүүлэг нь ямар хэлбэр, агуулгатай байх;
- ямар хугацаанд ямар төрлийн шинжилгээ, сорьцыг хаанаас ямар журмаар авах,
- аваар ослоос амьд гарсан иргэд, багийн гишүүдээс ямар аргаар, ямар төрлийн мэдээлэл олж авах, ингэхдээ юуг голчлон анхаарах,
- хийсэн үзлэг хяналтын тайланг ямар байдлаар бичих, үүнийг хаана хянуулж, хэнд илгээх,
- цаашид дахин ийм төрлийн аваар осол гаргуулахгүйн тулд яаж ажиллах, олон нийтэд сургамж болгох үүднээс ямар ажлуудыг зохион байгуулах зэрэг үндсэн гол мэдээллийг зохиомол осол аваарын жишээн дээр багаар ажиллах аргаар зааж сургасан нь үр өгөөжтэй, ойлгомжтой, хүртээлтэй боллоо.
Сургалтын хамгийн сүүлчийн өдөр тестийн аргаар шалтгалт авч тэнцсэн оролцогчдод Гэрчилгээ гардуулсан бөгөөд манай мэргэжилтнүүд шалгалтыг амжилттай давж сургалтанд оролцсон тухай гэрчилгээг гардаж авсан болно. Сургалтын явцад Олон улсын Далайн байгууллагын ажилтан ноён Карлос Ормаечеатай Далайн Захиргааны ахлах мэргэжилтэн Д.Байгалмаа уулзаж цаашид Монгол улсын далайн салбарт хийгдэж болох өөрчлөлт шинэчлэлт, бодлогын талаар ярилцаж зөвлөгөө авсан ба бүс нутгийн болон бусад ийм төрлийн арга хэмжээнд манай ажилнтуудыг урьж оролцуулсанд талархал илэрхийлээд цаашид гишүүн орон болох далайд гарцгүй Монгол Улсыг бодлогын хувьд дэмжиж ажиллахыг хүслээ.
Мөн сургалтын хаалтын арга хэмжээнд оролцохоор ирсэн Сингапур Улсын Далай болон Боомтын Хэрэг эрхлэх газрын Дэд даргатай уулзаж Сингапур улсын хамтын ажиллагааны хүрээнд санхүүгийн дэмжлэг үзүүлэн сургалт зохион байгуулж биднийг оролцуулсан явдалд талархал илэрхийлээд Сингапур Улсыг түшиглэн Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулдаг Монгол Улсын хувьд энэхүү сургалт ямар чухал ач холбогдолтой болохыг дурьдаад Сингапур улсын шилдэг Хяналтын байцаагчдаар хичээл заалгах нь цаашид хамтран ажиллах сайхан нөхцөл боломжийн эхлэл болсоныг тэмдэглэн хэлсэн.
2013 оны 08 дугаар сарын 09.