МОНГОЛ УЛС ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ДАЛАЙН ОРЧНЫГ ХАМГААЛАХ БОЛОН ХӨЛӨГ ОНГОЦНООС ЯЛГАРАХ ХҮЛЭМЖИЙН ХИЙН ЯЛГАРЛЫГ БУУРУУЛАХ ХУРЛУУДАД ОРОЛЦЛОО

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Лондон хотноо 2024 оны 03 дугаар сарын 11-22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Олон улсын далайн байгууллагын (ОУДБ) Далайн орчныг хамгаалах хорооны 81 дүгээр хуралдаан болон Хөлөг онгоцноос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах асуудлаарх ажлын хэсгийн 16 дугаар хуралд Монгол Улсыг төлөөлөн Монгол Улсын Далайн захиргааны Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн О.Анужин оролцлоо. Төлөөлөгч нь ОУДБ-ын “Сайн дурын хандивлагчдын итгэлцлийн сан”-гийн тусламжтайгаар тус хуралдаануудад оролцсон бөгөөд энэхүү сан нь ОУДБ-ын гишүүн хөгжиж буй улсын төлөөлөгчдийг ОУДБ-ын гол хуралдаанууд болох Далайн орчныг хамгаалах хорооны хуралдаан болон Хөлөг онгоцноос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах асуудлаарх ажлын хэсгийн хуралд оролцоход санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилготой болно.  
Хөлөг онгоцноос ялгарч буй хүлэмжийн хийг бууруулах асуудлаарх ажлын хэсгийн 16 дугаар хурлаар төлөөлөгчид ОУДБ-ын 2023 оны Хүлэмжийн хийн стратегид тусгасан хүлэмжийн хийг бууруулах дунд хугацааны арга хэмжээнд заасан хүлэмжийн хийн түлшний стандарт болон үнэ тогтоох аргачлалын талаарх саналуудыг голчлон хэлэлцэж, хүлэмжийн хийн ялгарлын үнийг тогтоох аргачлалын тусламжтайгаар зорилтот далайн түлшний стандарт болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг тодорхойлохоор болов.    
Ажлын хэсэг техникийн болон эдийн засгийн үзүүлэлтүүдийг түлшний стандартад нэгтгэх, эсхүл хүлэмжийн хийн үнийг тогтоох тусдаа механизмыг боловсруулах гэсэн асуудлаар байр сууриа илэрхийлж, дэлхийн түлшний стандартыг боловсруулахын сацуу хүлэмжийн хийн үнийн механизм болон холбогдох орлого цуглуулах стратегийг бий болгох тал дээр хэлэлцүүлгийн анхаарлыг хандуулав.  
Зорилтот далайн түлшний стандартыг боловсруулах асуудлаар ажлын хэсэг далайн түлшний хүлэмжийн хийн эрчмийг үе шаттайгаар бууруулах стандартыг цаашид боловсронгуй болгоход анхаарахаа илэрхийлсэн ба ингэхдээ ашиглалтын арга барил болон түлшний түүхий эдийг олборлохоос эхлэн хэрэглэж дуусах хүртэлх бүх мөчлөгүүдийг хамарсан бүтэн циклийн ялгаралт зэргийг нь харгалзах юм. Хүлэмжийн хийг бууруулах дунд хугацааны арга хэмжээний үр нөлөөний иж бүрэн үнэлгээг мөн хэлэлцсэн бөгөөд үүнд газарзүйн алслагдмал байдал, тээврийн зардал, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл зэрэг асуудлууд багтсан байна. 
Далайн орчныг хамгаалах хорооны 81 дүгээр хуралдаанаар "Хүлэмжийн хийн ялгарлыг цэвэр дүнгээр тэг байлгах тухай ОУДБ-ын зорилт" болон Хүлэмжийн хийн ялгарлын  мөчлөгийн эрчмийн талаарх зааварчилгааг батлах замаар уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд анхаарсан. Тус хороо нь Хөлөг онгоцны эрчим хүчний үр ашгийн менежментийн төлөвлөгөөний 2024 оны удирдамжийг батлах болон түлшний зарцуулалт, нүүрстөрөгчийн ялгарлын эрчмийн мэдээллийг хянан үзэж, хөлөг онгоцны эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх санаачилгыг дэвшүүлсэн. Түүнчлэн, Канадын бүсэд хамаарах Хойд туйлын усанд болон Норвегийн тэнгист ялгарах хүлэмжийн хийг хянах бүсүүдэд зөвшөөрлийг олгосон болно.
Мөн хуралдаанаар алдагдсан контейнерыг мэдүүлэх болон хуванцар үрлийг ашиглан ачаа барааг аюулгүй тээвэрлэх зааварчилгаанд орсон нэмэлт, өөрчлөлтийг батлах замаар далайн хог хаягдалтай тэмцэх асуудлыг зөвлөлдсөн.  
Далайн орчныг хамгаалах хорооны 81 дүгээр хуралдаанаар цахим бүртгэлийн дэвтрийг ашиглахтай холбоотой Хөлөг онгоцны тэнцвэржүүлэгч ус болон үлдэгдэл тунадасны хяналт ба менежментийн тухай олон улсын конвенцын A-1 болон B-2 журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Нэмэлт, өөрчлөлтүүд 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхлэх юм. Түүнчлэн, хэлэлцүүлгээр хөлөг онгоцыг дахин боловсруулахад аюулгүй ажиллагааг хангах зорилгоор Хөлөг онгоцыг аюулгүй, байгаль орчинд ээлтэй дахин боловсруулах тухай Хонг Конгын олон улсын конвенцыг хэрэгжүүлэх асуудлыг хөндсөн. 
Хуралдааны үеэр Хөлөг онгоцноос үүдэлтэй бохирдлоос сэргийлэх тухай олон улсын конвенцын VI хавсралтын нэмэлт, өөрчлөлтийг батлахын сацуу далайн дизель хөдөлгүүрт шилжиж, хийн ялгарлыг бууруулан үр ашгийг нь дээшлүүлэхийг чухалчилсан ба усан доорх дуу чимээг бууруулах ажлын төлөвлөгөөг мөн баталсан. 
Түүнчлэн,  төлөөлөгч нь Бүгд Найрамдах Панам Улс, Арабын Нэгдсэн Эмират Улс, Бүгд Найрамдах Турк Улсын төлөөлөгч нартай уулзаж, далайн салбарт хамтран ажиллах талаар санал солилцсон. 
Далайн орчныг хамгаалах хорооны 81 дүгээр хуралдааны шийдвэрүүд нь далайн салбарын тогтвортой байдал, байгаль орчныг хамгаалахад чиглэсэн томоохон алхам болсны дээр эдгээр тулгамдсан асуудлуудад дэлхий нийтийн оролцоо чухал болохыг харуулж байна. 

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ