Боомтын сэргэлт форумын хүрээнд 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан “Далайн эрх зүйн тухай Нэгдсэн Үндэстний конвенцийн заалтууд ба Далайд гарцгүй орнуудад олгогдсон эрх, ашиглах боломжийн тухай симпозиум”-д Далайн захиргааны мэргэжилтнүүд оролцож тус конвенц болон олон улсын бусад хууль эрх зүйн хэм хэмжээг хэрхэн хэрэгжүүлэн ажиллаж байгаагаа танилцууллаа.
Далайн захиргааны Гадаад хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн Д.Түвшинтөгс “Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын далайн захиргааны танилцуулга илтгэл”-ийг тавьсан бол Хөлөг онгоцны бүртгэл, хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн О.Анужин “Монгол Улсын хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаа”-ны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч оролцогчдын сонирхсон асуултад хариуллаа.
Далайн тээвэр, хуурай боомтын хэлтсийн мэргэжилтэн Д.Байгалмаа тавьсан илтгэлдээ Монгол Улсын үе, үеийн Засгийн газраас далайн тээврийн харилцаанд оролцох замаар далайд гарцгүйгээс үүдэн гарах сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээ авч ирсний нэг нь Монгол Улын Хөлөг онгоцны Нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаа байсныг тэмдэглэн хэлэв. Хөлөг онгоцны бүртгэлийг хийж гүйцэтгэсэн энэхүү 20 жилийн хугацаанд Монгол залуус далайн тээвэрлэлтийн талаар зохих мэдлэг хуримтлуулсны үр дүнд импортын ачааны тээврийн зардлыг бууруулахад чиглэгдсэн судалгаа хийж гүйцэтгэсэн ба улмаар “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг Монгол Улсад гардаж хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Хуурай боомтыг хэрэгжүүлснээр дараах хүндрэлийг шийдвэрлэх юм.
Монгол Улсад гуравдагч орноос далайгаар тээвэрлэн авчирч буй импортын бараа бүтээгдэхүүн хөрш орнуудын далайн боомт болон бусад байршилд удаан хугацаанд түгжирч саатдаг. Гэтэл тухайн импортын барааг тээвэрлэхдээ ашигладаг чингэлгүүд нь далайн тээврийн компанийн өмч байдаг ба зөвхөн тодорхой хугацааны дотор (дунджаар 8-14 хоног) эргүүлж өгөх хэлцэл байгуулдаг. Төрөл бүрийн хүндрэл, бэршээлээс шалтгаалан өгөгдсөн хоногийн дотор суллаж буцаагаагүйгээс үүдэн гарах чингэлэг удаасны торгууль, төлбөрийг валютаар буцаан төлдөг бөгөөд тээвэрлэлтийн зардал дээр нэмэлт ачаа болдог энэхүү зардал нь импортын бараа бүтээгдэхүүний эцсийн үнийн бүрдэлд хяналт, зохицуулалтгүйгээр улам бүр өссөн дүнтэй шингэж байна. Ингэснээр:
• дэлгүүрийн лангуун дээрх импортын болон бусад дагалдах барааны үнэ өмнөхөөс огцом өснө.
• Импортын бүтээгдэхүүнийг орлох үндэсний бүтээгдэхүүн байхгүй тул хэрэглэгчдэд тухайн барааг сонголтгүйгээр хэд дахин өссөн үнээр авах ба энэ нь жирийн иргэдийн өдөр тутмын амьдралын чанарт сөргөөр нөлөөлнө.
• улмаар Монгол төгрөгийн худалдан авах чадварыг эрс бууруулж, инфляц хөөрөгдөх гол шалтгаануудын нэг болдог.
Иймд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр далайн боомтын үргэлжлэл болох Хуурай боомтыг Монгол Улсын зүүн, баруун, босоо хэвтээ тэнхлэгүүдийг түшиглэн нийт 8 байршилд байгуулахаар Монгол Улсын Засгийн газраас шийдвэрлэсэн ба эхний ээлжинд Замын Үүдийн Бүс нутгийн логистикийн төвийг түшиглэн байгуулахаар ажиллаж байна.