Далайн захиргааны мэргэжилтнүүд Сингапур Улсад мэргэжил дээшлүүлээд ирлээ

Бид өмнө нь та бүхэндээ цахим хуудсаараа дамжуулан өөрсдийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Сингапур улс руу туршилга судлуулахаар явуулж байгаа талаар мэдээллэж байсан билээ. Уг хөтөлбөрт хамрагдсан бүх мэргэжилтнүүд Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа, хяналт шалгалтыг биеэр үзэж, туршлага судлаад ирсэн бөгөөд сүүлийн мэргэжилтэн энэ сарын 21 буюу өнөөдөр эх орондоо буцаж ирнэ. Сингапур улс дахь МУ-ын Далайн Захиргааны үйл ажиллагаа хариуцсан Монголын Хөлөг Онгоцны Бүртгэл ХХК-ны байранд 14 хоногийн турш тус сургалт явагдсан бөгөөд сургалтыг салбартаа мэргэшсэн чадварлаг мэргэжилтнүүд болох Монголын Хөлөг Онгоцны Бүртгэл ХХК-ны дарга Б.Алтан-Од, зөвлөх ноён Жонатан Фүнг нар удирдан явуулсан юм. Хичээл 100% англи хэл дээр заагдсан бөгөөд онол практикаар хослон явагдсанаараа онцлог байв.

Онолын хичээлийг ноён Жонатан Фүнг Олон Улсын Далайн Байгууллагын сургалтанд хэрэглэгддэг сургалтын материалуудыг ашиглан, санал солилцох, ярилцах аргаар мэргэжлийн өндөр түвшинд заасан юм. Харин практик хичээлийг дарга Б.Алтан-Од зөвлөх Жонатан Фүнг нар заасан бөгөөд хөтөлбөрт хамрагдсан мэргэжилтнүүдийг МУ-ын далбаатай хөлөг онгоцонд гарган шалгалт шинжилгээг хэрхэн хийдэг, хөлөг онгоц далайд аялан хөвөхдөө шаардлагын дагуу ямар зүйлсийг авч явах хэрэгтэй байдаг, хөлөг онгоцны бүтэц зохион байгуулалтын талаар тайлбарлан танилцуулах маягаар хичээлээ зааж байв.

“Хэдэн сараар ч хамаагүй аялалд гарах хөлөг онгоц, далайчдын амьдрал, тэдний үүрэг хариуцлагыг хөлөг онгоцонд гарсан хүн л ойлгох юм байна гэдгийг би ойлгосон. Хөлгүй их далайд хүний амь амьдралыг хариуцахаас гадна, тээвэрлэж буй ачаа бараа, хөлөг онгоцны өөрийн аюулгүй байдал, техникийн үзлэг шалгалт, учирч болох давагдашигүй хүчин зүйлс гээд олон давааг хөлөг онгоцны баг бүрэлдэхүүн өөрсдийн тэвчээр, мэргэжлийн ур чадвар, ухаанаараа давдаг бөгөөд бидний бодсоноос энэ бол тэс өөр амаргүй ажил юм байна гэдгийг би хэдхэн өдөр хөлөг онгоцонд танилцах дадлага хийсэний хувьд мэдэрсэн. Анх бид багштайгаа /зөвлөх Жонатан Фүнг/ МУ-ын далбаатай хөлөг онгоцонд гарсан юм. Тэр хөлөг онгоцны капитан нь Индонез хүн байсан бөгөөд саяхнаас хөлөг онгоцоо Монголын далбаатай болгосон гэж хэлж байв.

Мөн хөлөг онгоцны бичиг баримт, хяналт шалгалтын талаар асууж лавлах зүйлсээ 24 цагийн хэзээ ч хамаагүй утасдан асууж найрсаг бөгөөд үнэтэй зөвлөгөө өгдөг Монголын Хөлөг Онгоцны Бүртгэл ХХК-ны бүх ажилчдад баярлаж явдаг талаараа бидэнд хэлсэн юм.

Өөрийн улсын далбааг намируулах хүсэлтэй олон орнуудын дундаас МУ-ын далбааг яагаад намируулна вэ гэдгийг би урьд нь их боддог байсан. Гэхдээ үнэхээр үйлчлүүлэгчидээ татахын тулд дүрэм, журамаа сайн мэддэг энэ салбартаа олон жил ажилласан туршилгатай, ямар ч яаралтай үед зөвлөгөө өгөн, шуурхай бөгөөд уян хатан үйлчилгээг үзүүлдэг нь Монгол Улсын Далайн захиргааны харьяа “Монголын Хөлөг Онгоцны Бүртгэл” ХХК онцлог юм байна гэдгийг ойлгож бахархах сэтгэл төрсөн.” хэмээн сургалтанд хамрагдаад ирсэн Далайн Захиргааны Далайн Тээврийн мэргэжилтэн хэлсэн юм.

Ким Ү Жиний хэлсэнээр “Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна.” гэдэг үг ийнхүү явсан газраасаа аяны богц дүүрэн ирсэн Далайн Захиргааны мэргэжилтнүүдийн цувааны үр дүнг илэрхийлэх бөгөөд тэд ч хийх ажлын их санаа, мэдлэгээр дүүрэн өөрсдийн ажилдаа хамцуй шумлан орлоо.

Боловсруулсан: М.Мөнхцэцэг

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ