УСАН ЗАМЫН ТЭЭВРИЙН ХЯНАЛТАД ГЭРЭЛТ ЦАМХАГ БҮХИЙ ЗӨӨВРИЙН ХЯНАЛТЫН КАМЕРЫН СИСТЕМИЙГ АШИГЛАНА

Сүүлийн жилүүдэд усан замын тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан ЗТХЯ-ны Далайн захиргаанаас усан замын тээврийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор үе шаттайгаар хэд хэдэн ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаа билээ. Үүнд усан замын тээврийн хэрэгслүүдэд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг суурилуулах ажлыг 2023 оноос эхлүүлсэн бөгөөд 2024 оноос Хөвсгөл нуурт завины хөдөлгөөний нягтрал ихтэй, эрсдэл бүхий хэд хэдэн байршилд гэрэлт цамхаг бүхий зөөврийн камерын системүүдийг суурилуулахаар төлөвлөөд байна. 


Энэхүү зөөврийн камерын систем нь сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг бөгөөд 3 ширхэг нарны зайн хавтан, 12В-ийн 6 ширхэг цэнэг хураагуур, 3 ширхэг камер, үүнээс 360 градус орчныг хянах камер 1 ширхэг, камерын дата процессор, мэдээллээ 25 км-ийн зайнд дамжуулах хүчин чадалтай холбооны антен зэргээр тоноглогдсон төхөөрөмж юм. Зөөврийн камерын системийг Хөвсгөл нуурын Жанхайн цагаан эрэг “Дээд модот булан”, “Сомо сарьдаг”, “Усан замын зогсоол” зэрэг байршлуудад суурилуулах бөгөөд шөнийн цагт чиглүүлэгч гэрэлт цамхгаар мөн ашиглагдах боломжтой юм.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ