ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН 33 ДУГААР АССАМБЛЕЙ ЛОНДОН ХОТНОО ЧУУЛЖ БАЙНА

Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын Ассамблейн 33 дугаар ээлжит чуулга уулзалт энэ оны 11 дүгээр сарын 27-ноос 12 дугаар сарын 6-ны өдрүүдэд Лондон хотноо тус байгууллагын төв байран дээр болж байна. ОУДБ нь далайн тээврийн аюулгүй байдлыг хангах, хөлөг онгоцнуудын далай тэнгис болон агаар мандалд учруулах бохирдлоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа явуулдаг НҮБ-ын төрөлжсөн байгууллага юм. Дэлхийн 175 улс бүрэн эрхт гишүүнээр элссэн. Чуулга уулзалтад Монгол Улсаас ОУДБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Б.Энхсүх, Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн бусад төлөөлөгчдийн хамт оролцож байна.

Хоёр жилд нэг удаа болдог энэхүү чуулганы үеэр гүйцэтгэх удирдллагын бүтэц болох Зөвлөлийн А, B, C категорийн орнуудын сонгууль болж, шинээр сонгогдсон Ерөнхий нарийн бичгийн даргыг батална. 2016 оноос хойш тус албыг хашиж байгаа Ерөнхий нарийн бичгийн дарга Китак Лим (Өмнөд Солонгос) 2024 оны 1 дүгээр сарын 01-нээс Арсенио Антонио Доминикез Веласко (Панам)-д үүрэгт ажлаа шилжүүлэх болно.

Монгол Улс ОУДБ-д 1996 онд гишүүнээр элсэж орсон бөгөөд өдгөө далайн салбарын 30 гаруй гэрээ, конвенц, тэр дундаа Далайд гарцгүй улсын далбаагаа мандуулах эрхийг хүлээн зөвшөөрөх тухай тунхаглалд нэгдэн орсноор далайн тээврийн үйл ажиллагааг эрхлэх, хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах боломжтой болсон. Одоогийн байдлаар 250 гаруй хөлөг онгоц Монголын далбаатай их далайд аялж байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ