Дэлхийн худалдаа жилээс жилд улам бүр нэмэгдэж байгаа энэ цаг үед 2050 он гэхэд далайгаар тээвэрлэх ачааны хэмжээ одоо байгаагаас даруй хоёр дахин нэмэгдэнэ гэж үзэж байна.
Сүүлийн жилүүдэд Ковид-19 цар тахлын нөлөөнөөс үүдэн Ази-Европ хооронд далайн тээврээс илүүтэйгээр хуурай замаар транзитаар тээвэрлэх ачаа барааны хэмжээ огцом өсөх хандлагатай байна. БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилга нь Ази, Европ, Африкийг дэд бүтцээр холбож, “Торгоны зам” -ын дагуух бүс нутагт үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээврийн сүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээ тогтвортой өсөж байна.
Энэхүү гадаад худалдааны өсөлтийг дагаад тээврийн эрэлт хэрэгцээ улам эрчимжиж байгаатай холбогдуулж бүс нутгийн хэмжээнд тээврийн урсгалыг сайжруулах зорилгоор хөрш орнуудтайгаа хамтран ажиллах, Монгол Улсын Засгийн газрын “Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийн хүрээнд Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн дотооддоо дэд бүтцээ өргөжүүлэх, сайжруулах зорилтыг тавин ажиллаж байгаа ба төмөр замын дэд бүтэцтэй холбогдсон хилийн боомтын тоог 7 болгох, төмөр замын бүтээн байгуулалтыг 2030 он гэхэд одоо байгаагаас 2 дахин нэмэгдэж 4680 км хүргэхээр төлөвлөсөн.
Олон улсын худалдаанд гарах нийт зардлын 10 хүртэлх хувь нь тарифын, 60-90% нь тарифын бус саад тотгор байдаг. Энэхүү тарифын болон тарифын бус хориг саадыг арилгахын тулд худалдаа болон гаалийн дурэм, журмыг хялбарчлах, үр ашигтай, найдвартай, тогтвортой тээврийн чиглэл болон үйлчилгээг бий болгох, худалдааны тэнцвэртэй байдлыг хангах үндсэн үүргийг хуурай боомтыг байгуулан шийдвэрлэж байгааг олон улсын туршлагууд харуулж байна.
Монгол Улсад хуурай боомт байгуулах замаар тээвэрлэлтийн хугацаа, тарифын болон тарифын бус саад тотгорыг үе шаттай шийдвэрлэх зорилтын хүрээнд Монгол Улс бүс нутгийн тээврийн интеграцид нэгдэх замаар тээврийн дэд бүтцийн холболтын цэгүүдэд хуурай боомт байгуулах 8 байршлыг тодорхойлсон.
Эхний ээлжид байршлын бэлэн байдлын үнэлгээг хийж үзэхэд хамгийн тэргүүн ээлжид Замын-Үүдэд одоо байгаа тээврийн дэд бүтцийг түшиглэн өргөтгөх байдлаар шийдвэрлэхээр ЗТХ-ийн сайдын тушаалаар Замын-Үүдэд хуурай боомт байгуулах ажлын хэсэг байгуулагдан холбогдох ажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хуурай боомтыг Замын-Үүд дээр эхний ээлжид байгуулснаар бүс нутгийн транзит тээврийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, хилийн шилжүүлэн ачилтын зарцуулах хугацааг 2 дахин бууруулах, Монгол Улсын импортын ачаа тээврийн логистикийн зардлыг хамгийн багадаа 15-20%-иар бууруулах, тээвэрлэлтийн хугацааг 1.5 дахин бууруулах, зэрэг урьдчилсан тооцоо судалгаа гарсан.
Импортын хоосон чингэлэгийг буцах чиглэлд экспортын бараа бүтээгдэхүүнийг боловсруулах, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээврийг нэгтгэн зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, чингэлэг тээврийн хүлээн авах хүчин чадлыг эхний ээлжид 2 дахин цаашид үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг олон талын ач холбогдолтой.
Хуурай боомттой уялдуулж тээврийн дэд бүтцүүдийг шат дараатай өргөтгөж сайжруулснаар хилийн хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх, ачаа тээвэрлэлтийн хугацааг түргэн шуурхай болгох, тээврийн зардлыг багасгана.
“БҮС НУТГИЙН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ХОЛБОЛТЫГ БЭХЖҮҮЛЭХ НЬ” СЭДЭВТ МОНГОЛ УЛСЫН ТЭЭВРИЙН ДОЛОО ХОНОГ 2023