“МОНГОЛ УЛСЫН ТЭЭВЭР ЛОГИСТИКИЙН САЛБАР БА ХУУРАЙ БООМТ” СЭДВИЙН ХҮРЭЭНД ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

 

            Монгол Улсын Далайн захиргаа, Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон Улсын судалгааны төв, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо хамтран “Монгол Улсын тээвэр логистикийн салбар ба Хуурай боомт” сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулахаар ажиллаж байна.

Далайн захиргаа нь Монгол Улсын нийслэл Улаанбаатарт төвтэй анхны Олон Улсын байгууллага болох “Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон Улсын Судалгааны төв”-тэй 2014 онд, “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагатай 2018 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан ба тээвэр логистикийн салбарын үйл ажиллагаанд зайлшгүй хийж гүйцэтгэх шаардлагатай ажлуудыг томьёолох, эрэмбэлэх замаар төлөвлөгөө гарган хамтран ажилладаг.

            Санамж бичгүүдийн гол агуулга нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангахад шаардлагатай мэдээ мэдээллийг солилцох индэртэй болох, улмаар далайд гарцгүй Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч орноос далайгаар болон хөрш орнуудын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэх үйл ажиллагаанд тулгарах асуудлыг Монгол Улсын нэгдэж орсон олон талт гэрээ, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, конвенцоор олгогдсон эрх, боломжийг бодитоор хэрэгжүүлэх замаар тээвэр, логистикийн зардлыг бууруулах зорилготой.

2023 оны 10 дугаар сарын 4-ний өдөр Далайн захиргааны “Хуурай боомт, далайн тээврийн хэлтэс, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Төлөөлөн Удирдах зөвлөлийн дарга П.Солонго болон УЗ-ийн гишүүн Д.Энхбат, менежер М.Номин нартай уулзалт зохион байгуулж “Монгол Улсын тээвэр, логистикийн салбар ба Хуурай боомт” сэдвийн хүрээнд хамтран хийхээр төлөвлөж буй хэлэлцүүлгийн бэлтгэл ажлын талаар ярилцан, урьдчилсан хөтөлбөрийг гаргав.

            Хэлэлцүүлгийн хүрээнд Монгол Улсад байгуулахаар төлөвлөж буй “Хуурай боомт”-ын талаарх төрийн бодлого, хэрэгжүүлж байгаа арга хэмжээг аж ахуйн нэгж, байгууллагад танилцуулахаас гадна тээвэр зуучлалын үйл ажиллагаа эрхэлж буй эдгээр байгууллагад тулгардаг нийтлэг хүндрэл, бэрхшээлийн талаар сонсож, даван туулахад чиглэгдсэн арга замын талаар зөвшилцөнө. Хамтарсан хэлэлцүүлгээс гарах дүгнэлт, санал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмжийг боловсруулан ЗТХЯ-нд хүргүүлэх ба Далайн захиргааны 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган ажиллах юм.

Хамтарсан хэлэлцүүлгийг 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр НҮБ-ын суурин төлөөлөгчийн газрын хурлын танхимд зохион байгуулна.

             

           ХУУРАЙ БООМТ, ДАЛАЙН ТЭЭВРИЙН ХЭЛТЭС

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ