ЗТХЯ-ны харьяа Далайн захиргааны Усан замын тээврийн бүртгэл, хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Ш.Долгионоос усан замын тээврийн салбарт авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар тодрууллаа

Улсын бүртгэлд хэчнээн усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байдаг вэ? Техникийн хяналтын үзлэг, тооллогыг энэ онд хэрхэн зохион байгуулан ажиллав.  

Зам, тээврийн хөгжлийн сайдын баталсан журмын дагуу усан замын тээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тоо бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох ажлыг манай байгууллага хариуцсан зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар мэдээллийн санд нийт 206 усан замын тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Мөн Далайн захиргааны мэргэжилтэн, улсын байцаагч нар гол, мөрөн, нуур бүхий Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий, Дорнод зэрэг аймаг, орон нутгуудад ажиллаж, усан замын тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэгийг зохион байгуулан ажилласан. Үзлэгт нийт 146 усан замын тээврийн хэрэгсэл хамрагдсанаас 112 тээврийн хэрэгсэл тэнцэж, 34 тээврийн хэрэгсэл тэнцээгүй дүнтэй байна.   

 

Бүртгэлийн үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр танай байгууллагаас ямар ажлууд хийгдэж байгаа талаар манай уншигч нар сонирхуулбал.

Зам, тээврийн салбарын үйлчилгээг цахимжуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу Далайн захиргаанаас 2023 онд усан замын тээврийн хэрэгслийн жолоочийн үнэмлэх, жолоодох эрхийн лавлагаа, техникийн хяналтын үзлэгийн лавлагаа зэрэг үйлчилгээ E-Mongolia-д нэгтгэх ажлыг хийж байна. Өнгөрсөн жилээс эхлэн усан замын тээврийн хэрэгслийг шинээр бүртгүүлэх, шилжилт хөдөлгөөн хийх, бүртгэлээс хасах хүсэлт, өргөдлийг E-Mongolia-аар дамжуулан хүлээн авч шийдвэрлэх боломжтой болгосон байгаа.

 

Усан замын тээврийн хяналт эргүүлийг хэрхэн гүйцэтгэж ажиллав?

Далайн захиргаа Хөвсгөл нуурт усан замын тээврийн завьт эргүүл хяналтыг зуны улиралд тогтмол гүйцэтгэн ажилладаг. Сүүлийн жилүүдэд усан замын тээврийн хэрэгслийн тоо ихтэй нуурууд нэмэгдсэнтэй холбоотойгоор Архангай аймгийн Өгий нуурт тогтмол эргүүл хяналтыг гарган ажиллуулдаг болсон. Энэ жилээс Тэрхийн цагаан нуурт тодорхой хугацаанд мөн ээлжээр мэргэжилтнүүдийг эргүүл хяналтаар ажиллуулсан. Түүнчлэн баяр наадмын ачаалал ихтэй үед эргүүл хяналтыг хүч нэмэгдүүлсэн байдлаар зохион байгуулсан бөгөөд нуурын эргээр амрагч буй иргэд хийлдэг завь болон зориулалт бус хөвөгч хэрэгсэл ашигласнаас амь насаа алдах тохиолдол гардаг тул Далайн захиргаа энэ жилээс “Оюутан эргүүл” ажиллуулж, иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор зарим нуурын эрэг дагуу анхааруулах самбар байршуулж, “Аврах хантаазаа өмс”, “Хийлдэг завь тогтоом биш” зааварчилгаа бүхий тараах материал, богино хэмжээний видео шторкийг бэлтгэн олон нийтэд хүргэх ажлыг зохион байгуулсан.   

Хөвөлтийн аюулгүй байдалд тавих хяналтыг сайжруулах зорилгоор энэ жилээс анх удаа тээврийн хэрэгслийн байршил тогтоогч GPS төхөөрөмжийг хяналтад ажилласан. Хөвсгөл, Архангай, Увс, Баян-Өлгий аймгийн нийт 80 гаруй усан замын тээврийн хэрэгсэлд байршил тогтоогч GPS төхөөрөмжийг суурилуулсан бөгөөд үүнд АТҮТ-ийн тээврийн хяналтын системийг ашигласан.

 

Хүйтний улирал эхэлж байгаатай холбоотойгоор усан замын тээврийн үйл ажиллагааг зогсоох талаар ямар арга хэмжээ авдаг вэ?

Усан замын тээврийн тухай хуулийн 7 дугаар зүйл аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд тухайн орон нутагтаа усан замын тээврийн хөвөлтийн улирлын эхлэх, дуусах хугацааг усан замын тээврийн хэрэгслийн зориулалт, хүчин чадалд нийцүүлэн орон нутгийн байгаль орчны асуудал хариуцсан байгууллагатай хамтран батлахаар заасан байдаг. Үүний дагуу усан замын тээврийн хөвөлтийн улирлыг дуусгах, тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох талаар хуулиар олгогдсон эрхийн дагуу холбогдох шийдвэрийг гаргаж, зохих арга хэмжээ авч ажиллахыг Нийслэл болон Архангай, Баян-Өлгий, Увс, Булган, Сэлэнгэ, Дорнод, Хэнтий аймгуудын Засаг дарга нарт манай байгууллагаас албан тоотыг хүргүүлсэн. Түүнчлэн эдгээр аймгуудын Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдэд мэдээллээр хангах ажлыг гүйцэтгэдэг. Одоогоор Архангай, Баян-Өлгий, Увс, аймгийн Засаг даргын захирамж гарган ирүүлээд байна. Зарим аймгийн Засаг дарга нар хөвөлтийн дуусгах хугацааг жил бүр ижил байхаар нэг удаа захирамжаа гарган баталсан нь хүндрэлтэй байдал үүсгэдэг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын “Усан замын тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн А/332 дугаар захирамжаар аймгийн хэмжээнд усан замын тээвэрлэлтийн дуусах хугацааг жил бүрийн 9 дүгээр сарын 15-ны өдөр байхаар тогтоосон нь бодит байдал нийцэхгүй байгаа юм. Энэхүү захирамжаар тогтоосон хугацаанд Далайн захиргааны улсын байцаагчид усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч нарт зохих шаардлага тавин завиа уснаас гаргах мэдэгдлийг хүргүүлдэг. Усан замын тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байх анхааруулга бүхий мэдээллийг байгууллагын цахим хуудас болон олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдээлэх ажлыг хийж гүйцэтгэсэн.

Энэ нь Зам, тээврийн салбарын өвөлжилтийн бэлтгэлийг хангах нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажил бөгөөд зарим аймаг, орон нутгийн удирдлага хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу тухайн нутаг дэвсгэртээ орших гол, мөрөн, нууруудад усан замын тээврийн үйл ажиллагааг бүрэн зогсоох тухай шийдвэр гаргах тал дээр маш хойрго ханддаг. Мөн гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг хангах, хяналт тавихад тухайн орон нутгийн эрх бүхий байгууллагуудын оролцоо хангалтгүй байгаад анхаарах шаардлагатай байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ