Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хөвсгөл нуурт живсэн машин, техникийг гаргах ажлын хүрээнд байршлыг нарийвчлан тогтоох судалгааны ажлыг 2022 оны 08-10 дугаар сарын хооронд Геомастер компанийн инженер, техникийн 3 ажилтан, ЗТХЯ-ны Далайн захиргааны 1 улсын байцаагч, Хөвсгөл аймгийн ОБГ-ын 1 албан хаагч нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй баг гүйцэтгэсэн. Уг судалгааны ажилд 300 метрийн гүн хүртэл, 200 метрийн өргөнтэйгөөр сканер хийх хүчин чадалтай АНУ-д үйлдвэрлэсэн 1 эхолот багаж, ХБНГУ-д үйлдвэрлэсэн 8,3 метрийн урттай тусгай зориулалтын аврах 1 завь ашиглагдсан. Эхолот багажийг аврах завинд бэхэлсэн троссоор нуурын гүн рүү оруулж хэмжилтийг гүйцэтгэсэн. Хэмжилтийг нуурын мандалд давлагаагүй маш тогтуун үед илүү нарийвчилсан дүрс авах боломжтой ба Хөвсгөл нуурт намрын хүчтэй давлагааны үе эхэлсэнтэй холбогдуулан судалгааны ажилд цаг агаараас шалтгаалсан хүндрэл, саатлууд их учирч байсан ч судалгааны багийн ур чадвар, хичээл зүтгэл их байсныг энд дурдах нь зүйтэй боловуу.
Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох хамтарсан судалгаагаар нийт 9 цэг дээр ажилласан бөгөөд хамгийн их гүнтэй цэг нь 200 метр, хамгийн бага гүнтэй цэгт авто машин байгааг тогтоосон. Эдгээр цэгүүдэд илрүүлсэн объектыг баталгаажуулан татан гаргах баг бүрэлдэхүүнд хүлээлгэн өгсөн юм.
Дээрх судалгааны үр дүнгээр тогтоогдсон Хөвсгөл нуурын эргээс 400 орчим метр зайтай, 33.4 метрийн гүнд 1968 онд живсэн “Т-100” загварын 11 тонн жинтэй гинжит тракторыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тусгай техник хэрэгсэл ашиглан амжилттай татан гаргасанд энэхүү ажиллагаанд оролцож буй нийт бие бүрэлдэхүүнд болон хамтран оролцогч байгууллагуудад ЗТХЯ-ны харьяа Далайн захиргаанаас талархлаа илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА