Ази, номхон далайн бүс нутгийн Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаадын зөвлөлийн (АФОМСА) нь Ази, Номхон далайн бүс нутаг дахь далайн салбарын нөлөө бүхий гол олон улсын бүлгэм болохын хувьд Монгол Улсын Далайн захиргаанаас 2018 онд гишүүнээр элсэх хүсэлтээ илэрхийлсний дагуу нийт гишүүдийн саналаар дэмжигдсэн. Тус зөвлөлөөс жил бүр зохион байгууллагддаг ээлжит зөвлөгөөнийг гишүүн орнууд ээлжлэн өөрийн улсад зохион байгуулах үүрэг хүлээдэг бөгөөд 2019 онд БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулагдсан зөвлөгөөний үеэр 23 дугаар зөвлөгөөнийг Монгол Улсад зохион байгуулах тов гарсны дагуу Австралийн Далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран Сидней хотноо 2023 оны 06 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд амжилттай хамтран зохион байгууллаа.
Энэ удаагийн зөвлөгөөнд Ази-Номхон далайн бүс нутгийн нийт 28 орны далайн салбарын удирдах түвшний байгууллагуудын удирдлагууд болох 120 төлөөлөгчид болон ажиглагчийн статусаар Олон улсын далайн байгууллага (ОУДБ), Токиогийн Санамж бичиг, Номхон далайн нийгэмлэг тэргүүтэй салбарын 9 ажиглагч олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцлоо.
Зөвлөгөөнийг нээж Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн үг хэлсэн бөгөөд нээлтийн үйл ажиллагааг Австралид суугаа Монгол Улсын Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд морин хуур, хөөмий, уран нугаралт, монгол ардын бүжиг зэргийг зочдод толилуулсан нь олны талархлыг хүлээсэн юм.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Далайн захиргааны зүгээс далайн орчныг хамгаалахад далайд гарцгүй Монгол Улсын оролцоо, далайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлж буй Монгол Улсын үйл ажиллагаа, далайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэсэн гурван сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бөгөөд илтгэл бүрийн дараа БНСУ, БНХАУ, Кирибат, Канад, Австрали зэрэг улсын төлөөлөгчид Монгол Улсын далайн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, хөлөг онгоцны бүртгэлээ сайжруулах чиглэлээр хийсэн ажил, хүчин чармайлтыг сайшааж, дэмжиж ажиллахаа илэрхийлж байсан.
Түүнчлэн, зөвлөгөөний үеэр ОУДБ, БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам, Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаа, Австралийн Далайн аюулгүй байдлын захиргаа, БНХАУ-ын Далайн аюулгүй байдлын захиргаа, Токиогийн Санамж бичгийн хэрэг эрхлэх газрын дарга, БНСВУ-ын Далайн захиргаа, АНУ-ын Эргийн хамгаалалтын захиргааны төлөөлөгчидтэй хоёр талт уулзалтууд хийж далайн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцож, техникийн хамтын ажиллагааны хүрээнд дэмжлэг авах талаар хүсэлтээ илэрхийлсний дагуу айлын талаас дэмжиж ажиллахаа илэрхийллээ.
Зөвлөгөөнийг хамтран зохион байгуулж буйд бүх төлөөлөгчид Монгол Улсын Далайн захиргаанд талархал илэрхийлж байсан бөгөөд Монголын Үндэсний телевизээр уг үйл ажиллагааг шууд дамжуулан, Австралийн Далайн аюулгүй байдлын захиргааны дарга Монгол Улстай хамтран ажиллаж байгаадаа талархал илэрхийлж, далайн салбарт хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайшаасан тухай ярилцлага өгсөн зэрэг нь Монгол Улсын далайн салбар дахь оролцоо, нэр хүндийг олон улсад нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал болов. Дашрамд дурдахад уг зөвлөлийн гишүүнээр цорын ганц далайд гарцгүй орны төлөөлөл байдаг нь Монгол Улсын Далайн захиргаа юм.