Монгол Улс далайд гарцгүй орны хувьд их далайг хүн төрөлхтөн бүх нийтээр эзэмших эрхээ эдлэх, далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэн орсон ба үүнээс хойш НҮБ-ын “Далайн эрх зүйн тухай” конвенц зэрэг өдгөө 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн ороод байна.
Тус конвенцын холбогдох заалтын дагуу аливаа улс өөрийн улсын далбааг хөлөг онгоцон дээр мандуулах эрхийн хүрээнд Монгол Улс хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг 2003 оноос явуулахын сацуу өөрийн далбаан дор аялж буй хөлөг онгоцны үйл ажиллагаанд далбааны эзэн улсын хяналтыг хэрэгжүүлэх замаар олон улсын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэн ажилласаар өдгөө 20 жилийн ой тохиож байна.
Далайд гарцгүй Монгол Улс их далайг ашиглах шийдвэрийг гаргаж, далайн тээврийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар Б.Жигжидийг Далайн захиргааны хамт олон хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн Далайн захиргааны үе үеийн нийт албан хаагчид, хамт олны нэрийн өмнөөс талархал илэрхийллээ.
Түүний Дэд бүтцийн сайд байхдаа эхлүүлсэн ажлыг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлж ирсэн тухай танилцуулж, тухайн үед тулгарч байсан хүндрэл, бэрхшээл, тэдгээрийг хэрхэн даван туулсан талаар сонирхолтой түүх сонсохын сацуу Б.Жигжид сайд Далайн захиргааны албан хаагчдад үнэтэй зөвлөгөө өгсөн халуун дотно уулзалт боллоо.