Монгол Улс хэдий далайд гарцгүй ч НҮБ-ын Далайн эрх зүйн тухай конвенцын дагуу их далайд далбаагаа мандуулах эрхийн хүрээнд 2003 оноос эхлэн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, 1996 онд Олон улсын далайн байгууллага (ОУДБ)-ын гишүүн орон, 2018 онд Ази, Номхон далайн бүс нутгийн далайн тээврийн аюулгүй байдлын удирдлагуудын зөвлөлд (АФОМСА) тус тус гишүүнээр элссэн. Улмаар БНСУ-ын Сөүл хотноо 2019 онд зохион байгуулагдсан 20 дугаар зөвлөгөөний үеэр 23 дугаар зөвлөгөөнийг Монгол Улс зохион байгуулах тов гарсны дагуу Монгол Улсын Далайн захиргааны зүгээс энэ жил Австралийн Далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран 06 дугаар сарын 05-08-ны өдрүүдэд Сидней хотноо зохион байгууллаа. Ази-Номхон далайн бүс нутаг бол дэлхийн далайн тээврийн салбарт чухал үүрэг гүйцэтгэх бүс нутаг юм.
Энэ удаагийн зөвлөгөөнд 28 улс, олон улсын 5 байгууллагын нийт 130 гаруй төлөөлөгчид хуран цугласан байна. Зөвлөгөөний нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсаас Австралийнн Холбооны Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд морин хуур, уран нугаралт, үндэсний бүжгийн урлагийн тоглолт үзүүлсэн юм. Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн зөвлөгөөний нээлтийн үеэр хэлсэн үгэндээ НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтууд болон ОУДБ-ын 2030 оны зорилтуудыг хэрэгжүүлэхэд АФОМСА-гийн стратегийн зорилтууд болох бүс нутгийн хамтын ажиллагаа, далайн орчныг хамгаалах, далай дээрх аюулгүй байдал болон далайчдын нийгмийн халамж, далайн ослын хариу арга хэмжээ, далайн салбарын эмэгтэйчүүд гэсэн сэдвүүдийн хүрээнд хэлэлцэх энэ удаагийн хурал чухал ач холбогдолтой гэдгийг онцлоод олон улсын холбогдох гэрээ, конвенцын дагуу далайн орчныг хамгаалахад далайд гарцгүй болон эргийн, боомтын улсуудын тэгш оролцоог хангах нь чухал гэдгийг дурдлаа.
Зөвлөгөөний үеэр Монгол Улсын Далайн захиргаанаас далайн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Монгол Улсаас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, далайн орчныг хамгаалахад далайд гарцгүй Монгол Улсын оролцоо, далайн салбарын эмэгтэйчүүдийн оролцоог дэмжихэд Монгол Улсын зүгээс авч хэрэгжүүлж буй арга хэмжээ гэсэн гурван сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Их далай гэдэг дэлхийн худалдааны эргэлтийн 90 хувийг тээвэрлэхийн зэрэгцээ хүчил төрөгчийн 50 хувийг дангаар үйлдвэрлэж, дэлхийн дулааралд нөлөөлж буй нүүрс хүчлийн хийнээс ялгарч буй нийт дулааны 90 хувийг өөртөө шингээж авдаг тул далайн орчныг хамгаалахад сүүлийн жилүүдэд цөлжилтөд өртөж байгаа далайд гарцгүй орны дуу хоолой ихээхэн чухал юм.