Далайн захиргаа нь тээврийн салбарт бэлтгэгдэн гарч буй боловсон хүчний боловсрол, мэдлэг, төлөвшилд анхаарал хандуулан ажилласаар ирсэн төрийн байгууллага бөгөөд ШУТИС-ийн Механик тээврийн сургуультай Хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд “Далайн тээвэр, боомтын үйл ажиллагаа” сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг боловсруулж, оюутнуудад зааж эзэмшүүлдэг.
Батлан хамгаалах Их сургуулиас албан тоот ирүүлэн хүсэлт гаргасны үндсэн дээр Далайн захиргааны мэргэжилтэн Д.Байгалмаа, О.Дашбалбар нар 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр тус сургуулийн Аюулгүй байдлын дээд сургуулийн Инженерчлэлийн тэнхимийн АВТО ИНЖЕНЕР ХӨТӨЛБӨРИЙН 3 курсийн оюутнуудад “Далайд гарцгүй Монгол Улсын далайн салбарын оролцоо, далайн эрх зүй, байгаль орчны тухай” танилцуулга, лекц хичээл оров.
Хичээлийн үеэр далайн салбараас манай улсын эдийн засаг болон цаг агаар, байгаль орчин хэрхэн хамаардаг тухай мэдээ, мэдээлэл, сонирхолтой баримтыг ярьж танилцуулахаас гадна Монгол Улсын ирээдүй болсон эдгээр оюутнуудын өмнө ямар их нөөц боломж, сайхан ирээдүй байгааг жишээгээр тайлбарлан, улам их хичээн суралцаж дэлхийд үнэлэгдэх чадвартай мэргэжилтэн болох замаар Эх орондоо ихийг бүтээхийг хүслээ.
2023.05.26