Хөлөг онгоцон дээрх аюулгүй ажиллагаа ба техникийн хяналтын үзлэг, шалгалт явуулах анхан шатны сургалтад хамрагдав

Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаатай 2022 оны 06 дугаар сард шинэчлэн байгуулсан хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд тус институтээс зохион байгуулсан “Хөлөг онгоцон дээрх аюулгүй ажиллагаа ба техникийн хяналтын үзлэг, шалгалт явуулах анхан шатны сургалтад” Далайн захиргааны далбааны эзэн улсын хяналтын байцаагч, усан замын тээврийн хяналтын улсын байцаагч зэрэг холбогдох албан хаагчид амжилттай хамрагдаж, олон улсад хүчинтэй гэрчилгээ гардан авлаа.

БНСУ-д томилолтоор ажиллах үеэр Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга болон Гадаад харилцаа, хамтын ажиллагаа хариуцсан мэргэжилтэн нар БНСУ-ын Далайн хэрэг, загас агнуурын яам, Далайн шинжлэх ухаан, технологийн хүрээлэн, Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, Далайн тээврийн судалгааны хүрээлэнгийн удирдлагуудтай албан уулзалт хийж далайн салбарт өрнүүлж буй хоёр орны хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Эдгээр уулзалтуудын үеэр Далайн захиргааны зүгээс Монгол Улсын далайн салбарт БНСУ-ын талаас өдийг хүртэл оруулсан үнэтэй хувь нэмэрт талархал илэрхийлээд, БНСУ-ын Хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд дээрх байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Монгол Улсын далайн тээврийн салбарын хүний нөөцийг бэлтгэх, дотоодын усан замын тээврийн хяналт, аюулгүй байдлыг сайжруулах төсөл”, “Монгол Улсын Хөвсгөл нуурын усан замын тээврийн судалгаа, хөгжлийн цогцолбор байгуулж, судалгааны усан онгоц нэвтрүүлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэх талаар санал солилцсоны дагуу БНСУ-ын талаас дэмжиж ажиллахаа илэрхийлсэн юм. Эдгээр төслийн баримт бичгийг БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын яам хүлээж авсны дагуу ирэх 2024 онд хэрэгжүүлэхээр санал болгож буй тэргүүлэх төслүүдийн жагсаалтдаа оруулан БНСУ-ын Гадаад хэргийн яаманд уламжилсан болохоо мэдэгдэв.

БНСУ нь ОУДБ-ын А категорийн гишүүн орон болохын хувьд НҮБ-ын Далайн эрх зүйн тухай 1982 оны конвенцоор “Их далай нь бүх хүн төрөлхтний өмч” хэмээн тунхагласны дагуу далайд гарцгүй Монгол Улсын оролцоог бусад жижиг арлын хөгжиж буй орнууд, Африкийн орнуудын адил түвшинд үзэж, тэр дундаа далайн бохирдлоос үүдэн бий болж буй уур амьсгалын өөрчлөлтөд далайд гарцгүй орон ихээхэн өртөж байгаа гэдгийг Далайн захиргааны зүгээс онцлоод, ОУДБ-ын Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрт Монгол Улсыг хамруулахад онцгой анхаарч ажиллахыг БНСУ-ын талаас хүслээ.

Түүнчлэн, БНСУ-ын далайн салбарын стратеги, бодлого төлөвлөлтийг хариуцан ажилладаг гол байгууллага болох Далайн тээврийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулан ажиллах талаар харилцан тохиролцсон нь томилолтын үр дүнгийн томоохон ололт болсон юм.  

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ