Монгол Улс НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн коммиссоос батлан гаргасан “Хуурай боомтын тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрт 2016 онд нэгдэж орсон бөгөөд одоогийн байдлаар хуурай боомтыг шинээр байгуулах талаар судалгааны ажлыг хийж дуусгаад байна.
Хуурай боомт гэдэг нь далайн боомтын хэрэгжүүлдэг үйл ажиллагааг далайн эрэг бүхий боомтоос алслагдсан газарт, нутгийн гүнд гүйцэтгэдэг тээвэр, логистикийн томоохон бүтээн байгуулалт юм. Тээвэр логистикийн төвөөс ялгарах гол онцлог нь далайн боомттой дэд бүтцийн хувьд холбогдсон, хууль эрх зүйн хувьд нягт хамтын ажиллагаатай байхаар зохицуулагдсан байдагт оршино.
Далайн захиргаанаас хуурай боомтыг амжилттай байгуулан ажиллаж буй орнуудын жишээн дээр үндэслэн далайд гарцгүй Монгол Улсад хуурай боомтыг хэрхэн байгуулж болох талаарх судалгааг үе шаттай хийж гүйцэтгэсэн ба Бүгд Найрамдах Казакстан Улсын Хоргос Эдийн засгийн чөлөөт бүсийн талаарх судалгааг мөн хийж гүйцэтгэсэн.
Зам, тээврийн хөгжлийн яамнаас өгсөн чиглэлийн дагуу далайд гарцгүй Бүгд Найрамдах Казахстан Улсын Хоргос эдийн засгийн чөлөөт бүс дэх Хоргос хуурай боомтын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцах, туршлага судлах ажлын хүрээнд төр, хувийн хэвшлийн төлөөллөөс бүрдсэн хамтарсан баг 2023 оны 4 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд тус улсад ажиллалаа.
Энэхүү хамтарсан багт ЗТХЯ-ны Далай ашиглалт, усан замын тээврийн хэлтсийн дарга Д.Жавхлан, Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн, “УБТЗ” ХНН-ийн Замын-Үүд өртөөний дарга Ч.Сугирбаатар, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Ачаа тээврийн албаны менежер О.Амарсанаа болон холбогдох мэргэжилтнүүд төрийн байгууллагыг төлөөлөн оролцсон бол хувийн хэвшлийг төлөөлж “Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо” ТББ-ын ТУЗ-ийн дарга П.Солонго, "Үндэсний тээврийн корпорац"-ийн ТУЗ-ийн дарга Х.Дэлгэрцэцэг, “Туушин” ХХК-ийн Дэд захирал Б.Пүрэвчулуун, “МонЭкс” ХХК-ийн Ерөнхий захирал Д.Энхбат, “И-линкс” ХХК-ийн Ерөнхий захирал И.Шатархүү нар ажиллав.
Монгол Улсаас БНКУ-д суугаа Элчин сайд Д.Баярхүү, Ерөнхий консул Ч.Баярмагнай нар тус улсын холбогдох байгууллагын удирдлагуудтай хийх албан уулзалтын хуваарийг оновчтой төлөвлөн зохион байгуулж, уулзалтуудад биечлэн оролцсон нь хуурай боомтын асуудал Монгол Улсын хувьд ямар ач холбогдолтой болохыг илтгэн харуулахаас гадна богино хугацаанд үр дүнтэй, ажил хэрэгч уулзалтуудыг хийж, шаардлагатай мэдээллийг олж авсан үр ашигтай томилолт боллоо.
Томилолтоор “Казахстаны төмөр замууд” хувьцаат нийгэмлэгийн дэргэдэх Хоргос хуурай боомтын асуудлыг хариуцан ажиллаж буй “КТЗ экспресс” компанийн удирдлага болон бусад төлөөлөгчидтэй албан уулзалт хийж, Хоргос эдийн засгийн чөлөөт бүсэд байрлах Хоргос хуурай боомтын үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан.
Хоргос хуурай боомт нь Хоргос Эдийн засгийн чөлөөт бүсийн нэг хэсэг бөгөөд 7 хоногийн турш хоногт 24 цагаар ажилладаг ба нийт боловсруулж буй ачааны 60 хувь нь Европ руу дамжуулан тээвэрлэгдэж буй ачаа, үлдсэн хэсэг нь хөрш зэргэлдээ Киргиз, Узбек, Таджикстан улсууд руу дамжин өнгөрөх ачаа байх ба Казахстан улсын импортын бараа бүтээгдэхүүн мөн голлох байр эзэлдэг байна.
Далайн захиргаанаас Хоргос хуурай боомтыг хэрхэн амжилттай байгуулсан туршлагын талаарх санал, дүгнэлтийг нэгтгэн холбогдох төрийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.