АВСТРАЛИЙН ХОЛБООНЫ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫН ЯАМТАЙ УУЛЗАЛТ ХИЙВ

     Бүс нутгийн хэмжээнд далайн салбар дахь Монгол Улсын оролцоог бэхжүүлэх зорилтын хүрээнд  Австралийн Холбооны Улсад төвтэй ажилладаг Ази, Номхон далайн бүс нутаг дахь далайн салбарын нөлөө бүхий гол олон улсын бүлгэм болох Ази, Номхон далайн бүс нутгийн далайн аюулгүй байдлын агентлагуудын удирдлагын зөвлөлд (АФОМСА) Монгол Улсын Далайн захиргаа (МУДЗ) 2018 онд гишүүнээр элсэж, БНСУ-ын Сөүл хотноо 2019 онд зохион байгуулагдсан 20 дугаар зөвлөгөөний үеэр ээлжит 23 дугаар зөвлөгөөнийг Монгол Улс хариуцан зохион байгуулах тов гарсан билээ.

     Энэхүү 23 дугаар зөвлөгөөнийг Австралийн Холбооны Улсын Сидней хотноо 2023 оны 06 дугаар сарын 05-наас 09-ний өдрүүдэд Австралийн Далайн аюулгүй байдлын захиргаатай (АХУДАБЗ) хамтран зохион байгуулахаар тохиролцсоны дагуу хоёр орны далайн салбарын хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлаар Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Кэйти Смит тэргүүтэй төлөөлөгч нартай 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус элчин сайдын яамны байранд албан уулзалт хийлээ.  

     Уулзалтын үеэр Далайн захиргааны зүгээс Монгол Улсын далайн салбар дахь бодлого, үйл ажиллагааны талаар товч танилцуулга хийж, далайн салбар өндөр хөгжсөн Австралийн Холбооны Улстай хамтын ажиллагааг эхлүүлэх нь Монгол Улсын хувьд нэн өндөр ач холбогдолтой болохыг дурдаад энэ удаагийн АФОМСА зөвлөгөөний үеэр Австралийн далайн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах хүсэлтээ илэрхийлж, Санамж бичгийн төслийг гардуулав.

     Элчин сайдын зүгээс Монгол Улс далайд гарцгүй орон хэдий ч далайн салбарт амжилттай үйл ажиллагаа явуулж байгааг сайшаасны зэрэгцээ цаашид хоёр орны далайн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч, дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ