ТЭЭВЭР ЗУУЧЛАЛЫН САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ УУЛЗАВ

        Далайд гарцгүй Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг гуравдагч оронд далайгаар хүргэх болон далайн чанадаас авчрах үйл ажиллагааг тээвэр зуучлагч хувийн хэвшлийн байгууллагууд дангаараа зохион байгуулдаг бөгөөд тэдэнд тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд туслах, шийдвэр гаргагчдын зүгээс бодлого гаргахад туслалцаа үзүүлэх зорилгоор Монголын Тээвэр Зуучлагчдын Нэгдсэн Холбоо (МТЗНХ) ТББ-тай Монгол Улсын Далайн захиргаанаас хамтын ажиллагааны санамж бичгийг 2018 онд байгуулсан юм.

            Тус баримт бичгийн хүрээнд хамтарсан төлөвлөгөө гарган жил бүр зөвлөлдөх уулзалт, сургалт, семинарыг зохион байгуулдаг ба 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр энэ жилд хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар болон тулгамдаж буй үйл ажиллагааны талаар зөвлөлдөх уулзалтыг Далайн захиргааны байранд зохион байгуулав.

            Тус уулзалтад МТЗНХ-ны ТУЗ-ийн дарга П.Солонго (“Азийн зам” ХХК, Ерөнхий захирал), гишүүн Г.Оргил (“Нью Ложистикс” ХХК, Ерөнхий захирал), И.Шатархүү (“И-линкс” ХХК, Ерөнхий Захирал), Ж.Монголжингоо (“Туушин” ХХК, Дэд захирал), MТЗНХ-ны Гүйцэтгэх захирал, менежер болон ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргааны дарга Д.Отгонсүрэн, холбогдох мэргэжилтнүүд оролцов.

            Уулзалтын үеэр Монгол Улсын нэгдэж орсон Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилт ба тус үйл ажиллагаанд төр, хувийн хэвшлийн түншлэлийг хангаж ажиллах арга хэлбэрийн талаар  ярилцан, хамтарч ажиллах боломж, гаргалгааны талаар санал солилцлоо. Төлөвлөгөөний дагуу 2023 онд хийх ажлуудыг хэлэлцэж, хуваарийг гаргав.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ