ДАЛАЙН ЗАХИРГААНЫ ДАРГА Д.ОТГОНСҮРЭН БАЙГУУЛЛАГЫН 2023 ОНЫ ГҮЙЦЭТГЭЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨГ ХЭЛЭЛЦЭН БАТЛУУЛАВ.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2023 оныг "Бүрэн цахимжсан, бүтээмжийг дээдэлж, хариуцлага, үр дүнг тооцох жил" болгон зарласантай холбогдуулан салбарын хэмжээнд нээлттэй, ил тод, түгжрэлгүй, түргэн шуурхай төрийн үйлчилгээг бий болгох  зорилт тавьсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа байгууллагууд 2023 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөгөөг Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нарт 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр танилцуулан, батлууллаа.

Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 2020 оны 100 дугаар тушаалын дагуу 2023 оны Гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулахдаа Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Далай ашиглалтын тухай хууль, Усан замын тээврийн тухай хууль болон Зам, тээврийн хөгжлийн яамны стратеги төлөвлөгөө, урт, дунд болон богино хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан шалгуур үзүүлэлтийг тодорхойлж, тухайн жилийн хүрэх түвшин, гүйцэтгэл, үр дүнг тооцон боловсруулсан бөгөөд нийт 4 бүлэг, 12 зорилтын хүрээнд 76 үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хууль, тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, сурталчлах, хүний амь нас, эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй далайн болон усан замын тээврийг хөгжүүлэхэд анхаарах, салбарын боловсон хүчнийг сургаж бэлтгэх, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж хөтлөх, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, ил тод байдлыг хангах зэрэг зорилт, арга хэмжээний хүрээнд:

1. Хөлөг онгоцны бүртгэл, далбааны эзэн улсын хяналт шалтгалттай холбоотой 2 журмыг Засгийн газраар, 6 журмыг Зам, тээврийн хөгжлийн сайдаар батлуулна.

2. Хөрөнгө оруулалтын чиглэлээр усан замын хяналтын 1 пост, усан замын 2 зогсоолыг байгуулж, зогсоолын 2 зураг төслийг боловсруулна.

3. Экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг далайн боомтоор дамжуулан тээвэрлэх асуудлын талаарх холбогдох судалгааны ажуулыг хийж гүйцэтгэнэ.

4. Гадаад хамтын ажиллагааны хүрээнд хоёр болон олон талт хамтын ажиллагааг өрнүүлэн хөгжүүлж, олон улсын гэрээ, конвенц болон холбогдох баримт бичиг, тэдгээрийн нэмэлт өөрчлөлтүүдийг судалж, олон улсын 1 конвенцын 2 нэмэлт өөрчлөлтөд нэгдэж орно.

5. Олон улсын хөлөг онгоцны мэдээллийн нэгдсэн платформыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж, хөлөг онгоцны бүртгэлийн 2-оос доошгүй агенттай гэрээ байгуулж, 7 Хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын гэрээг шинэчлэн байгуулна.

6. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд усан замын тээврийн хяналтын 4-с доошгүй улсын байцаагчийн эрх авах асуудлыг шийдвэрлүүлж, 163 усан замын тээврийн хэрэгслийг үзлэг, оношлогоонд хамруулна.

7. Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд далбааны эзэн улсын хяналтын 4-с доошгүй улсын байцаагчийн эрх авах асуудлыг шийдвэрлүүлж, Монгол Улсын далбаатай 15-аас доошгүй хөлөг онгоцонд далбааны эзэн улсын хяналт шалгалтыг хийж гүйцэтгэнэ.

8. Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагааг хялбаршуулах, далбааны эзэн улсын хяналтыг сайжруулах зорилгоор Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлнэ.

9. Монгол Улсын Их Хурлын 2021 оны 106 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд төрөөс үзүүлэх үйлчилгээг цахимжуулж, төрийн хүнд суртлыг бууруулах, иргэдэд төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгууллагын үйл ажиллагаанд олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлнэ.

10. Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 34 дүгээр тэмдэглэлээр “Хуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг ЗТХЯ-ны батлагдсан төсөвт багтаан арга хэмжээ авах” гэж тусгагдсаны дагуу Далайн захиргааны дүрэмд холбогдох асуудлыг тусган, хуурай боомтын асуудал хариуцсан нэгжийг байгуулж, холбогдох ажлуудыг хийж гүйцэтгэнэ.

Тус төлөвлөгөөний үр дүнд далайн болон усан замын тээврийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйл ажиллагаандаа олон улсын стандартыг нэвтрүүлж ажилласан байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ