ДАЛАЙД ГАРЦГҮЙ ХӨГЖИЖ БУЙ ОРНУУДЫН ОЛОН УЛСЫН СУДАЛГААНЫ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ САНАМЖ БИЧГИЙГ ШИНЭЧЛЭН БАЙГУУЛЛАА

ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргаа нь  Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ОУСТ)-тэй хамтран ажиллах тухай Санамж бичгийг шинэчлэн байгууллаа.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУСТ нь 2013 онд далайд гарцгүй орнуудын санаачлагаар төсөл хэлбэрээр байгуулагдаж, Улаанбаатар хотод төв оффисоо нээсэн ба 2018 оноос эхлэн бүрэн үйл ажиллагаа бүхий олон улсын байгууллага болон албан ёсоор ажиллах болсон. Өнөөдөр тус судалгааны төвд далайд гарцгүй 14 улс нэгдэж ороод байна.

Энэхүү судалгааны төв нь хөгжиж байгаа болон буурай хөгжилтэй гэсэн ангилалд багтах далайд гарцгүй 32 улсад тулгарч буй нийтлэг хүндрэл бэрхшээлийг судлах, тэдгээрийг даван туулах сайн туршлага, зөвлөгөө, зөвлөмж боловсруулан гишүүн орныхоо засгийн газарт хүргүүлэх, бодлогын дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй байгууллага юм.

Далайн захиргаа нь далайн тээврийг Монгол Улсад хөгжүүлэх зорилго тавин  ажиллаж байгаа төрийн байгууллага болохын хувьд тус судалгааны төвийг төслийн түвшинд байгуулагдахад нь бодлогоор дэмжиж Санамж бичиг байгуулсан цагаас өнөөдрийг хүртэл 10 жилийн туршид амжилттай хамтран ажиллаж байна.

Энэ хугацаанд далайд гарцгүйгээс үүдэн эдийн засагт учирч буй хохирлыг бууруулах зорилгын хүрээнд Монгол Улсын импортын барааг гуравдагч орноос дамжуулан тээвэрлэдэг гол субьект болох хувийн хэвшлийн тээвэр зуучийн байгууллагуудыг Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоогоор дамжуулан нэгтгэж мэдээ, мэдээлэл, сургалт, семинар, хэлэлцүүлэгт хамруулах замаар хамтран ажиллаж зөвлөгөө, зөвлөмжөөр хангах тал дээр тус судалгааны төвтэй хамтран ажилласаар ирсэн.

Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын ОУСТ нь хувийн хэвшилд тулгарч байгаа нийтлэг бэрхшээлийг иргэд, аж ахуйн нэгж чөлөөтэй илэрхийлэх боломж бүхий индэр болж ирснээрээ төрийн байгууллагаас хувийн хэвшлийн байгууллагыг сонсох, холбогдох санал, шийдлийг боловсруулан  бодлого боловсруулагчдад хүргүүлэх, бодлогын шийдвэр гаргуулахад дөхөмтэй байхаас гадна төрийн зүгээс авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг иргэд, байгууллагад сурталчлах, Монгол Улсын нэгдэж орсон олон улсын гэрээ, конвенцуудын дагуу эдлэх эрх, ашиглах боломжийг таниулах, сурталчлахад чухал ач холбогдолтой индэр болдог.

2023.01.18

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ