НҮБ-аас 17 зорилгыг Тогтвортой Хөгжлийн зорилго (ТХЗ) хэмээн нэрлэж, тэдгээрийн хүрээнд нийт 169 зорилтыг тодорхойлон 2030 он гэхэд хэрэгжүүлсэн байх уриалгыг өөрийн гишүүн орнуудад гаргасан бөгөөд ихэнх улс орнууд 2016 оноос эхлэн эрчимтэй хэрэгжүүлж эхлээд байна.
Тус зорилтуудыг хэрэгжүүлэхэд “Хэнийг ч ардаа үлдээхгүй” байх шаардлагыг гол шалгуур үзүүлэлт болгохын сацуу зөвхөн Засгийн газар, төрийн байгууллагууд бус иргэний нийгмийн байгууллагууд, хувийн хэвшил хамтдаа хэлэлцэж ажиллах нь илүү үр дүнтэй хэмээн үздэг.
Монгол Улсын хувьд ТХЗ-ын хэрэгжилтийн сайн дурын анхдугаар тайланг 2019 онд гаргаж НҮБ-д хүргүүлж, бүс нутгийн хуралдаанаар хэлэлцүүлж байсан.
Хоёрдугаар тайланг энэ онд буюу 2023 онд албан ёсоор НҮБ-д хүргүүлэх хуваарьтай тул анхдугаар сайн дурын тайлангийн үед орхигдсон зарим зорилтуудын талаарх мэдээллийг хүргүүлэхээр болсон. ТХЗ-14 буюу “Далай тэнгисийн нөөцийг хамгаалах” зорилгыг Монгол Улс Далайд гарцгүй улс хэмээх шалтгаанаар анхдугаар сайн дурын тайланд орхигдуулсан байсан тул энэ удаагийн тайлан мэдээнд хамтарч ажиллах тухай хүсэлтийг тайлан боловсруулж буй ажлын багаас бидэнд ирүүлсэн. Учир нь Монгол Улс өөрийн улсын далбаатай хөлөг онгоцыг ашиглан далайн тээвэрлэлтэд оролцдог, хоёрдугаарт, Далайн захиргаа нь Монгол Улсын томоохон гол мөрөн, нууранд аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй усан замын тээврийн хэрэгслийн бүртгэл, хяналтыг зохион байгуулдаг төрийн байгууллага билээ.
Далайн захиргаанаас тус хүсэлтийг хүлээн авч 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр ПУМА зочид буудалд зохион байгуулагдсан Үндэсний хэлэлцүүлгийн арга хэмжээнд оролцон ТХЗ-14-ийн хэрэгжилттэй холбоотой тайлан мэдээнд зохих дүгнэлтийг гаргаж өгөв.
Гэсэн хэдий ч энэхүү зорилт нь байгаль орчныг хамгаалах, усан доторх амьд организмын тэнцвэртэй байдлыг ханган тэдний нөөцийг хамгаалах, зөв зохистой ашиглах тухай зорилго тул зөвхөн тээвэрлэлт хариуцсан төрийн байгууллага болох Далайн захиргаанаас мэдээлэл авч дүгнэлт гаргуулах нь оновчтой бус, байгаль орчин хариуцсан холбогдох байгууллагатай хамтран ажиллах замаар нэгдсэн мэдээлэл, тайлан гаргаж өгөх нь илүү бодитой дүр зургийг илэрхийлэх тул цаашид энэ чиглэлээр бусад холбогдох байгууллагатай уулзалт зохион байгуулж, хамтран ажиллах талаар яриа хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатай байгаа юм.
Тогтвортой хөгжлийн зорилт нь зөвхөн НҮБ-ын ажил биш харин гишүүн орнуудын Засгийн газраас хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн нэг хэсэг тул төрийн албан хаагч бүр энэхүү үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулан, бусдыг уриалан ажиллах учиртай. Иймд 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр эдгээр үндсэн 17 зорилгын талаар суурь мэдээлэл, үндсэн ойлголтын тухай нэг цагийн лекц, сургалтыг Иргэний нийгмийн байгууллага ба ТХЗ сүлжээний шинжээч Г.Оюунтуяаг урьж авчран Далайн захиргааны байранд зохион байгуулсан ба байгууллагын нийт ажилтан, албан хаагчид оролцлоо.
ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА