Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын боомтын хяналтын алба нь (PSC) далайн эрэг бүхий эргийн улсын далайн боомтод тухайн далайн боомтруу нэвтэрч, гарч буй хөлөг онгоц бүрт олон улсын гэрээ конвенцийн шаардлагын дагуу боомтын болон хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс тухайн улсын Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу үзлэг шалгалт явуулдаг бөгөөд гол үүрэг нь их далайд аялаж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын хууль, эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц шүргэлцэх, мөргөлдөх, эвдрэх, хүний амь нас эрсдэх, байгаль орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхэд бодит хувь нэмэрээ оруулдаг байна.
Энэхүү семинарын гол зорилго нь боомтын хяналтын албаны үзлэг шалгалтад хамрагдаж буй тухайн улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц олон улсын гэрээ конвенцод заасан үүргээ хэрхэн хэрэгжүүлж, биелүүлж буй байдал болон тухайн хөлөг онгоцны ерөнхий техникийн болоод ашиглалтын нөхцөл байдал, аюулгүй ажиллагаа, багийн гишүүдэд тавигдах шаардлага гэх мэт олон улсын гэрээ конвенцийн хэрэгжилтэд далбааны эзэн улс хэрхэн үүргээ гүйцэтгэж буй байдалд дүн шинжилгээ хийх, улмаар заавар зөвлөмж өгөх түүнчлэн эргийн улс, боомт улс, далбааны эзэн улсуудын оролцоо, хамтын ажиллагааны талаар нэгдсэн ойлголт, заавар зөвлөмж өгөхөд чиглэгдсэн байна.
Ази, Номхон далайн бүс нутгийн Токиогийн санамж бичигт боомтын хяналтын байгууллага (Tokyo MOU - PSC), Вьетнамын Далайн захиргаа (VINAMARINE) хамтран БНСВУ-ын Дананг хотноо 2022 оны 12 дугаар сарын 05-09-ний өдрүүдэд зохион байгуулсан тус уулзалт, семинар”-т Монгол Улс, Япон Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Сингапур Улс, Тайландын Хаант Улс, Камбожийн Хаант Улс, Бүгд Найрамдах Кирибати Улс, Бүгд Найрамдах Палау Улс зэрэг улсуудын далайн салбарын төлөөлөгч, удирдах албан тушаалтан, мэргэжилтнүүд оролцов.