Зам, тээврийн хөгжлийн яам болон Монгол Улсын Далайн захиргааны албан хаагчид 2022 оны 12 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Сандиа үндэсний лабораториос зохион байгуулсан “Хөлөг онгоцны бүртгэлийн эрсдэлийн удирдлага” сэдэвт сургалтад хамрагдлаа.
НҮБ-ын гишүүн улсууд НҮБ-ын дүрмийн V бүлгийн 25 дугаар зүйлд заасны дагуу Аюулгүйн Зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, биелүүлэхээр тогтсон байдаг. Энэхүү сургалтаар Монгол Улсыг Нэгдсэн Үндэстний Байгууллагын гишүүн улс (НҮБ) болохын хувьд хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагааг олон улсын хууль, дүрэм журам, стандартад хэрхэн нийцүүлж явуулах талаарх олон чухал асуудлыг хамарсан.
Сургалтын эхний өдөр далайн тээврийн өнөөгийн байдал, хөлөг онгоцны нээлттэй бүртгэлийн үйл ажиллагаанд олон улсын хууль, дүрэм журам, стандартыг хэрхэн мөрдүүлэх зэрэг олон улсын хэм хэмжээний чухал асуудлуудыг хэлэлцсэн. Сургалтын дараагийн өдөр далбааны эзэн улсын эрх, үүргийн хэрэгжилтийг сайжруулах, далайн тандалтын эрсдэлийн багцын талаар судалж, эрсдэлийн үнэлгээний ба хөлөг онгоцны аудитын дасгалыг ажиллан, хөлөг онгоцны бүртгэлийг олон улсын хэм хэмжээнд нийцүүлэн хэрхэн үр дүнтэй, тогтвортой хэрэгжүүлэх талаар санал бодлоо хэлэлцүүлснээр сургалт өндөрлөсөн.
Сандиа үндэсний лабораторийн сургагч багш нар сургалт явуулахдаа бэлтгэл ажлаа сайн хангасан буюу хичээлийн агуулгыг оновчтой боловсруулж, логик уялдаа холбоотой танилцуулсны сацуу албан хаагчдын оролцоог дэмжин ажиллаж, тохиолдол бүрийг шинжлүүлэн дасгал ажиллуулснаар хичээлийн зорилгыг бататгахад ач холбогдолтой байсан. Далайн захиргааны албан хаагчид тус сургалтад хамрагдсанаар хөлөг онгоцны бүртгэлийн эрсдэлийн талаарх мэдлэгээ бататган дээшлүүлж, хөлөг онгоцны бүртгэлийн эрсдэлийн удирдлагын шилдэг туршлагуудаас суралцлаа.