Монгол Улсын Далай ашиглах тухай хууль, далайн салбарын олон улсын гэрээ конвенц болон Олон улсын далайн байгууллага /ОУДБ/-ын тогтоол, холбогдох дүрэм, журмын дагуу Монгол Улсын төрийн далбаа мандуулан их далайд далайн тээврийн үйл ажиллагаа явуулж буй хөлөг онгоцнуудад өөрийн орны нэрийн өмнөөс буюу Далайн захиргаанаас үзлэг, шалгалт явуулж, холбогдох хөлөг онгоц нь техникийн аюулгүй ажиллагааг хангаж буй эсэхийг баталгаажуулах, хүрээлэн буй орчин бохирдохоос урьдчилан сэргийлэх, далайчдын эрхийг хамгаалах болон холбогдох бусад шаардлагыг хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллах нь Далбааны эзэн улсын эрх үүрэг, хариуцлага юм.
Далайн эргийн улсын боомт руу нэвтрэн орж, гарч буй хөлөг онгоц бүрт олон улсын гэрээ конвенцын шаардлагын дагуу боомтын болон хөлөг онгоцны аюулгүй үйл ажиллагааг хангах үүднээс тухайн улсын Боомтын эргийн хяналтын албанаас хөлөг онгоцонд тавигдах шаардлагын дагуу үзлэг, шалгалт явуулдаг бөгөөд тус шалгалтын гол зорилго нь их далайд аялж буй хөлөг онгоцны техникийн бүрэн бүтэн байдлыг нягтлан шалгах, олон улсын эрх зүйн хүрээнд нийцэхүйц үйл ажиллагаа явуулж байгаа эсэхэд хяналт тавихад оршдог. Ингэснээр их далайд хөлөг онгоц осолдох, эвдрэх, мөрдөлдөх, хүний амь нас эрсдэх, хүрээлэн буй орчин бохирдуулах зэрэг учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд томоохон хувь нэмрээ оруулдаг.
Хөлөг онгоц дээр үзлэг шалгалт явуулахдаа “Далайд хүний аюулгүй байдлыг хангах тухай”, “Далайд хөлөг онгоц мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх олон улсын журмын тухай”, “Даацын тэмдэглэгээний тухай”, “Хөлөг онгоцны багтаамжийн хэмжилтийн тухай” “Далайчныг сургах стандарт, гэрчилгээ олгох болон ээлжийн ажиллагааны тухай” зэрэг олон улсын гэрээ, конвенцод заасан шаардлагын дагуу үзлэг шалгалт явуулдаг ба хөлөг онгоцны гэрчилгээ, бичиг баримтын бүрдэл, аврах хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, галын аюулгүй байдал шаардлага хангасан эсэх, эсхүл эзэмшигч компаниас гаргасан хөлгийн дотоод журам, заавар, зөвлөмж дутуу байх зэргээр аяллын үеийн аюулгүй байдлыг хангахад тавигддаг бүх төрлийн техникийн болон бичиг баримтын шаардлага бүрэн хангасан эсэхийг шалгаж, хангаагүй тохиолдолд залруулах арга хэмжээг авдаг.
Монгол Улсын төрийн далбаа мандуулсан хөлөг онгоц дээр 2016 оноос эхлэн Далбааны эзэн улсын хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлж эхэлсэн ба Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоцнуудад энэхүү хяналт шалгалтын ажлыг хэрэгжүүлэн зохих үзлэг шалгалтын ажлыг тодорхой хугацаанд явуулж нийт 30 хүртэлх хөлөг онгоцонд үзлэг шалгалт явуулаад байна.
Өнгөрсөн 2 жилийн хугацаанд дэлхий нийтээр тархаад буй КОВИД-19 цар тахалтай холбогдуулан зогсонги байсан хяналт шалгалтын ажлыг энэ оны сүүлээр Далайн захиргааны хянан, шалгагч нар амжилттай явуулж дуусгалаа. Хянан шалгагч нар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 2014-2022 онуудад бүртгэгдсэн, 25-833 тонны бохир даацтай, 17-52 метрийн урттай, Tug boat буюу боомтын үйлчилгээ үзүүлдэг бага оврын чирэгч, түлхэгч хөлөг онгоц мөн өргөгч кранаар тоноглогдсон чиргүүл онгоц зэрэг нийт 7 хөлөг онгоц дээр 11 дүгээр сарын 22-27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Сингапур Улсын West coast jetty, New West Coast Maritime, YTC shipyard боомтуудад Далбааны эзэн улсын хяналт, үзлэг шалгалтын ажлыг хэрэгжүүлэн ажиллаа.
МОНГОЛ УЛСЫН ДАЛАЙН ЗАХИРГАА
ХӨЛӨГ ОНГОЦНЫ БҮРТГЭЛ, ХЯНАЛТЫН АЛБА