Монгол Улсын Далайн захиргаа БНХАУ-ын Лиаонин мужийн Жинжоу далайн боомтын захиргаатай 2016 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус санамж бичгийн хүрээнд Зүүн Хойд Азийн бүс нутгийн тээврийн коридорыг хөгжүүлэх, Монгол Улсын далайд гарах гарцыг нэмэгдүүлэх зорилгоор хамтарч ажиллаж ирсэн билээ.
2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Жинжоу далайн боомтын удирдлагууд болон Жинжоу хотын холбогдох төлөөлөгч нартай уулзалт хийж, Монгол Улсын экспорт, импортын бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын Тяньжин далайн боомтоос гадна БНХАУ-ын Жинжоу далайн боомтоор дамжуулан тээвэрлэх нөхцөл боломжийг эрэлхийлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон үр дүнтэй уулзалт болов.
Тус уулзалтанд Далайн захиргааны дарга Э.Энхбаяр, Далайн тээвэр, боомт ашиглалт хариуцсан албаны мэргэжилтнүүд болон БНХАУ-ын Жинжоу хотын тээврийн коридор хариуцсан дарга Юу Зэхүй, Жинжоу далайн боомтын логистикийн хөгжлийн хэлтсийн дарга Жао Лиан, Лиаонин их сургууль, Зүүн Хойд эдийн засгийн бүсийн судалгааны институтийн тэнхимийн эрхлэгч доктор профессор Би Дели нарын төлөөлөгчид оролцов.
Хурлын үеэр Монгол Улсын Засгийн газраас Зүүн бүсийн дэд бүтцийг хөгжүүлэхээр барьж буй бодлого болон Жинжоу боомттой хэрхэн уялдаж буй талаарх цаг үеийн мэдээллийг солилцож, мөн Ковид-19 цар тахлын үед Монгол Улсын ачаа бараа Тяньжин далайн боомтод удаашрах, саатах зэрэг олон хүндрэлтэй асуудал гарсантай холбоотойгоор цаашид Жинжоу далайн боомтыг энэ тал дээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллах хүсэлтийг гаргав. Цаашид Жинжоу далайн боомттой хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлж, Зүүн бүсийн тээврийн хамгийн ойр далайн гарц болохын хувьд Монгол Улсын экспорт, импортын тээврийн үнийн өрсөлдөх боломжийг бүрдүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцов