Зөвлөлдөх уулзалтад оролцов

      НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-оос батлан гаргасан Хуурай боомтын тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт Монгол Улс 2016 онд нэгдэж орсон бөгөөд далайд гарцгүй Монгол Улсын хувьд хуурай боомтыг хэрхэн байгуулж, ямар байдлаар амжилттай ажиллуулах тухай зөвлөлдөх уулзалтыг Гадаад харилцааны яамнаас тус яамны Зөвшилцөл танхимд 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр амжилттай зохион байгуулав.

     Тус уулзалтад НҮБ-ын АНДЭЗНК-ийн шинжээчид, НҮБ-ын Европийн эдийн засаг, нийгмийн коммиссийн мэргэжилтэн болон БНСУ, ОХУ, БНКазУ, БНХАУ-ын холбогдох эрдэмтэн, шинжээчид, албаны хүмүүс уригдан оролцож, сонирхолтой илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн. Биечлэн ирж оролцох боломжгүй илтгэгчид цахимаар илтгэлээ тавьж хэлэлцүүлэгт оролцсон.

     Монгол Улсын талаас энэхүү арга хэмжээнд холбогдох яамд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, салбарын эрдэмтэн судлаачид нийт 100 гаруй хүн оролцож, тавьсан илтгэл болон судалгааны талаар хэлэлцэн, асуулт асууж нээлттэй санал солилцов.  

     Тус зөвлөлдөх уулзалтын хамгийн гол арга хэмжээ нь хуурай боомтыг Монгол Улсад байгуулах талаар судалгааг хийж гүйцэтгэсэн НҮБ-ын зөвлөх, шинжлэх ухааны доктор А.Даваасүрэнгийн илтгэл байлаа.

    Хэлэлцүүлгийн явцад Далайн захиргаанаас хийж гүйцэтгэсэн хуурай боомтын талаарх судалгаанууд чанарын өндөр түвшинд гүйцэтгэгдсэн тухай болон А.Даваасүрэн судалгаагаа хийх явцдаа манай байгууллагаас боловсруулан гаргаж, нийтийн хүртээл болгосон судалгаанууд их хувь нэмэртэй байсан талаар нийт оролцогсдын дунд илэрхийлсэн.

    НҮБ-ын АНДЭЗНК-ын Зүүн болон Зүүн Хойд Азийг хариуцсан салбарын дарга Б.Ганболд тус зөвлөлдөх уулзалтыг хааж хэлсэн үгэндээ “Өнөөдрийн энэхүү арга хэмжээ зөвхөн эхлэл төдий арга хэмжээ бөгөөд цаашид ийм төрлийн арга хэмжээнүүдийг шат дараатай хэрэгжүүлэх болно...” гэв.

      Энэхүү уулзалтаас гарсан хамгийн чухал үр дүн бол арга хэмжээнд оролцогч талууд “Хуурай боомт”-ын тухай нэгдсэн ойлголттой болохоос гадна дор бүрнээ, ямар оролцоотойгоор энэхүү бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулах боломжтой талаар тодорхой төсөөлөлтэй болсон гэж үзэж байна.   

 

 

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

 

2022.10.20

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ