Монгол Улс тусгаар тогтносон цагаас эхлэн шинээр үүсэж хөгжсөн тээврийн салбаруудын нэг бол усан замын тээврийн салбар билээ. Салбарын үүсэл хөгжлийг авч үзвэл, 1910 оноос эхлэн хамгийн анхны “Монгол” нэртэй 40 тонны даацтай, 75 морины хүчтэй уурын хөдөлгүүрт усан онгоцыг Хөвсгөл нуурын усан замын тээвэрт ашиглаж байсан түүхтэй. Түүнээс хойш “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцнууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцнуудыг Хөвсгөл нуурын усан замын тээвэрт ашиглан бараа материал, нефть бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангасаар иржээ.
Түүнчлэн манай орны томоохон голуудын нэг болох Сэлэнгэ мөрнийг мөн усан замын тээвэрт ашиглаж, усан замын бие даасан захиргаа байгуулан ажиллаж байсан юм.
Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу 1952 оны 3 дугаар сард Монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгөхөөр шийдвэрлэж, Ханх, Хатгал дахь усан онгоцны зогсоолууд, агуулах, ачих буулгах механизм, анхны “Сүхбаатар” хөлөг онгоц, 250 тонны даацтай “Малчин”, “Ажилчин” хоёр чиргүүл, засварын газар, буудлын барилга, бүх тоног төхөөрөмжийг бүрэн шилжүүлэн өгчээ.
Ийнхүү Монгол Улсын үндэсний усан замын тээвэр бие даан хөгжих үндэс суурь тавигдаж, тухайн оны 08 дугаар сарын 20-нд Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдан ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж байсан түүхтэй.
Мөн манай улс далайд гарцгүй орны хувьд их далайг хүн төрөлхтөн бүх нийтээр эзэмших эрхээ эдлэх, далайн эрэг бүхий улсуудын нэгэн адил далайн тээврийн үйл ажиллагаанд оролцох зорилгоор 1996 онд Олон улсын далайн байгууллагад гишүүнээр элсэн орсон ба үүнээс хойш НҮБ-ын “Далайн эрх зүйн тухай” конвенц зэрэг өдгөө 30 гаруй гол гол конвенцуудад нэгдэн орж, тэдгээрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Үндэсний далайн тээврийн салбарыг хөгжүүлэх зорилтын хүрээнд далайн салбарын тэргүүлэгч улсуудтай хамтын ажиллагаа өрнүүлэн хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулах, далайн тээврийн үйл ажиллагаа эрхлэх, далайн тээвэр, логистикийн салбарын техник, технологи, мэдээлэл, туршлага хуваалцах, далайн салбарын үндэсний боловсон хүчин бэлтгэх чиглэлээр ажилласаар ирсэн.
Өнөөдрийн байдлаар усан зам болон далайн тээврийн салбарт 300 гаруй ажиллагсад ажиллаж байна.
Хэдийгээр цаг хугацааны хувьд өөр өөр он цагуудад усан зам болон далайн салбарын үйл ажиллагаа эхэлсэн хэдий ч орчин цагийн Монгол Улсад үндэсний усан замын тээврийн салбар үүсэж хөгжих эх суурь тавигдсан 1952 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг “Усан зам, далайн тээвэрчдийн өдөр” болгон жил бүр тэмдэглэж байхаар, мөн салбарыг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, салбартаа 15-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан болон ажиллаж буй ажилтан, албан хаагчдаа энэхүү тэмдэглэлт өдөр “Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр шагнадаг тогтолцоог бий болгох үүднээс Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Түүхэн үйл явдал, тэмдэглэлт өдрийн жагсаалт” болон Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 5 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Засгийн газрын салбарын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгийн төрөлд нэмж тусгах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлүүллээ.