БНСУ-ын далайн салбарын эрх бүхий байгууллагуудтай 3 талт хамтын ажиллагааны Санамж бичгийг үзэглэлээ.

ЗТХЯ-ны харьяа Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт (KIMFT) хооронд байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд 2013 оноос хөлөг онгоцны удирдлага, хөдөлгүүрийн инженерийн мэргэжлээр Монгол залуус суралцаж бэлтгэгдсээр байгаа билээ. Энэхүү Санамж бичгийг шинэчилж, улмаар институт болон БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаа (KOMSA)-тай гурван талт хамтын ажиллагааг эхлүүлэх Санамж бичгийг үзэглэх ёслолын арга хэмжээ 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр БНСУ-ын Бусан хотод боллоо. Уг арга хэмжээнд БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргааны дарга Ким Кёонг Сок, Далайн тээвэр, загас агнуурын технологийн институтын захирал Ким Мин Жун, Монгол Улсын Далайн захиргааны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Энхбаяр, ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Ц.Цэнгэлмаа болон албаны холбогдох хүмүүс оролцлоо. Цаашид энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэлтэй хөлөг онгоц дээр хяналт, шалгалт хийх, дотоодын усан замын тээврийн хяналтыг сайжруулах чиглэлээр БНСУ-ын Далайн тээврийн аюулгүй байдлын захиргаатай хамтран ажиллаж техникийн туслалцаа авахаар харилцан тохиролцоод байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ