Улсын Их Хурлаас Далай ашиглах тухай хуулийг 1999 онд батлан мөрдөж эхэлснээс хойш 2007 онд нэг удаагийн нэмэлт, өөрчлөлтийг оруулсан. "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”, Засгийн газрын 2018 оны 201 дүгээр тогтоолоор баталсан “Олон улсын далайн байгууллагаас хийсэн аудитын зөвлөмжийн дагуу Монгол Улсын нэгдэн орсон далайн салбарын гэрээ, конвенцийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-ний дагуу Далай ашиглах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан.
Монгол Улсын "Далай ашиглах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн батлагдлаа.
“Далайн ашиглах тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төслөөр хуулийн 23 зүйлийн, 47 хэсэг, 38 заалтын холбогдох хэсэгт шаардлагатай нэмэлт, өөрчлөлт оруулахаас гадна Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийн шаардлага, Олон улсын далайн байгууллага, түүний аудитын шалгалтын мөрөөр гаргасан зөвлөмжийн дагуу шинээр 53 зүйл, 200 орчим хэсэг, 60 гаруй заалт нэмсэн
Хуулийн төсөл батлагдсанаар дараах ач холбогдолтой юм. Үүнд:
1. Далай ашиглах үйл ажиллагааны хамрах хүрээ тодорхой болж, нэр томьёо болон зохион байгуулалтын тогтолцоо олон улсын жишигт нийцүүлснээр Монгол Улс олон улсын далайн байгууллагын гишүүн орны үүргээ биелүүлж, олон улсын гэрээ конвенци хэрэгжих боломж бүрдсэн.
2. Хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох хөлөг онгоц эзэмшигч, хөлөг онгоц түрээслэгч, Далайн захиргаа, далбааны эзэн улсын хянан шалгагч, хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагын хоорондын уялдаа холбоо хамтын ажиллагаа сайжирснаар хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа чанаржих, далбааны эзэн улсын хяналт сайжрах ач холбогдолтой.
3. Далайн боомт ашиглах, хөлөг онгоц түрээслэхтэй холбоотой зохицуулалтыг тусгаснаар хөрш орнуудтай хийсэн дамжин өнгөрөх хэлэлцээрүүд болон Монгол Улс далай боомт ашиглах хэрэгцээ шаардлагад тулгууралсан, улс орны цаашдын бодлогыг дэмжсэн ирээдүйг харсан зохицуулалт болсон.
4. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулснаар хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцооны эрх зүйн орчин бүрдсэн болно.
Монгол Улсын "Далай ашиглах тухай" хуулийн шинэчилсэн найруулгын төсөл 2022 оны 07 сарын 01 өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх юм.