Салбарынхаа хөгжлийн шийдэл, гарцыг оновчтой тодорхойлох, шаардлагатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх зорилт дэвшүүлсэн Зам, тээврийн салбарын залуучуудын зөвлөгөөн “Асуудалд шийдэл байдаг” уриан дор 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр “Ган зам палас”-т зохион байгуулагдлаа.
Зөвлөгөөнд оролцогчдод хандан Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар үг хэлэв. Тэрбээр “Зам, тээврийн салбар дахь төмөр зам, нисэх, авто тээвэр, авто зам, далайн тээврийн хүний нөөцийг залуус та бүхэн түүчээлж байна. Түүнчлэн энэ салбарт залуу насаа зориулж, хөгжилд нь томоохон хувь нэмрээ оруулсан ахмад үедээ ч бас талархал илэрхийлсэн юм.
Энэ удаагийн зөвөлгөөн "Асуудалд шийдэл байдаг" уриан доор зохион байгуулагдсан бөгөөд "Улаанбаатар төмөр зам” ХНН, Иргэний нисэхийн ерөнхий газар, Монгол Улсын Далайн захиргаа, “Монголын төмөр зам” ТӨХК, Авто тээврийн үндэсний төв, Зам хөгжлийн төв зэрэг ЗТХЯ-ны харьяа байгууллагуудын болон зам, тээврийн салбарын хувийн хэвшлийн төлөөлөл болсон залуучууд оролцсон.
Далайн тээврийн салбарын мэргэжилтэй залуу боловсон хүчнүүдийн мөн оролцсон бөгөөд зөвлөгөөний “Залуусын хөгжил ба цахим шилжилт” хэлэлцүүлэгт Далайн захиргааны Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Э.Энхбаяр панелистаар оролцож, сонирхсон асуултад хариулт өгөв.
Энэ үеэр зам тээврийн салбарын залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, тэдний бүтээлч сэтгэлгээг дэмжих, эвлэлдэн нэгдэх, хөгжүүлэх зорилгоор Зам, тээврийн хөгжлийн яам, Зам тээврийн залуучуудын хөгжлийн зам зөвлөл хооронд хамтран ажиллах Санамж бичиг байгуулагдсан.
Түүнчлэн эрхэлсэн ажилдаа хичээл зүтгэл гаргаж, салбарын хөгжилд өндөр хувь нэмрээ оруулсан нэр бүхий хүмүүсийг салбарын шагналаар шагнасан.
“Автотээврийн салбарын цахим хөгжил”, “Төмөр замын бүтээн байгуулалт ба залуучууд”, “Автозамын шинэчлэл хөгжил”, “Иргэний нисэхийн салбарын хүний нөөцийн бодлого”, “Залуусын хөгжил ба цахим шилжилт” сэдвүүдийг хөндөж холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтнүүд хамт оролцон тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга замын талаар нээлттэй санал солилцож, гарсан шийдэл, дүгнэлтээ ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад гардуулан өгөв.