Дэлхийн худалдааны 89 хувийг далайн тээврээр дамжуулан гүйцэтгэдэг тухай статистик мэдээ байдаг. Тээврийн салбар, тэр дундаа далайн салбар нь эрчүүдийн зонхилдог салбарын нэг боловч далайн боомтууд, далайн тээврийн үйл ажиллагааг зуучлан зохион байгуулдаг бусад салбар нэгжүүд, далайн тээврийн мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд болон тусгай мэргэжлийн сургуулиудад эмэгтэйчүүд олноор ажилладаг.
Олон Улсын Далайн байгууллага нь НҮБ-аас батлан гаргасан Тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэн ажиллахад онцгой анхаарал хандуулан ажилладаг олон улсын байгууллагын нэг бөгөөд хөлөг онгоцны тавцан дээр ажиллах эмэгтэйчүүдийн тоог ч цаашдаа нэмэгдүүлэхийг дэмждэг.
Тус байгууллагаас ТХЗ-ын 5 дугаарт тусгагдсан “Жендэрийн эрх, тэгш байдал” зорилтыг хангах зорилгоор бүс нутгийг хамарсан холбоодыг байгуулахад дэмжлэг үзүүлсээр ирсэн бөгөөд Монгол Улсын хувьд “WIMA Asia” буюу Далайн салбарт ажилладаг эмэгтэйчүүдийн Азийн бүс нутгийн холбооны гишүүн улс юм.
ОУДБ-аас жил бүрийн 5 дугаар сарын 17-ны өдрийг Далайн салбарын эмэгтэйчүүдийн өдөр болгох санал, санаачлага гаргасныг тус холбоо талархалтайгаар хүлээн авч энэхүү тэмдэглэлт өдөрт зориулсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулж ажиллав.
Монгол Улсын Далайн захиргаанаас тус өдөрт зориулан далайн салбарын харилцаанд оролцож буй нийт эмэгтэйчүүд болон хөлөг онгоцон дээр ихэнх цагаа өнгөрүүлдэг далайчдын ар гэр болох эхнэр, охидуудад зориулсан мэндчилгээ бүхий нэг минутыг бичлэгийг илгээж баярын мэнд хүргэлээ.