Зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Далайн захиргаа нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд Монгол улсын тээвэр логистикийн салбарт ажиллаж буй төрийн бус байгууллага болох Монголын Тээвэр зуучлагчдын Нэгдсэн холбоо (МТЗНХ)-той 2018 онд хамтран ажиллах тухай Санамж бичиг байгуулсан билээ. Тус Санамж бичгийн хүрээнд Монгол Улсын импортын бараа бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэн, хөрш орнуудаар дамжуулан тээвэрлэхэд учирч буй хүндрэл бэрхшээлийг тодорхойлох, тэдгээрийг Олон улсын гэрээ хэлэлцээр, конвенц болон Засгийн газар хоорондын хоёр талт хэлэлцээрүүдийн хүрээнд шийдвэрлэхэд чиглэгдсэн сургалт, танилцуулга, уулзалт, хэлэлцүүлэг тогтмол зохион байгуулсаар ирсэн юм.

            2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус холбооны гишүүн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж Далайн захиргаанаас боловсруулан гаргасан “Хуурай боомтыг Монгол Улсад хэрэгжүүлэн ажиллах боломжийн тухай” болон “Монгол улсын импортын бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтэд ашиглаж болох Хятадын нэр бүхий боомтууд”-ын талаар судалгаануудыг танилцуулж, санал бодлоо солилцлоо.

            Хэлэлцүүлэгт  Далайн захиргааны удирдлага болон Далайн тээвэр боомт ашиглалтын албаны мэргэжилтнүүд, Монгол Улсын тээвэр логистикийн томоохон компаниудын төлөөлөл оролцов. Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад хуурай боомт байгуулах нөхцөл боломжийн тухай болон БНХАУ-ын Олон Улсын худалдаанд нээлттэй ямар боомтуудыг сонгон авч хамтран ажиллах боломжтой талаар ярилцав.

Тяньжин боомт дээр өнөөдөр үүсээд байгаа импортын чингэлгийн түгжрэл, бөөгнөрлийг галт тэрэгний тоог нэмэгдүүлэх замаар бүрэн шийдвэрлэх боломж харагдаж байгаа тул нь чингэлэг тээврийн гацааны асуудал Тяньжин далайн боомттой холбоотой асуудал гэхээсээ илүүтэй галт тэрэгний хуваарь, зохицуулалтад байна гэж үзэж байгаагаа хувийн хэвшлийн төлөөлөл илэрхийлэв. Энэхүү бэрхшээлтэй холбоотой нөхцөл байдлыг юуны өмнө өөр далайн боомтыг ашиглах талаар ярьж хүчийг сааруулалгүй харин Тяньжин-Эрээн хуваарьт галт тэрэгний тоог нэмэгдүүлэх замаар шийдвэрлэх нь илүү өгөөжтэй тухай, алсдаа харин Ханги Мандал гэх зэрэг төмөр замын өөр гарц баригдаж дуусаад ашиглагдаж эхлэх тохиолдолд Эрээн-Замын-Үүдийн маршрутаас өөр чиглэлд байх далайн боомттой хамтран ажиллах  боломжтой талаар тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн гишүүд илэрхийлэв.

Зөвлөлдөх уулзалтаас гарсан санал зөвлөмжийг холбогдох газруудад хүргүүлээд байна.

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ