Далайн тээвэр болон боомт дээрх хөлөг онгоцны түгжрэл улам бүр нэмэгдсээр байна

Зураг 1. Дэлхий даяар томоохон ачаа тээврийн боомтууд дээр үүсээд буй бөглөрөл (хөлөг онгоцны тоо)

2021 онд хөлөг онгоц болон боомтын түгжрэл урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрч, чингэлэг, задгай ачааны хөлөг онгоцнуудын хүчин чадалд ихээхэн нөлөөлж, дэлхий даяар нийлүүлэлтийн сүлжээг тасалдуулаад байна. Үүнд маш олон давхар хүчин зүйлүүд нөлөөлсөн. Дэлхийн нийтийг хамарсан Ковид-19 цар тахлаас үүдэлтэй боомтын үйл ажиллагааны тасалдал, Хятад-Австралийн худалдааны дайнаар үргэлжилж Хятадын боомтуудын ачаа тээврийн бөөгнөрөл болон 2021 оны 3-р сард Суэцийн сувагт хөлөг онгоц гацсан үр дагаварууд нь дэлхий даяар боомтуудын үйл ажиллагаа хэвийн явагдах боломжийг улам бүр хүндрүүлэх шалтгаан болсон юм.

Дэлхий даяар нийт 116 далайн боомтууд үйл ажиллагаагаа хэвийн хэмжээнд явуулах боломжгүй болж, бөглөрөл үүссэн нөхцөл байдалтай байгаа талаар олон улс мэдээлээд байна (Зураг 1).  2021 оны 11 дүгээр сарын байдлаар нийт 2,366,401 TEU (нийт чингэлгийн нөөцийн 10%), 181,635,500 DWT (задгай хөлөг онгоцны 20%) нь ачаагаа буулгаж чадахгүй далай дээр зогсож байгаа ба дэлхийн эдийн засаг сэргэх хандлагатай байгаа энэ үед энэхүү түгжрэл нь хөлөг онгоцны олдоц, далайн тээврийн ханшид нөлөөлөх гол хүчин зүйл болоод байна.

Хятад дахь задгай хөлөг онгоцны бөөгнөрөл (2020/2021)

Австралийн нүүрсний хориг нь Хятадын боомтууд дээр урт хугацааны түгжрэлийг бий болгож байна. Хятад улс Австралийн нүүрсийг импортлохыг хориглосон тухай анх 2020 оны 7-р сард мэдээ гарч байсан бөгөөд Хятад Улс Австралийн экспортын эсрэг дотоодын нүүрс болон өөр эх үүсвэрийг ашиглахыг дэмжиж эхэлсэн. Энэ нь Австралиас ирсэн олон зуун нүүрс ачсан задгай хөлөг онгоцнууд ачаагаа буулгахаар Хятадын боомтуудын орчимд хүлээлт үүсгэхэд хүргэсэн. Үүний үр дүнд 2021 оны эхний зургаан сарын байдлаар Австралиас Хятад руу тээвэрлэгдсэн ачааны хэмжээ 2020 оны мөн үетэй харьцуулахад 14%-иар буурсан байна. Хэдийгээр Хятад болон Австралийн хоорондын худалдаа буурсан ч нүүрс ачсан хөлөг онгоцнууд Хятад руу аяллаа үргэлжлүүлсээр байсан ба үүний үр дүнд их хэмжээний ачаатай хөлөг онгоцнууд Хятадын боомтуудад гацаж, ачаагаа буулгахыг хүлээж түгжрэл үүсгэсээр байв. Зураг 1-д Австралиас ирж буй Хятадын боомтууд дээр ачаагаа буулгахаар хүлээгдэж буй хөлөг онгоцны тоог харуулав.

Зураг 2. Австралиас ирж буй Хятадын боомтууд дээр хүлээгдэж буй хөлөг онгоцны тоо /өдрөөр/

Хамгийн удаан хугацаанд ачаагаа буулгаж чадаагүй хөлөг онгоц Австралиас 2020 оны 5 дугаар сард ачаагаа ачиж гарсан бөгөөд 2020 оны 6 дугаар сард Хятадын Жинтан боомтод ирсэн боловч 8 сарын хугацаанд ачаагаа буулгаж чадалгүй зогссон байна.

Суэцийн сувгийн түгжрэл (2021 оны 3-р сар)

Суэцийн сувгийн бөглөрөл бараг долоо хоног үргэлжилсэн бөгөөд хөлөг онгоцнууд дараалал үүсгэж, сувгаар гарах хөлөг онгоцнуудын асар их түгжрэлийг үүсгэсэн.

Суэцийн сувгийн бөглөрөл 2021 оны 3-р сард болсон бөгөөд энэ нь Ever Given ULCV нь сувагт гацаж зогссон ба хөлөг онгоцнууд дэлхийн тээврийн гол транзит бүсүүдийн нэгээр дамжин өнгөрөх боломжгүй болсон нь дэлхий даяар далайн тээвэр, боомтын үйл ажиллагаанд доголдол үүсгэсэн. 2021 оны гуравдугаар сарын 29-нд аврах багууд эцэст нь хөлөг онгоцыг гаргаж чадсан боловч хүлээгдэж буй хөлөг онгоцны тоо нийт 300 гаруй болсон байв. Энэхүү тээврийн хуваарийн хоцрогдол нь далайн боомтууд дээр ачаалал үүсгэж боомтын түгжрэлийг улам бүр хүндрүүлэх шалтгаан болоод байсан юм.  

Чингэлэг тээврийн түгжрэл 2021 онд үргэлжилсээр байна

Ковид-19 цар тахлын нөлөөлөл болон цаг агаарын таагүй байдал нь Хятадад чингэлэг тээврийн түгжрэлийг улам бүр нэмэгдүүлж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд чингэлэг тээврийн зах зээл асар их дарамтанд орсон. Учир нь цаг агаарын таагүй байдал болон Ковид-19 цар тахалтай холбоотойгоор хэрэглэгчдийн эрэлт огцом нэмэгдсэнээс үүдэж Хятадын боомт болон чингэлгийн талбайнууд маш их ачаалалтай тулгарсан. Энэ нь Хятад дахь үйлдвэрлэлийн төвүүдээс эхлээд АНУ болон баруун хойд Европ дахь импортын ачаа тээврийн түгжрэлийн дээд түвшинд хүргээд байна.

Хятадын чингэлгийн хөлөг онгоцны бөөгнөрөл нь 2021 оны 1-4 дүгээр сарын байдлаар дунджаар өдөрт 88 хөлөг онгоц хүлээгдэж байсан бол Ковид-19 цар тахлын халдварын тохиолдол нэмэгдсэний улмаас энэ оны тавдугаар сард Хятад Улс боомтуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч хорио цээрийн дэглэм тогтоосон ба энэ нь түгжрэлийг улам дордуулж эхэлсэн бөгөөд наймдугаар сард дахин дэгдэлт гарсны дараа Нинбо чингэлгийн терминал бүтэн хоёр долоо хоногийн турш хаах арга хэмжээ авсан.

Мөн Ин-Фа хар салхи Зүүн Хятадыг дайрч, Шанхай, Нинбо зэрэг томоохон боомтууд руу нэвтрэх боломжийг хязгаарласнаар 7-р сарын сүүлээр Хятадад түгжрэлийн түвшин дээд цэгтээ хүрч, өдөрт дунджаар 361 хөлөг онгоц ачаагаа буулгаж чадахгүй нөхцөл байдалд хүрчээ. Хөлөг онгоцнууд боомт руу аюулгүй нэвтэрч чадахгүй байгаа тул дараалал үүсч, цагийн хуваарийг тасалдуулж эхэлсэн ба сүүлийн гурван сарын хугацаанд Хятад Улсад чингэлгийн ачаалал аажмаар буурч байгааг харж байгаа ч өдөрт 180 орчим хөлөг онгоц, нийт 936,073 TEU (2021 оны 10-р сарын 22) ачаагаа буулгахаар хүлээгдэж байна. Үүний тал хувь нь Зүүн Хятадын тэнгис, Шанхай/Нинбо орчимд, нөгөө тал нь Хонг Конг/Шэньжэнийн ойролцоох Өмнөд Хятадын тэнгист төвлөрч байна.

АНУ-ын баруун эрэг Лонг Бич болон Лос Анжелес хотуудын түгжрэл дээд цэгтээ хүрсэн хэвээр байна

Дэлхий даяар боомтууд дээр бөглөрөл үүсээд байгаа ба тэр дундаа импортын чингэлэг тээврийн томоохон боомт болох АНУ-ын Калифорн, Лонг Бич, Лос Анжелес боомтууд 2021 оны 7-р сараас хойш ачаагаа буулгахаар хүлээгдэж буй чингэлгүүдийн тоо улам бүр нэмэгдэж байна. Энэ нь өдөрт 75 хөлөг онгоц (Зураг 2) хүлээгдэж байгаа буюу хамгийн дээд түвшинд хүрсэн байна. Дэлхий даяар энэхүү боомтын бөглөрөл нь хөлөг онгоцны хомстолд оруулж, далайн тээврийн ханш улам бүр өсөх нөхцөлийг бий болгож байна.


Зураг 3. 2021 оны 10-р сарын 25-нд Лонг бич/Лос анжелес боомт дээр ачаагаа буулгахаар (шар) дарааллаа хүлээж буй  хөлөг онгоцнууд болон (цагаан) эрэг рүү орохоор хүлээгдэж хөвж буй хөлөг онгоцнууд.

Энэхүү боомт дээрх түгжрэл нь энэ оны сүүл болон 2022 оны эхээр тохиох дэлхий нийтийн томоохон баярын өдрүүдээр бага зэрэг буурах боломжтой хэдий ч энэхүү хөлөг онгоцны саатал, боомтын бөглөрөл дор хаяж 2022 оны 2-р улирал хүртэл үргэлжлэх төлөвтэй байна.


Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ