Чингэлэг удаасны торгууль гэж юу вэ?

        Далайд гарцгүй Монгол Улсын хувьд өөрийн эзэмшлийн хөлөг онгоц болон ачаа барааг гуравдагч орноос далайгаар тээвэрлэхэд ашиглагддаг чингэлэг байхгүй тул  гадны далайн тээврийн компаниудын эзэмшлийн чингэлгийг ашигладаг. Далайн тээврийн компаниуд өөрийн эзэмшлийн чингэлгийг үнэгүй ашиглуулах хоногийг байгууллагынхаа дотоод бодлогын хүрээнд тогтоож, тухайн хугацаа дуусмагц чингэлэг удаасны торгууль, төлбөрийг тодорхой мөчлөгөөр нэмэгдүүлэн нэхэмжилдэг. Чингэлэг удаасны торгуулийг демураж болон дитэйншн гэж дотор нь хоёр  ангилдаг ба энэхүү гадаад нэр томьёог дор тайлбарлан харуулав.

  • Чингэлгийн демураж (demurage)  гэж аль нэгэн далайн тээврийн компанийн эзэмшлийн чингэлгээр, далайн чанадаас ирсэн ачааг захиалагч буюу эцсийн хэрэглэгчид хүргэхээс өмнө тус чингэлгийг ашиглахад зориулан олгогдсон хугацаа дууссан цагаас эхлэх торгуулийг хэлнэ.
  • Чингэлгийн дитэйншн (detention) гэж чингэлгээс ачааг буулгасны дараа хоосон чингэлгийг эзэнд нь буцааж хүргүүлэхээс өмнө тухайн чингэлэгт олгогдсон хугацаа дууссан цагаас хуримтлагдах торгуулийг хэлнэ.

        Дэлхий даяар тархаад байгаа цар тахлаас шалтгаалан 2020 оны эхэн үеэс далайн тээврийн салбар бүхэлдээ ойлгомжгүй, хүндрэлтэй нөхцөл байдалд хүрсэн нь чингэлэг тээврийн компаниуд тогтмол үйлчилдэг шугаман маршрутыг өнжөөх, хэдэн сараар явуулахгүй зогсоосноор хэвийн ажиллаж байсан худалдааны гинжин хэлхээг гацааж, нэг талд барааны хомсдол үүсэж байхад нөгөө талд нь ачааны овоолго, бөөгнөрлийг бий болгосон билээ. 

        Монгол улсын импортын барааны тээвэрлэлтийн дийлэнх хувийг БНХАУ-ын төрийн өмчит компани болох СOSCO компанийн чингэлгийг ашиглан гүйцэтгэдэг бөгөөд тус компани нэгж чингэлгийн тээвэрлэлтийн үнээ ч мөн өсгөөд байна.  Тус компанийн Хонконгд бүртгэлтэй нэгжийн захирал Xu Lirong энэхүү үнийн өсөлтийг тайлбарлахдаа дараах шалтгаануудыг нэрлэв. Үүнд:

  • Боомтууд дээрх чингэлгийн бөөгнөрөл, гацаа, бөглөрөлт;
  • Байгаль, цаг агаарын таагүй хүнд нөхцөл байдал;
  • Хөдөлмөрийн маргаан, ажил хаялт;
  • Ачаа зөөх тээврийн хэрэгслийн жолоочийн хомсдол;
  • Суэцийн сувгийн гацаанаас үүссэн хямрал;
  • Галт тэрэгний хөдлөх бүрэлдэхүүний дутагдалтай байдал;
  • Хамгийн шаардлагатай чиглэлд тээвэрлэн хүргэх ачаанд зориулан гаргах хоосон чингэлгийн хүрэлцээгүй байдал;
  • Терминал, зогсоол, хөлөг онгоцны засварын газрын ариутгал, хорио цээрийн арга хэмжээ;
  • Хөлгийн багийн гишүүд болон боомтын үйлчилгээний ажилтнуудад хамаарах хөл хориотой холбоотой хүндрэл бэрхшээлүүд гэжээ.

        Тус компани нь чингэлгийн эргэлтийг хурдасгах, далайн тээврээс олох орлогоо нэмэгдүүлэх зорилгоор онцын шаардлагагүй газар, удаан хугацаагаар чингэлэг түгжигдэхээс сэргийлэх бодлого баримтлах болсон нь далайд гарцгүй манай улсын импортын ачааг тээвэрлэхэд шаардагдах чингэлгийн хомсдол үүсэхээс гадна олдсон  чингэлгийг үнэгүй ашиглах хугацаа багассанаар дээрх чингэлэг удаасны торгуульд их хэмжээний төлбөр төлөх нөхцөл бий болохоор ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл тус компанийн шинээр баримтлах бодлого Монгол Улсад гуравдагч орноос далайгаар тээвэрлэгдэн орж ирэх импортын ачаа, барааны үнэ өртөгт нөлөөлөхөөр харагдаж байна. Энэ нь зөвхөн манай урд хөрштэй холбоотой асуудал биш бөгөөд дэлхий даяар далайн тээвэртэй холбоотой маш их хүндрэл бэрхшээл гарснаар дэлхийн худалдаа эдийн засаг бүхэлдээ хямарсан байдалтай байна.

 

 

 

ДАЛАЙН ТЭЭВЭР, БООМТ АШИГЛАЛТЫН АЛБА

2021.11.09

Шинэ мэдээ


Үйл явдлын мэдээ