Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар” усан онгоцыг татан гаргах ажиллагаа үргэлжилж байна.
Онгоцыг уснаас татан гаргах ажиллагаа төлөвлөсний дагуу тусгай техник хэрэгсэл ашиглан хийгдэж байгаа бөгөөд онгоцыг хуучин байрлалаас нь хойд зүгт “Нефть бааз”-ын гүүрний чигтээ, эргээсээ 50 метрийн зайд таталт хийж, хөдөлгөөд байна.
Усан дотор өмнө нь хэвтээ байрлалтай байсан онгоцыг босоо байрлалд оруулаад байгаа юм. Ойрын хугацаанд усан онгоцны урд хошууг баруун зүгт буюу эрэг рүү эргүүлж, таталт хийсний дараа их биеийн усыг соруулж, онгоцны өөрийнх нь хөвөх чанарыг ашиглан эрэгт татаж гаргахаар төлөвлөн ажиллаж байна. Усан онгоцны өөрийн жин нь 350 гаруй тонн, удаан хугацаанд лаг шаварт шигдсэн, усан дотор жин нь хэд дахин нэмэгдсэнийг судалгаагаар тогтоосон. Монгол Улсад ийм том хэмжээний техникийг уснаас гаргаж байсан туршлага байхгүй учир ОХУ-ын мэргэжлийн байгууллагаас мэргэжилтнүүдийг урьж, хамтарсан сургалт дадлагыг зохион байгуулж, олон талын судалгааны үр дүнд татан гаргах төлөвлөгөөг боловсруулсан юм.
Уг ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа Далайн захиргаанаас холбогдох мэргэжилтэн, улсын байцаагчийг хяналтын зориулалттай завь техникийн хамт оролцуулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.
Сонирхуулахад, хуучнаар Хөвсгөл усан замын газрын техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилгоор 1956 онд ЗХУ-тай байгуулсан Худалдааны хэлэлцээрийн дагуу “Красный Сормов” үйлдвэрийн зураг төслөөр хийгдсэн БОР-500 маркийн, 400 морины хүчтэй, уурын хөдөлгүүрт, 60 тонн даацтай, 40 хүний суудалтай “Сүхбаатар” онгоцыг Хөвсгөл аймгийн Ханх суманд угсарч ашиглалтад оруулсан түүхтэй.
Техник болон хүчин чадлын хувьд урт нь 43,5 метр, өргөн нь 8-9 метр, өндөр 11,4 метр, их бие 6-10 мм-ийн зузаан төмрөөр хийгдсэн, 20 см зузаан мөсийг зүсч явах боломжтойгоор бүтээгдсэн байдаг.
Энэхүү усан онгоц нь 30 жил ашиглагдахдаа 383,020 км урт замыг туулан 2,924 удаагийн явалтаар 765,2 мянган тонн ачаа тээвэрлэж, худалдан авсан анхны өртгөө 17 дахин нөхсөн судалгаа бий. Тухайн үеийн ЗХУ-аас шатахуун болон бусад бараа, бүтээгдэхүүнийг тээвэрлэн Хөвсгөл, Завхан, Увс, Говь-Алтай зэрэг баруун аймгуудыг хангахад голлох үүргийг гүйцэтгэж байсан усан онгоц юм.
Ашиглалтын хугацаа дуусч ашиглалтаас гарсны дараахан буюу 1986 онд хөлөг онгоцны ёроолоор нь ус орсноос болж эргээсээ 110-120 метр зайд 12-16 метрийн гүнд живээд байсан юм.
Зам, тээврийн хөгжлийн яамны харьяа
Далайн захиргаа